Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

  

   2020           02           11                                       2020/ШЦТ/152

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Т.Л-, Г.Э- тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Т-ын Л-, Б овогт Г-ын Э- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905040911266 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

               Монгол Улсын иргэн, ...  оны ...  дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо .... хороолол .... тоотод оршин суух,

          Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 09 сарын 30-ны өдрийн 642 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Т-ын Л-.

                 

               Монгол Улсын иргэн, ....  оны ... дүгээр сарын ... -ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ам бүл..., ........... дүүргийн ... дугаар хороо ....тоотод оршин суух,

               Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийг баримтлан  эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 1 хоногийн ялын 9 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасч үлдсэн 1 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг эдлүүлж, 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

               Баянзүрх дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

               Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 18 хоногийн хугацаагаар хорих ялын хугацаанаас өмнөөс тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2017/БХШЗ/09 дугаартай захирамжаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил болгон дүйцүүлэн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсанБ овогт Г-ын Э-

 

 

          Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Л- нь Г.Э-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 43 дугаар байрны 1 давхарын шатны доод талын 00 тоот орон байранд нэвтэрч Huawei 6 загварын гар утас, KORIO TTR бичиглэлтэй израйль брэндийн гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.О-д 538.100 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э- нь Т.Л-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 43 дугаар байрны 1 давхарын шатны доод талын 00 тоот орон байранд нэвтэрч Huawei 6 загварын гар утас, KORIO TTR  бичиглэлтэй израйль брэндийн гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.О-д 538.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажилд орох гээд явж байгаад Лхагвасүрэнтэй таараад хогын бункер лүү очоод 2 ууттай хог байсан тэрийг л үзсэн. 2 эмэгтэй орц руу орох үед цуг ороод буланд зогсож байгаад буцаад гараад ирсэн чинь Лхагвасүрэн байхгүй болсон байсан. Тэгээд гадаа сүүгээ бариад зогсож байхад Лхагвасүрэн гараад ирсэн. Тэгээд бид 2 цаашаа Хархорин зах дээр очоод сүүгээ зарах гээд явж байсан чинь Лхагвасүрэн гар утас үзүүлсэн. Тэгээд энэ юун утас вэ гэхэд жижүүрийн байрнаас авсан гэж хэлсэн. Бид 2 үгсэн тохирсон зүйл байхгүй. Би үнэхээр утас авсныг мэдээгүй. Хохирогч гар утсаа лизингээр авсан гэсэн боловч лизингээр авснаа нотлох бичиг баримт нь  хавтаст хэрэгт байдаггүй” гэв. 

 

