Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/52

 

 

 

 

 

 

А.Наранцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                                   Б.Сувд-Эрдэнэ

нарийн бичгийн дарга                                          О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолтой А.Наранцэцэгт холбогдох 2017 1900 0362 дугаартай 139 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт Дархан-уул аймаг, Дархан гудамж 2-30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэг /РД:ТГ77011887/.

Шүүгдэгч А.Наранцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.Наранцэцэгийн “ХААН” банкны дансанд андуурч шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэг цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчид 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөнийг, үлдэх 5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А.Наранцэцэгийн эзэмшлийн “WEGA” маркийн гар утсыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгээс 5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Үйлдвэрлэлийн 1-5 тоотод оршин суух, НБ60022901 дугаарын регистртэй, Харчу овгийн Нанзадын Наранцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч А.Наранцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.Наранцэцэгийн “Хаан” банкны дансанд андуурч хийсэн 7,000,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Тус Аймгийн Прокурорын газраас А.Наранцэцэгийг 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч А.Наранцэцэгт холбогдох хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн бөгөөд А.Наранцэцэгийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзээд мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Шүүхийн энэ шийдвэр нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Шүүгдэгч Н.Наранцэцэгийн холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх атал шүүгдэгч А.Наранцэцэгийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож түүнд 450 нэгжээр буюу 450 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд хязгаарлалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Наранцэцэг нь хохирогч Н.Наранцэцэгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 11 минутанд Төв аймгийн Батсүмбэр сумын Хаан банкны тооцооны төвөөс андуурч 7 000 000 төгрөгийг түүний Хаан банкны 5727083599 тоот харилцах дансанд шилжүүлснийг буцааж өгөхгүй ашиглаж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас А.Наранцэцгийн дээрх үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Н.Наранцэцэгийн “...баримтаа шалгатал 1 сарын 17-ны өдөр би өөр хүний данс руу 7 000 000 төгрөгөө хийчихсэн байсан. ...утсыг нь олж аваад 85604026 дугаарын утас руу залгатал уг утасны эзэн нь би нэг хүнээс мөнгө авах ёстой байсан намайг хүлээж байгаарай наад тал нь 20 хоног цаад тал сар болно гэж гуйгаад байсан...тэрнээс хойш утсаа ч авахгүй алга болсон. би А.Наранцэцэг рүү хивэг олж өгөөч гэж яриагүй...” гэсэн, шүүгдэгч А.Наранцэцэгийн “...Н.Наранцэцэг эгч над руу утсаар ярьсан. Би хивэгний мөнгө гэж бодоод хэрэглэчихсэн. Надад 7 сая төгрөгийг захиран зарцуулах эрх байхгүй. Би 7 сая төгрөгөөр сархинаг авч, хүнд 2 сая гаруй төгрөг төлөх байсан. Тэр төлбөрөө төлчихсөн” гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар хохирогч Н.Наранцэцэгээс харилцах данс андуурч хийгдсэн гүйлгээний мөнгийг А.Наранцэцэг нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 8 сар гаруй хугацаанд өөрийн мөнгө мэтээр захиран зарцуулан, буцааж өгөхгүй ашиглан завшиж байгаа шууд санаатайгаар үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүх шүүгдэгч А.Наранцэцэгийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож түүнд 450 нэгжээр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Наранцэцэгийн холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан гэмт хэргийн ангилалын хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх ба шүүхээс Н.Наранцэцэгийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож түүнд 450 нэгжээр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна.

Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /1 200 000-12 000 000 төгрөг/ эсхүл нэгээс гурван сар хүртэл хугцаагаар /1-3 сар/ баривчлах ял шийтгэлтэй, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин мянган нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /450 000-2 700 000 төгрөг/, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг /240-720 цаг/ хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байна.

Оногдуулах ял шийтгэлийн хувьд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан торгох ялын мөнгөний хэмжээ бага байгаа боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу шүүгдэгчийн хувьд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн байна.  

Шүүгдэгч А.Наранцэцэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч гэмт хэргийн улмаас Н.Наранцэцэгт учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 5 650 000 төгрөгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Иймд дээд шатны прокурорын “...эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 232 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Түмэн овгийн Алагаагийн Наранцэцэгийг бусдын санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож,

Тогтоох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасныг баримтлан А.Наранцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

                                    ШҮҮГЧИД                                                 Ц.ОЧ

                                                                                                      Т.ЭНХМАА