Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           29                                       2020/ШЦТ/101

 

 

 

                                

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа, Б.Төгөлдөр,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.З-, Д.Н- тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, М.Шаравнямбуу,

хохирогч М.М- түүний өмгөөлөгч Я.Баатар,

хохирогч Т.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын З-, Б овогт Д-ын Н- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905023881219 дугаартай хэргийг хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “...... ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл... , эхнэр ... хүүгийн хамтаар ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 797 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б-ын З-

 

  Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “......... ” ХХК-д технологийн ерөнхий менежер ажилтай, ам бүл.. , ...... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн  2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Д-ын Н-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.З-, Д.Н- нар нь бүлэглэн  2019 оны  05 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Melody” цэнгээний газарт  нийтийн хэв журмыг зөрчиж иргэн М.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.З- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М- мэдүүлэхдээ: “Тухайн үед караокеноос гарах гээд байж байхад нэг эмэгтэй байж байсан. Гарах гээд явж байсан чинь цагаан цамцтай залуу лангууны тэнд зогсож байсан. Би ач холбогдол өгөөгүй. Шатан дээр Э-, З- нар зогсож байсан. Анх намайг түлхэж унагаасан залуу нь Нарангэрэл. Тухайн үед Б- гээд эмэгтэй явж байсан. Би үндэсний хувцастай явж байсан чинь намайг яасан үндсэрхэг юм бэ гээд шатны уруу цохиж унагаасан. Би дайрч доромжлоогүй. З- намайг ард талаас цохиж унагаасан. Би тухайн үед эдгээр хүмүүсийг барахгүй гэдгээ мэдсэн. Би эдгээр хүмүүст явъя гэж хэлтэл намайг зодсон хэвээрээ байсан. Тухайн үед эдгээр хүмүүсийн гараас амьд гаръя гэж бодсон. Миний өмд норсон байсан. Намайг ална гээд дайраад байсан хүмүүс өрөө рүү ороод ирэхээр намайг алчих юм шиг мэдрэмж төрсөн. Өрөөнөөс гарахад хоёр том залуу намайг бариад авсан. Би зодуулсан хэвэндээ явсаар байгаад лангууны ард очсон. Удаан зодуулаад өвдөлт мэдрэхээ больсон. Айсандаа лангууны буланд шигдээд байж байтал Нарангэрэл надаас уучлалт гуйсан. Цагдаа ирсэн байхад Э- намайг зодсоор байсан. Анх шүүх эмнэлэг дээр үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Хамар хугарсан, шүд асуудалтай мэдрэлийн судсууд асуудалтай байсан. Юм идэж чадахгүй байдалтай байсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа би байгаа газраа хэнд ч хэлээгүй. Төрсөн ээждээ хүртэл хэлээгүй байхад Баярбат гэх хүн миний хэвтэж байгаа эмнэлгийн гадна байгаад байгаа нь надад сэтгэлийн том дарамт байсан. Би байцаагч руу яриад та яагаад миний хэвтэж байгаа эмнэлгийг хэлж байгаа юм бэ гэсэн. Энэ хоёр яаж мэдсэн юм мэдэхгүй. Халаасандаа гараа хийсэн байдалтай эмнэлэг дээр ирээд өрөөнд орж ирсэн. Ярилцъя ямар санаа оноо байна гээд байсан. Би өмнөх стресс арилаагүй байна, ядаж хөл дээрээ тогтоодохъё гэж хэлсэн. Дараа нь эмнэлэг дээр үл таних гурван залуу ирсэн. Манай хаалгыг нүдээд ухаантай байгаарай буруу үйлдэл битгий хийгээрэй гээд дарамтлаад байсан. Эмнэлгийн эмч нарт санал тавиад аюулгүй байх талаас арга хэмжээ авсан. Эмч нар арай гэж энэ хүмүүсийг гаргалаа гэж хэлсэн. Цагдаа сануулаад явсан. Энэ хэргээс хойш 1 удаа уулзсан. Надад учирсан хохирлын тухайд би эрүүл мэндээрээ хохирсон. Одоо миний нүдэнд зураас гүйдэг болсон. Даралт ихэсдэг, хиймэл шүдтэй явж байгаа. Гэмтэлтэй холбоогүй гэмтэл учирсан. Сар юм идэж чадаагүйгээс болоод дотор эрхтнүүд маань муудсан. Би баримтаар баталгаажуулсан 6.430.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, цалин хөлс зэргийг нэхэмжилмээр байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.С- мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ажилтай болчихоод эгчийгээ караокед ажиллаад өгөөч гэж гуйсан байсан. Гэтэл шөнө 2 цагийн үед ганц өрөөтэй байна гэхээр нь тэр өрөөгөө гаргачихаад хаагаарай гэж хэлсэн. 3 цагийн үед эгч маань дахин залгаад энд зодоон болоод байна гэж хэлсэн. Эгчээсээ юу болсныг сонсоод цагдаад мэдүүлэг өгсөн. Өөрөө байгаагүй учраас тухайн үед яг юу болсныг сайн хэлж чадахгүй байна. Манай байгууллагын зүгээс хохирсон зүйл байхгүй. Өөр хүмүүс байгаагүй болохоор хаах гэж байхад өрөө асууж орж ирээд уг асуудал болсон байсан. Эвдэрсэн зүйл байхгүй гомдол саналгүй” гэв.