Шүүгдэгч Т.Л-, Г.Э- нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 43 дугаар байрны 1 давхарын шатны доод талын 00 тоот орон байранд нэвтэрч Huawei 6 загварын гар утас, KORIO TTR  бичиглэлтэй израйль брэндийн гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.О-д 538.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.О-ы “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны үйлчлэгчээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байгаа ба 43 дугаар байрны 1 давхрын шатны доод талын 00 тоотод амьдардаг юм. Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөө гэрээсээ 09 цагийн үед байрны доторхи цэвэрлэгээ үйлчилгээгээ хийхээр гарч явсан юм. Ингэхдээ гэрийнхээ буюу 00 тоотын хаалгыг хааж орхиод гараад явсан. Ингээд би байрныхаа доторхи цэвэрлэгээг хийчихээд, хажуу талын Өнөр хороололын 39 байрны 1, 2 орцыг цэвэрлэдэг учраас түүнийгээ цэвэрлэхээр явсан юм. Ингээд цэвэрлэгээ хийчихээд 12 цагийн үед гэртээ иртэл хаалттай байсан гэрийн хаалга онгойчихсон байхаар нь гэртээ ороод үзтэл орны дэрэн дээр байсан миний гар утас алга болчихсон, үүдэн хэсэгт гутал хийдэг шүүгээний хаалга онгорхой байхаар нь хартал нөхрийн өмсөж байсан шинээрээ хадгалж байсан хагас түрийтэй израйль гутал алга болсон байсан. Тэгэхээр нь гэрт хулгай орчихсон байна гэж мэдээд СӨХ-ийн дарга Цэцгээд хэлж байгаад хяналтын камерыг шүүж үзтэл үл таних хоёр эмэгтэй хүн байрны орцоор дотогшоо орох үед байрны үүдэнд манай байрны ойр орчмоор хог түүдэг, үл таних би бодохдоо гурван эрэгтэй байна гэж бодсон боловч камерын бичлэг дээр хоёр эрэгтэй хүн байр луу орсон. Хоёр эрэгтэй дагаж ороод, нэг нь хаалгаар шагайж харж байснаа, гартаа савтай сүү барьчихсан залуу орцноос гараад цаашаа байрны гадна талын хашааны үүдэн хэсэг рүү яваад өгсөн. Түүнтэй хамт орсон бараан хувцастай, хар өнгийн цүнх үүрсэн эрэгтэй нь манай байрны шатны хэсэг рүү орж шатны доод талд байрлах миний амьдардаг гэр лүү ороод гарч ирж байгаа бичлэг байсан. Ингээд тэр хоёр хүн хашааны үүдэн хэсэгт уулзаад Хархорин зах чиглэлтэй яваад өгч байгаа дүрс бичлэг байсан. Тэгээд би нэгэнт дүрс бичлэгтэй, мөн манай ойр хавиар хог түүгээд яваад байдаг хоёр хүн харагдаж байсан учраас хэд хоногоос гадуур явж байгаад тааралдаад бариад авах юм бол нэг мөсөн цагдаад мэдэгдье гэж бодоод тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 39 дүгээр байрны орцыг цэвэрлээд гадна хэсгийг цэвэрлэж байтал 11 цагийн орчимд байх, 39 дүгээр байрны чанх урд талын хүүхдийн тоглоомны талбай дээр үл таних дөрвөн хүн архи уугаад сууж байхаар нь сайн нягтлаад хартал манай орц руу орж хулгай хийсэн хоёр хүн архи уугаад сууж байсан. Ингээд СӨХ-ийн дарга болон нөхөр лүүгээ утсаар ярьж хэлж байгаад манайд хулгай хийсэн залуу болон түүнтэй хамт байсан эрэгтэйг барьж аваад, цагдаа дуудсан юм. Эрэгтэй хүний гутал нь KORIO TTR  гэсэн бичигтэй, богино түрийтэй, үдээстэй израйль буюу ажлын гутал байсан. Нөхрийн өмсөөгүй шинээр нь хадгалж байсан гутлыг үүдний гутал хийдэг шүүгээнээс хулгайлж авсан байсан. Мөн орны дэрэн дор тавьсан байсан шаргал өнгийн гадуураа ягаан өнгийн хавтсан гэртэй Huawei Y6 загварын гар утас хулгайлж авсан байсан. Миний гар утас 2019 онд худалдаанд гарсан, шинэ гар утас байсан. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Мобикомоос лизингээр сарын 56.000 төгрөг төлөхөөр, нийт 574.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Байрны гадна талыг харсан 2 камер, дотор үүдний хэсгийг харсан хяналтын камер 1 ширхэг байдаг. Гэхдээ дотор талын хяналтын камерт манай гэрийн хаалга харагддаггүй боловч орж ирсэн хүн хажуу тийшээ булан эргээд ордог. Хана халхалчихаад байдаг болохоос биш бүх зүйл харагддаг. Ерөнхийдөө зүс харж байсан. Манай байрны хогийг ухаад явж байдаг хоёр хүн. Гэрээсээ алдсан эд зүйлсээ олж авмаар байна, гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

         

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Т.Л-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах зорилгоор албаны 0494 УБҮ улсын дугаартай Истана маркийн автомашинтай Т.Л-г суулгаж Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс хөдөлж яваад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах олон нийтийн хэлж танигдсанаар 1 хорооллын урд талын Өнөр хорооллын ертөнцийн зүгээр баруун хойд талд баруунаас зүүн тийшээ чиглэлийн төв замын урд талд гадуураа хүрэн өнгийн төмөр сараалжин хашаатай, цайвар болон ногоон өнгийн судалтай 11 давхар, хойд зүгт харсан нэг орцтой зүүн хойд буландаа 43 гэсэн тоотой орон сууцыг зааж уг байрны 00 тоотоос хулгай хийсэн гэсний дагуу байрны гадаа ирж, өөрийн хийсэн үйлдлийг заалгахад уг байрны ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах саарал өнгийн төмөр хаалгыг зааж, уг орц руу орсон гэсний дагуу өөрөө нь орсон орцны хаалгыг заалгаж, дотогшоо ороход саарал өнгийн хүрээтэй шилэн цоожтой хаалга байх ба уг хаалгаар дотогш ороход зүүн гар талд байрлах шатны хажуу талын цайвар бор өнгийн модон хаалгыг зааж уг өрөөнөөс хулгай хийсэн гэсний дагуу хулгай хийсэн тоотын хаалгыг өөрөөр нь заалгаж буй байдлаар гэрэл зургаар бэхжүүлэн авч, хаалгаар дотогш ороход Г хэлбэрийн 1 өрөө шатны доод талд байрлах өрөө байх ба хаалгаар ороод зүүн гар талд байрлах 2 гүйдэг хаалгатай шүүгээг зааж энэ дотроос хагас түрийтэй гутлыг авсан гэсний дагуу өөрөө нь заалгаж буй байдлаар гэрэл зургаар бэхжүүлэн авав. Дахин шүүгээний эсрэг талд өрөөний баруун талд байрлах модоор ор зассан хэсгийг зааж энэ орны толгой хэсэгт дэр орчимд байсан цагаан өнгийн дэлгэцний мэдрэгчтэй гар утас байхаар нь түүнийг хулгайлж  аваад гарсан гэсний дагуу өөрөө гар утас авсан газрыг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэв”  гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 16-21 дүгээр хуудас /

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Дүрс бичлэгийг үзэж байхад 00:36 секундэд орцон дотроос хөх өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн дотортой малгайтай бараан өнгийн ар нуруу хэсэгтээ цагаан өнгийн 2 хөндлөн судалтай, хавар намрын куртиктэй, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, зүүн гартаа хуванцар савтай сүү барьсан эрэгтэй гарч ирээд явж байгаа бичлэг байв.

