Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “...” улсын дугаартай хуйндай старикс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Эрдэнэсийн сангийн тухай хуулиийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “эрдэнэс” буюу 2 ширхэг, нийт 2730.3 грам жинтэй алт /алтан гулдмай/-г биедээ буюу өмсөж явсан хүрэмний халаас болон түрүүвчиндээ нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотруу гарахдаа зүс таних нэрийг нь мэдэхгүй, 30-40 орчим насны, 165-170 орчим өндөртэй, шар царайтай, буржгар үстэй БНХАУ-ын иргэн Өвөр монгол хүн 2 ширхэг ESSE /эссэ/ тамхины хайрцагтай зүйл өгсөнийг нь аваад Монголын хил дээр очоод машинаа шалгуулж байсан чинь гаалийн байцаагч З.Б нь миний цүнхийг шалгаад тухайн БНХАУ-ын иргэний өгсөн 2 ширхэг ESSE /эссэ/ тамхины хайрцагтай зүйлийг гаргаж ирээд задлахад 2 ширхэг метал эд зүйл байсан. Надад  эд зүйлээ хүлээж авсаныхаа дараа 600 юань өгнө гэж хэлж байсан бөгөөд Хятадын хил дээр очиход чинь амдаад байж байя би чамруу ... дугаараас залганаа гэж хэлээд миний ... дугаарыг тэмдэглэж аваад үлдсэн...Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107/,

- Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Монгол банк нь Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт гадаад валют, улсын нөөцийг эзэмших удирдах эрхтэй цорын ганц, төрийн байгууллага юм. Гадаад валютын зохицуулалтын тухай хуулийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөжсөн алт болон түүний валютын үнэт зүйлс хамаардаг. Иймээс Монгол банкны бүрэн эрхийн хүрээнд Улсын хэмжээнд бүх валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авдаг. Иймд Монгол банк аливаа алт болон түүний үнэт металлыг эрдэнэсийн сандаа хадгалж холбогдох хуулийн дагуу зохицуулж арвижуулах, гүйлгээнд гаргах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Ийм учраас энэ эрх үүргийнхээ дагуу хураагдсан алтыг Монгол банкны Эрдэнэсийн санд шилжүүлэх нэхэмжлэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 /,

- Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр АЗШНЦ-1 хуваарийн дагуу Монгол Улсаас гарах чиглэлд гадаа тээврийн хэрэгсэл шалгаж байх үед ... улсын дугаартай хар өнгийн старикс маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дуусаад тухайн авто машины жолооч Г.Г-н үүрч байсан гар цүнхийг өргөж үзэхэд хүнд байсан тэгээд дотрыг нь үзсэн чинь хэтэвчин дотор нь тамхины хайрцагтай хатуу метал зүйл байсан, тэгээд дотогшоо орж байгаад тухайн хүний биед үзлэг хийхэд энгэрийнх нь халааснаас мөн тамхины хайрцагтай ижил зүйл гарч ирсэн тэгээд тухайн тээврийн хэрэгслийг нарийвчлан рентгенээр оруулж шалгасан, мөн бусад зорчигч нарт нь биет шалгалт хийхэд өөр зүйл илрээгүй. Тухайн эд зүйлийн талаар гаальд мэдүүлээгүй байсан, мэдүүлсэн байсан ч улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй, шалгуулах шаардлагатай байдаг. Тухайн эд зүйлийн талаар тайлбарлахдаа “энэ дээж байгаа юм хүн өгч явуулсан юм” гэж хэлж байсан. Тухайн металл эд зүйлийг тамхины хайрцагт хийж давхар хэтэвчиндээ хийсэн байсан нь нууж байгаа хэрэг байх шалгуулахаас зайлсхийсэн асуудал бол байгаагүй. Замын-Үүд дэх гаалийн лабораториос жин авчирч жинлэсэн. Жинлэхдээ 1,2 гэж дөрвөлжин хэлбэртэй цаас хажууд нь тавьж харьцуулж жинлэсэн. Тухайн үед стандартчилал хэмжил зүйн баталгаатай 30 кг-ийн даацтай электрон хилээр жинлэсэн. Алт эрдэнэс зориулагдсан нарийвчлагдсан жингээр жинлээгүй. Хүнсний зориулалттай жингээр жинлэсэн. Тухайн өдөр ажлын хэсэг байгуулагдаж гаалийн зөрчилтэй тэмцэх албанаас томилогдсон алба хаагч нар тухайн өдрийн орой Гаалийн ерөнхий газрын төв лабораторлуу нарийвчласан шинжилгээ хийхээр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн авто машин нь миний эзэмшлийн авто машин мөн, С болон Г нарт 2019 оны намар сар өдрийг нь тодорхой санахгүй байна түрээсээр өгсөн машин байгаа юм. Бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

- Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Г гэх хүнийг танина. Манай нөхөр байгаа юм. Бидэнд одоогоор гэр бүлийн баталгаа байхгүй. Би хуульд заасан эрхтэйгээ танилцлаа, би хуульд заасан эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 43/,

- Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед дугаарууд авч БНХАУ-ын Эрээн хотын “мин-31” захын үүдэнд байдаг гар утсаар яриулдаг жижиг дэлгүүрт бөөндөж өгч зардаг байсан. Уг дугааруудыг Замын-Үүдийн юнителийн салбараас авч байсан. Нэг авахдаа 20-н дугаар авч зардаг байсан ба ... гэсэн дугаарыг мэдэхгүй байна багцаар нь аваад бөөндөөд  өгчихдөг болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 51-53/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/,

- Эд мөрийн баримтаар  тооцох тухай тогтоол /хх-ийн 38/,

- Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх-ийн 28-29, 55/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21  /,

- Монгол банкны Эрдэнэсийн санд Эрүүгийн цагдаагийн газраас алтан гулдмай хүлээн авсан тухай акт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62-63/,

- Монгол банкны алтны үнэлгээ тогтоосон албан бичиг “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 килограмм алт 127,533.30 төгрөг, нийт 302,054,969.05  төгрөг“ гэсэн /хх-ийн 58-59 /,

- Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хилээр орсон гарсан лавлагаа /хх-ийн 82-86, 91-92 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г нар нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмсөж явсан хүрэмний халаас болон түрүүвчиндээ “эрдэнэс” буюу 2 ширхэг нийт 2730.3 грамм жинтэй алтан гулдмайг нууж Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хятад улс руу гаргахаар авч явж байсныг гаалын хяналт шалгалтаар илрүүлсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан эскспортод гаргаж болно гэж,

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ, 2-т “үнэт металл” гэж алт, мөнгө…хэлнэ гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн агуулгаас үзэхэд алтыг олборлогч этгээд Монгол Улсын хилээр гаргаж болохоор байх бөгөөд шүүгдэгч нь үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш тул алтыг гадаад улсад экспортлох эрхгүй гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг эрдэнэс буюу алтыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ эрдэнэс буюу нийт 2730.3 грам жинтэй алт /алтан гулдмай/-г биедээ буюу өмсөж явсан хүрэмний халаас болон түрүүвчиндээ нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч З.Б-н “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр АЗШНЦ-1 хуваарийн дагуу Монгол Улсаас гарах чиглэлд гадаа тээврийн хэрэгсэл шалгаж байх үед ... улсын дугаартай хар өнгийн старикс маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дуусаад тухайн авто машины жолооч Г.Г-н үүрч байсан гар цүнхийг өргөж үзэхэд хүнд байсан тэгээд доторыг нь үзсэн чинь хэтэвчин дотор нь тамхины хайрцагтай хатуу метал зүйл байсан, тэгээд дотогшоо орж байгаад тухайн хүний биед үзлэг хийхэд энгэрийнх нь халааснаас мөн тамхины хайрцагтай ижил зүйл гарч ирсэн тэгээд тухайн тээврийн хэрэгслийг нарийвчлан рентгенээр оруулж шалгасан... Тухайн металл эд зүйлийг тамхины хайрцагт хийж давхар хэтэвчиндээ хийсэн байсан нь нууж байгаа хэрэг байх...” гэсэн мэдүүлэг,  Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр “уг дээжүүд нь алт 66,68%-83,53%, мөнгө 14,58%-22,58% агуулсан гулдмай байна” гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 2730.3 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөрдөгчийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн тогтоолоор ... улсын дугаартай Hundai Starex маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ба уг тээврийн хэрэгсэл нь иргэн С.Б-н өмч болох нь тогтоогдож байх тул мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай Hundai Starex маркийн тээврийн хэрэгслийг С.Б-т олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Г.Г-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 302,532,073.35 төгрөгний үнэ бүхий нийт 2730.3 грамм алтыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар мөрдөгчийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай  Hundai Starex маркийн тээврийн хэрэгслийг иргэн С.Б-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.Н