 

Шүүхээс гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт:

          Шүүгдэгч Б.З-, Д.Н- нар нь бүлэглэн  2019 оны  05 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Melody” цэнгээний газарт  нийтийн хэв журмыг зөрчиж иргэн М.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч М.М-ын “Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Melody” нэртэй караокед М- гэх эмэгтэйн хамт ороод удаагүй гарахаар болж хамт ажилладаг М-ийг дуудаад ирэхээр нь М-ийг караокены өрөөнд үлдээгээд явах тухайгаа хэлээд би түрүүлээд гарах үед миний ард М- 1-2 метрын зайд алхаж шатаар дээшээ гарах үед өөдөөс халзан толгойтой хар бараан хувцастай, нөгөөх нь гартаа шилтэй виски барьсан дээгүүрээ улаан өнгийн майк өмссөн 2 залуу гаднаас чанга чанга ярилцаад шатаар буух гэж байгаад миний өмнө хоёулаа зам хаагаад явуулахгүй янз бүрээр өдөөд, хоргоохоор нь би найзуудаа би одоо явах гэж байна, та нар орж үйлчлүүл, би явчихъя бидэнд муудалцах шалтгаан байхгүй гэхэд ямар үндсэрхэг залуу бэ чи, хаагуур нь гармаар байна, гэж хэлээд миний цээжин тус газар вискины шил барьсан залуу нь гараараа цохихоор нь би шатны уруу хойшоо болоод буугаад би одоо явчихъя даа гэхэд дотор байсан цагаан цамцтай залуу миний араас баруун эрүүний орчим нэг удаа цохиод би тэр дороо газар ухаан балартаж унаад босох гээд чадахгүй байхад анх шатаар гарах үед гаргахгүй байсан 2 залуу бууж ирээд вискины шил барьсан залуу нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд миний ухаан балартаж хэн, хэн намайг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тал талаас намайг цохиод байхад бармен эмэгтэй хүн аллаа гэж хашгирах үед би текны ард ороход намайг уучлаарай гэж вискины шил барьсан залуу тэврээд за уучлаарай, бид нарын буруу гадна 8 залуутай маргалдаад чамайг андуурсан байна гэж хэлэх үед миний ухаан балартсан байсан. Тэгээд би ямарч байсан энэ хүмүүсээс амьд гарах хэрэгтэй гэж бодоод караокены өрөөнд орох үед наадахыг чинь дуусгая гэж араас хэлэхээр нь би айсандаа шууд ороод хаалгаа татаж хаасан. Намайг өрөөнд орох үед М- өрөөний гадна байсан. Тэгээд би өрөөний хаалгыг дотор талаас татах үед гаднаас нөгөө хэдэн залуучууд татаж байгаад өрөөнд гурвуулаа орж ирээд шууд тал талаас зодоод эхлэхээр нь би толгойгоо 2 гараараа хамгаалж доошоо болоод нэлээд зодуулсаны дараа гарах гээд урагшаа болж караокены өрөөнөөс гарах үед халзан толгойтой залуу миний араас татаж нөгөө 2 бүдүүн залуу нь толгой руу гараараа цохисон хэвэндээ байсан. Тэгээд ухаан балартаад нэг сэргэсэн чинь цагдаа ирчихсэн байж байсан. Тэгээд цагдаагийн хажууд намайг бас цагаан цамцтай залуу нүүрэн тус газар цохиж унагааж миний ухаан бас балартаж нэг сэргэсэн чинь гадаа М-ийн машинд сууж байсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт М-тай хамт явж үзүүлсэн.