          ... Куртикныхаа зүүн халааснаас юу нь мэдэгдэхгүй эд зүйл гаргаж ирээд урдаа бариад явж байгаа дүрс бичлэг бичигдснээр дүрс бичлэг 01:18 секундэд дуусч байв.

          ... баруун гартаа сүү барьсан, цаад талынх нь хар өнгийн хөндлөн үүргэвч үүрсэн 2 эрэгтэй дагаж орж ирээд шууд орцны хаалганы баруун талд байрлах тусгаарлах ханын талаар яваад орж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 23-27 дугаар/

 

               Дамно ХХК-ны “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 538.100 төгрөгөөр Huawei 6 загварын гар утас, KORIO TTR  бичиглэлтэй израйль брэндийн гутал зэргийг үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

          Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн “... Хар өнгийн KORIO TTR  гэсэн бичигтэй, богино түрийтэй, үдээстэй /израйль/ ажлын гутал 1 ширхэг /эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 10 цаг 33 минутанд эд зүйлсийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

          Т.Л-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би Хархорин худалдааны төвийн ил талбайд хуучин бараа зардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найз Эрдэнэбаттай өглөөний 10-11 цагийн үед хамт явж байсан. Ингээд бид хоёр Баянгол дүүргийн 20 хороонд байрлах 43 дугаар байр луу хогийн саванд зарчихмаар хуучин эд зүйл байна уу гээд хайх гээд орсон ба байрны орцоор ороод л Эрдэнэбат би гараад байж байя гэж хэлсэн. Ингээд би хогоо хайгаад явж байхдаа ус гуйх санаатай 1 давхрын орцны үүдэнд жижүүрийн өрөөнд очиход онгорхой хүн байхгүй байхаар нь цааш орж шкафны үүдэнд эрэгтэй хүний ажлын гутал, орон дээр байсан гар утсыг нь аваад гарсан. Гадна талбайдаа буцаж ирээд зогсож байгаад ТҮЦ ажиллуулдаг байсан таньдаг Хүрлээ гэх залуу таарахаар нь утас авах уу гэж асуухад ямар утас юм гэхээр нь авсан гар утсаа гаргаад үзүүлтэл байгаа нь 35000 төгрөг байна гэхээр нь би ав ав гээд зарсан. Намайг Хүрлээд гар утас зарах үед Эрдэнэбат юун гар утас юм бэ, хаанаас авсан юм бэ гэж асуухаар нь орцны жижүүрээс авсан байгаа юм гэж хэлсэн. Ингээд би зарсан мөнгөөрөө 2 шил архи авч Эрдэнэбатын хамтаар уусан. Мөн энэ өдрөө хоолонд ороод гарч яваад Номингийн хогийн бункерын хогийг ухаад байж байтал 43 дугаар байрны орцны жижүүр гээд нэг эмэгтэй хэдэн залуучуудтай ирээд цагдаад дуудлага өгсөн ба тухайн үедээ цүнхэндээ хийсэн байсан гутлыг нь  гаргаж өгсөн. Мөнгө олох санаатай зорилготой хулгайг гэмт хэргийг үйлдсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Т.Л- Г.Э- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг 43 дугаар байрны 1 давхарын шатны доод талын 00 тоот орон байранд нэвтэрч Huawei 6 загварын гар утас, KORIO TTR бичиглэлтэй израйль брэндийн гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Н.О-д 538.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э- нь “гэмт хэрэг үйлдээгүй” гэж маргаж байгаа боловч Камерын дүрс бичлэгт бичигдсэн “... баруун гартаа сүү барьсан, цаад талынх нь хар өнгийн хөндлөн үүргэвч үүрсэн 2 эрэгтэй дагаж орж ирээд шууд орцны хаалганы баруун талд байрлах тусгаарлах ханын талаар яваад орж байв. ...” гэсэн бичлэгээр Г.Э- нь Т.Л-тэй хамт  хохирогчийн амьдардаг байр луу орж байгаа нь нотлогдож байна. /хэргийн 23-27 дугаар/

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ы эд хөрөнгөд 538.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд KORIO TTR бичиглэлтэй израйль брэндийн гутлыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөр болох 503.100 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Л- Г.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Т.Л- Г.Э- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд хохирол төлөх талаар завсарлага авсан ба тухайн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг 02 дугаар сарын 11-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Л-, Б овогт Г-ын Э- нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Л-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Т.Л- Г.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.Л-, Г.Э- нарын тус бүр цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Л-, Г.Э- нараас тус бүр 251.550 төгрөг гаргуулж хохирогч Н.О-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Л-, Г.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Т.Л-, Г.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