          ... Одоогийн байдлаар 3.000.000 гаран төгрөгний эмчилгээний зардал гараад байна. Цаашид ямар эмчилгээнд хэдэн төгрөгний зардал гарахыг одоо хэлж мэдэхгүй байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас  27-29 дүгээр хуудас/

          ... Тэр өдөр найз М- болон найз охин М- нарын хамтаар явсан. Миний хувьд учирсан гэмтлийн улмаас гарч байгаа бүх зардлаа нөхөн барагдуулмаар байна. Тийм учраас би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 32-33 дугаар хуудас/

          Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт гэвэл нэмэлт шинжилгээ хийсэн Ж.Ганцэнгэл эмч урд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэвээр гаргасан асуудалд гомдолтой буюу хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний биед өөрт учирсан гэмтлийн улмаас 1 сар гаран эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн баримтаа явуулсаар байхад өмнөх шинжээчийн дүгнэлтийг хэвээр гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүрэлдэхүүнтэй шинжжэч томилуулах хүсэлт гаргаж байна.

          ... Би одоог хүртэл ажил хөдөлмөөрөө эрхлээгүй байгаа. Өөрт учирсан гэмтлийн улмаас одоог хүртэл эмчилгээ хийлгэсээр байгаа бөгөөд миний даралт одоо байнга өсөөд байдаг болсон байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

          Хохирогч Т.С-ын “... Би тэр шөнө өөрийн ажиллуулдаг караокед байгаагүй. Тэр шөнө манай караокед Б- гээд эгч маань ажиллаж байсан. Би тэр шөнө манай караокед болсон хэргийн талаар мэдсэн байгаа. Тэр шөнө болсон хэргийн талаар манай эгч Б- надтай утсаар ярьж мэдэгдсэн байгаа. Тэр шөнө манай караокеноос алдагдсан болон эвдэрсэн, гэмтсэн зүйл байхгүй. Харин манай караокед үйлчлүүлж байсан залууд их муухай зүйл болсон байх шиг байсан. Тэр явдлаас болж манай эгч Б- нилээн айсан байсан. Тэгээд тэр шөнөө над руу залгаад болж байгаа явдлын талаар яриад байсан.

          .. .Надад болон манай караокены зүгээс гаргах  гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 192-193 дугаар хуудас/

 

          Насанд хүрээгүй хохирогч Ш.М-ийн “Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны орой 19 цаг өнгөрч байхад өөрийн найз М-тэй уулзаад Тэнгис кино театрт кино үзчихээд цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унаж байхдаа найз залуу М-тай хаана байгаа талаар нь асууж гар утсаар ярьтал М- 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шөнө 00 цаг өнгөрөөд ажил нь дуусна, тэгээд намайг байгаа газраас ирж авна гээд утсаа тасалсан.

          ... Тэгээд бид гурав караокед 1 шил Eden  нэртэй граммыг нь санахгүй байна, архи ус ундаатай аваад байж байтал М-ын найз М- ирсэн. Тэгээд бид дөрөв караокед захиалсан юмаа аваад удаагүй дуулаад нилээн удсан шиг санагдаж байна, тэгэж байтал М-, М- нар гараад ирье гээд гарсан. Тэгээд тэр хоёр гараад нилээн удсан боловч орж ирэхгүй байхаар нь би  М-, М- нарыг яасан юм бол гээд караокены өрөөнөөс гартал караокены үүдний зааланд  М- танихгүй 3 залууд зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэр үед би нөгөө 3 залууд та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь цагаан цамцтай залуу нь чамд хамаагүй, зайл гичий минь гэж хэлээд түлхэж унагаасан. Тэгээд тэр цагаан цамцтай залуу намайг түлхэж унагачихаад хоёр найзтайгаа нийлээд М-ыг газар ухаангүй хэвтэж байхад дахиад зодоод байсан. Тэгээд би газраас босоод М-ыг арай гэж танихгүй 3 залуугаас салгаад караокены өрөөнд оруулсан. Тэгээд би өрөөнд байсан найз М-йн хамтаар өрөөнөөс гарч нөгөө 3 залуутай уулзан та нар яаж байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө 3 залуугийн цагаан цамцтай залуу нь чамд хамаагүй гичий минь гэж хэлээд дахин миний үснээс зулгаар газар савж унагаасан. Тэр үед нөгөө 3 залуу бид нарын байсан өрөө рүү М-ыг энэ мууг гүйцээчихье гэж хэлээд орсон. Тэр үед би газраас босоод М-ийн хамтаар өрөө рүүгээ орсон чинь М-ыг нөгөө 3 залуугийн цагаан цамцтай залуу нь архины шилээр дахиад зодож байхаар нь би очоод салгах гэтэл нөгөө цагаан цамтай залуу гартаа барьсан архины шилээрээ миний хамар орчим нэг удаа цохисноос болж миний хамарнаас цус гараад би өрөөнөөс гарч шууд цагдаа дуудахаар гарсан чинь М-ын найз М- караокены гадаа зогсож байхаар нь чи оролдоо өрөөнд М-ыг танихгүй 3 залуу алах гээд байна ш дээ гэсэн чинь М- би цагдаад дуудлага өгч байна гэсэн. Тэгээд би М-тай уулзчихаад буцаад караокеруу ортол караокены үүдний хэсэгт М-ыг нөгөө 3 залуу нийлээд зодож байхаар нь би буцаад караокеноос гарч цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би дагаад ортол нөгөө цагаан цамцтай залуу караокены текний ард орчихсон. М-ыг дахиад зодчихсон зогсож байсан. Тэгээд надтай орсон цагдаа гадна өөр цагдаа нар ирсэнээр бид нарыг хэлтэс дээрээ хүргэн ирж өргөдөл гаргасан.

          ... Надад бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр 205-206 дугаар хуудас/

 

          Гэрч Т.Э-ын “Тухайн өдөр буюу би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул манай 2 найз Нарангэрэл, З- нар тэмдэглэхээр болоод бид 3 Stella диско бааранд ороод манай 2 найз надад дандаа виски авч өгч байсан. Тэгээд миний сэтгэл хөөрөөд тасарсан. Би яг хэдэн цагт хаанаас гараад хаана очсон эсэхээ мэдэхгүй. Нэг мэдсэн чинь нэг караокед орчихсон нэг залуу караокены өрөөнөөс нүүр нь цус болчихсон Нарангэрэл, З-оо хоёртой зууралдаад байхаар нь би араас нь салгах гээд хувцаснаас нь татаад байх шиг байсан. Тэгтэл 2 цагдаа орж ирээд бид нарыг аваад цагдаагийн хэлтэст ирэхэд би юу болоод байгаа талаар арай ухаан орсон. ... М-ыг цохисон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44 дүгээр хуудас/

 

          Гэрч Г.Б-ын “2019 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад өөрийн дүү Т.С-ын түрээслэн ажиллуулдаг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Melody нэртэй караокед түр ажиллаж байхад манай караокены 6 номерын өрөөнд 2 эмэгтэй, 2 эрэгтэй үйлчлүүлж байснаас өөр хүн байгаагүй.

          ... Тэгээд би 2 номерын өрөөнөөс караокены заал руу гартал манай караокены гаднаас  орж ирдэг хаалганы шатаар нэг эрэгтэй хүн өнхөрөх шахуу ороод ирсэн бөгөөд тэр хүний араас нэг хүн наадхаа алаадхаач гэлүү, юу гэлээ нэг юм хэлж байсан. Тэр үед наана нь манай караокены зааланд зогсож байсан цагаан өнгийн хувцастай махлагдуу залуу баруун гараараа нэг удаа, шатаар өнхөрөх шахуу орж ирсэн залуугийн нүүр орчим цохисон. Тэгээд би тэр явдлыг хараад жоохон сандраад юу болоод байгааг ойлгохгүй байж байтал нөгөө шатаар өнхөрч орж ирээд  танихгүй залууд цохиулсан залуу өөрийнхөө байсан 6 номерын өрөө рүү орсон. Тэр үед 6 номерын өрөөнд байж байгаад манай караокены шатаар өнхөрч орж ирэн, цохиулсан залуутай хамт явсан нэг эмэгтэй, цагаан цамцтай залуу болон хамт явсан нүцгэн биетэй махлаг биетэй залуу, улаан өнгийн цамцтай залуу нартай үүдэнд ярилцаад байх шиг байсан.Тэгээд яасан юм мэдэхгүй нөгөө үүдэнд хоорондоо ярилцаж байсан хүмүүс манай караокены 6 номерын өрөө рүү орчихсон юм шиг байсан. Тэр үед нь би сандраад бас текний ард орсон байсан болохоор хэзээ яаж тэр 6 номерын өрөөнд хүмүүс орсон талаар хараагүй. Тэгээд удаагүй байтал нөгөө 6 номерын өрөөнөөс нэг эмэгтэй хүн аймар орилоод хамар хугалчихлаа гээд гарч ирэх үед тэр 6 номерын өрөөнөөс шил хагарах чимээ гарсан. Тэр үед би текнээс гараад 6 номерын өрөө рүү явж байтал миний өөдөөс анх шатаар өнхөрч орж ирэн, цагаан цамцтай залууд цохиулсан залууг нөгөө нүцгэн биетэй залуу болон зааланд цохидог цагаан хувцастай залуу нар нийлчихсэн хувцаснаас нь чирээд гарч ирсэн. Тэгээд тэр хоёр залуу нөгөө залууг чирж гарч ирээд нийлээд зодож байхад нөгөө зодуулж байсан залуу өөрийг нь зодож байсан 2 залуугаас салаад миний хажуугаар гаран, манай текний араар орсон. Тэгээд тэр залуу текний араар орчихоод манай архинаас аваад өөрийгөө хамгаалах гээд байх шиг байсан бөгөөд тэр үед 4 номерын өрөөнд орон цагдаад дуудлага өгчихөөд гараад иртэл манай караокед гаднаас хоёр цагдаа ороод ирсэн. Тэгээд тэр цагдаа нар манай караокед зодоон хийсэн залуучуудыг аваад явсан.

          Миний харсанаар бол анх шатны дэргэд цагаан цамцтай залуу, хохирогч залууг шатаар ороод ирэнгүүт нэг удаа цохисон. Харин сүүлд 6 номерын өрөөнөөс гарч ирэхдээ нүцгэн биетэй залуу болон цагаан цамцтай залуучууд хохирогчийг хоёулаа нийлээд цохиод байх шиг байсан бөгөөд би тэр үед болж байгаа асуудлыг хараад маш их айсан болохоор харж байсан мөртлөө тодорхой зүйл мэдэхгүй байгаа юм.

          ... Тэр улаан өнгийн цамцтай залуу бол ямар нэгэн хүний биед халдаагүй. Харин би тэр залуу цагдаад дуудлага өглөө гэсэн чинь тэр залуу надад эгчээ цагдаа дууд дууд гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 47-48 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6601 дугаартай:

          “1. М.М--н биед дух, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 55 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1063 дугаартай:

          “1. Хохирогч М.М--н биед дух, тархи доргилт, хамрын ясны хугарал,  баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1  шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл, 5-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. М.М- нь Лазер мед эмнэлэг 2019.05.28-ны өдөр, Мед траума эмнэлэгт 2019.06.04-ний өдөр шинжилгээ хийлгэсэн, Гунгаа шүд, эрүү нүүрний эмнэлэгт 2019.06.11-ний өдөр үзүүлсэн тодорхойлолт, ГССҮТ, Эм би жи эмнлэг, Сөүл эмнэлэг зэрэгт хэвтэр эмчилгээ хийлгэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          2. Өмнөх шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөхгүй болно.

          3. Хохирогч М.М-ын биед учирсан гэмтэл тус бүр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 109 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1155 дугаартай:

          “1. М.М-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух,  баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний зовхи, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, уруулд шарх, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл, 5-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. ШЭГЗТЖ-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

          5. Дээрхи гэмтлийн улмаас хөдөлгөөн хязгаарлагдсан албадмал байдал үүсээгүй байна. Шүдний гэмтлийн улмаас юм идэж чадахгүй байсан байж болох ба энэ нь 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэхгүй.

          6. Дээрхи гэмтлийн улмаас шокод орсон гэх байдал тогтоогдохгүй байна.

          7. Хошного орчмын  идээт үрэвсэл нь гэмтлийн бус гаралтай эмгэг өвчин болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 119 дүгээр хуудас/

 

          Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “...улаан өнгийн 4gb flash 1 ширхэг, саарал өнгийн 1 ширхэг CD-г баримтыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр хуудас/

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... СH04 2019/05/28 03:34:14 дэлгэцэнд тус караокены шатаар цагаан өнгийн цамцны энгэр задгай дотуураа цагаан өнгийн фудволк, саарал өнгийн өмд, хар гутал, өмссөн эрэгтэй зүүн гартаа шилтэй зүйл барьчихсан махлаг эрэгтэй /дүрсийг ялгах зорилгоор 1 гэж дугаарлав/ орж ирээд текэнд ирж бармен /дүрсийг ялгах зорилгоор 2 гэж дугаарлав/-тай юм ярилцаж зогсох үед CH02 дэлгэцэнд гадна хэсэгт дээгүүрээ хувцасгүй, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй /дүрсийг ялгах зорилгоор 3 гэж дугаарлав/ нь халзан толгойтой, улаан өнгийн фудволк, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй /дүрсийг ялгах зорилгоор 4 гэж дугаарлав/-д түшүүлэн орж ирж байгаа бичлэг байв.

          ...CH04 дэлгэцэнд 2019/05/28 03:25:28 5 гэж дугаарласан эрэгтэй шатаар бууж ирэх үед араас нь 3 гэж дугаарласан эрэгтэй ирэх үед 1 гэж дугаарласан эрэгтэй 3 гэж дугаарласан эрэгтэй баруун талаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаах үед цагаан цамц, хар бараан өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй, /дүрсийг ялгах зорилгоор 7 гэж дугаарлав/ ирж 3 гэж дугаарласан эрэгтэйг 7 гэж дугаарласан эмэгтэй бариад холдуулах үед 4 гэж дугаарласан эрэгтэй шатаар бууж ирэх үед 5 гэж дугаарласан эрэгтэйг 7 гэж дугаарласан эмэгтэйн хамт караокены үүдний хэсэгт очиж 5 гэж дугаарласан эрэгтэй рүү дайрч давшилж байхад хажууд өрөөнөөс бараан өнгийн цагаан судалтай цамцтай эмэгтэй /дүрсийг ялгах зорилгоор 8 гэж дугаарлав/ хаалгаар шагайж байгаад гарч ирэх үед 5,7 гэж дугаарласан хүмүүсийн өрөөнөөс өвдөгөө хүрсэн хар цув, хар тубль, цайвар өнгийн жижиг цүнх үүрсэн эмэгтэй / дүрсийг ялгах зорилгоор 8 гэж дугаарлав/ гарч ирэв. Бичлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд 8 гэж дугаарласан эмэгтэйн хажууд буюу караокены өрөөний хаалганы гадна хэсэгт 1,3 гэж дугаарласан хүмүүс очиход 4 гэж дугаарласан эрэгтэй текний орчим зогсох үед караокены өрөөнөөс 7 гэж дугаарласан эмэгтэй гарч ирж 1,3,7,8 гэж дугаарласан хүмүүс хоорондоо ярилцаж байв.

          CH03 дэлгэцэнд 2019/05/28 03:28:00 тус караокены өрөө рүү 1 дугаарласан хүн орох гэж байгаа үйлдэл хийх үед 7 гэж дугаарласан эмэгтэй татаж 1 гэж дугаарласан эрэгтэй өрөөнд орох үед 3 гэж дугаарласан эрэгтэй араас нь орж үүдний хэсэгт 4 гэж дугаарласан эрэгтэй үлдэх үед өрөөнөөс 7,8 гэж дугаарласан хүмүүс гарч ирэх үед 2 гэж дугаарласан хүн өрөөний хаалганы гадна талд очив. 2 гэж дугаарласан хүнийг очих үед караокены өрөөнөөс 1,3 гэж дугаарласан хүмүүс 5 гэж дугаарласан хүнийг толгойн тус газарт нь ээлжлэн баруун гараараа  цохих үед 4 гэж дугаарласан хүн дундуур орж 5 гэж дугаарласан хүнийг татаж ямар нэгэн цохих үйлдэл хийхгүй байгаа бичлэг байв.

          СН04 дэлгэцэнд 2019/05/28 03:28:03 1,3 гэж дугаарласан хүмүүсээс 5 гэж дугаарласан хүн салаад текний араар оров.

          СН04 дэлгэцэнд 2019/05/28 03:29:43 1,3 гэж дугаарласан хүмүүс текний арын хэсэгт орох үед СН01 дэлгэцэнд 5 гэж дугаарласан хүн баруун гартаа шилтэй зүйл барих үед 1,3 гэж дугаарласан хүмүүстэй ямар нэгэн зүйл ярьж бичлэг 2019/05/28 03:29:59 дуусав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 125-132 дугаар хуудас/

 

          Д.Н-ийн яллагдагчаар өгсөн “Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би өөрийн найз З-ийн хамтаар хохирогч залууд учраад байгаа зардлыг барагдуулах болно. Мөн согтуурсан үедээ үйлчлүүлэх гэж байсан караокены үйл ажиллагааг алдагдуулсан асуудалдаа уучлалт гуйсан байгаа. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 178 дугаар хуудас/

 

          Б.З-ийн яллагдагчаар өгсөн “... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 183-185 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримт болох хохирогч М.М-, Т.С-, насанд хүрээгүй хохирогч Ш.М-, гэрч Г.Б-, Т.Э-, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч  Б.З-, Д.Н- нар нь “Melody” цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч М.М-ыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулахдаа олон нийтийн газар зориудаар үйлдэж, нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлэн уг байгууллагын хэвийн үйл ажиллагаа, мөн тус газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ш.М-ийн биед халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Б.З-, Д.Н- нар нь бүлэглэн  2019 оны  05 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Melody” цэнгээний газарт  нийтийн хэв журмыг зөрчиж иргэн М.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас хохирогч М.М-д 5.938.086 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан бөгөөд шүүх хохирлыг тооцохдоо өдөр тутмын зардал болох хүнс болон автомашины хэрэгцээнд зарцуулсан бинзений төлбөрийг хасч тооцов.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд хуралдааныг завсарлуулж шүүгдэгч Б.З-, Д.Н- нар тус бүр 3.000.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөг төлж барагдуулсан талаар Хаан банкны харилцагч Баярцогтын З-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болох баримтыг хуралдаанд гарган өгсөн, хохирогч М.М- уг төлбөрийг хүлээн авсан талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.З-, Д.Н- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, М.Шаравнямбуу нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, ...тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.З-, Д.Н- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

 

Шүүх, шүүгдэгч Б.З-, Д.Н- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын З-, Б овогт Д-ын Н- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Д.Н-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.З-, Д.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З-, Д.Н- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Б.З-, Д.Н- нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.З-, Д.Н- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.З-, Д.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.З-, Д.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