Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           14                                        2020/ШЦТ/169

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Ц.О- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Ц-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905019830900 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ...  дугаар сарын ... -ны өдөр .... аймагт төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ..... аймгийн .... сум ... дугаар баг ..... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Д овогт Ц-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “New west” зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Д.Ц-ийн куртик, гар утас 2 ширхэг, машины түлхүүр, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч картнаас бэлэн 4.800.000 төгрөгийг АТМ-ээс уншуулан бусдад 5.397.100 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Ц.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Охин болон өөрийн биеэ бодож байна” гэв.

 

          Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “New west” зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Д.Ц-ийг унтаж байхад нь куртик, гар утас 2 ширхэг, машины түлхүүр, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч картнаас бэлэн 4.800.000 төгрөгийг АТМ-ээс уншуулан авч нийт 5.397.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хаан банкны харилцагч Дэчинчулууны Ц-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Ц-ийн “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би найз Э-, Т- нарын хамт 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Stella бааранд ороод виски архи захиалж уусан. Тэгээд уугаад сууж байтал Э- нэг охин дагуулаад ширээн дээр ирж суугаад хоорондоо танилцаж байсан. Тэр охин өөрийгөө Уянга гэж танилцуулсан. Тэгээд бид дөрөв хамт архи ууж байгаад 03 цаг өнгөрөөгөөд баар хаах дөхөж байхад би Уянга гэх охины хамт гараад New west зочид буудлын 201 тоот өрөөнд орсон. Манай найз Э-, Т- нар нь баарнаас гараад гэр лүүгээ яваад өгсөн. Буудлын тооцоог би картаараа хийгээд өрөөндөө орсон. Тэгээд бид хоёр пиво уугаад хоол идээд өрөөндөө унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед би сэрэхэд Уянга байхгүй миний куртик, гар утас бас машины түлхүүр, Хаан банкны виза карт алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Би Уянгатай бааранд танилцсан. Яг Уянга гэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Холбогдох утас болон гэрийн хаягийг нь мэдэхгүй. Хар өнгөтэй Converse куртик 2018 онд 290.000 төгрөгөөр авч байсан. Одоо би куртикээ 290.000 төгрөгөөр үнэлж байна.  I phone 6 S маркийн шаргал өнгөтэй утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны картнаас 4.880.000 төгрөг хулгайлсан байсан. Camry автомашины смарт түлхүүр 140.000 төгрөгөөр үнэлж байна. Нокиа гар утас 35,000 төгрөгний үнэтэй эд зүйлс алдсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 32-33 дугаар хуудас/

“... Өөрийн алдсан эд зүйлсийг бүгдийг эргүүлж бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн картнаас алдагдсан 4.800.000 төгрөгнөөс 3.054.370 төгрөгийг эргүүлж авсан байгаа. Би үлдэгдэл мөнгөө нэхэмжлэхгүй ээ. Одоо надад цаашид гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийн холбогдогчид хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие ажил ихтэй байдаг учраас дахин дахин ирээд байх боломжгүй учир дахин хэргийн материалтай танилцахгүй. Хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Г-ийн “Би гэртээ байж байгаад орой 22 цагийн орчимд О-гийн хамт Бөмбөгөрийн урд байрлах Харцад нэртэй караокед орж 2 цаг дуулж 1 шил архи уусан. Тэндээсээ бааран оръё гээд 10 дугаар хороололд байрлах Stella бааранд нэрийг нь санахгүй байна, хоёр залуугийн хамт орох гэж байгаад би харилаа гээд явж байснаа таксины мөнгө байхгүй болохоор нь О-гаас мөнгө авах гээд Stella бааранд орж уулзтал О-д мөнгө байхгүй гэхээр нь цус явсан гурван залуугийн нэгнээр нь гэр лүүгээ хүргүүлсэн. Тэгээд би гэртээ унтаж байхад 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07 цагийн орчимд орж ирж хувцсаа солиод гараад явсан. Би нойр хүрээд хаа хүрэх гэж байгааг нь асуугаагүй. Тэрнээс хойш гэрт ирэхгүй болохоор нь би утас руу нь мессэж бичээд хаана байгаа юм бэ гэсэн чинь Булган руу явж байна, гэрийн түлхүүр шийдэнд үлдээсэн, 1 хоночихоод буцаад ирнэ гэсэн. Тэгээд О- өчигдөр 20 цагийн орчимд гэрт нэг том пиво барьж орж ирээд хувааж уугаад сууж байтал О- гарья шоудая гээд хувцсаа өмсөөд гарсан. Араас нь гарах гэтэл өөдөөс цагдаатай хамт ороод ирсэн. Би яг юу болсныг мэдэхгүй зогсож байтал О- бор чемодан дотроосоо мөнгө гаргаж ирэхээр нь би хүний юм хулгайлсан байна гэж  бодсон. Өмнө нь надад энэ талаар юм ярьж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авсан “... Ц овогтой О- гэгчээс 20.000 дэвсгэрт 152 ширхэг, 10.000 дэвсгэрт 1 ширхэг, 1000 дэвсгэрт 3 ширхэг, 500 дэвсгэрт 2 ширхэг, 100 дэвсгэрт 2 ширхэг, 50 дэвсгэрт 3 ширхэг, 20 дэвсгэрт 1 ширхэг нийт 3.054.370 төгрөг, мөн цагаан өнгийн  I phone 6 S маркийн гар утас асдаггүй 1 ширхэг, Ц- гэсэн нэртэй Хаан банкны виза карт 1 ширхэг, 2 ширхэг бүргэд хаалганы түлхүүр, Nokia 3110 хар өнгийн асдаггүй утас 1 ширхэг, хар өнгийн Nokia 1280 гар утас 1 ширхэг, хар өнгийн Converse куртик 1 ширхэгийг тус тус хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 23, 25-26 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн “...Дөчинчулуун овогтой Ц-ид РД:УУ90091852 гэгчид цагаан өнгийн хар кейстэй өнгийн  I phone 6 S маркийн гар утсыг 19 цаг 11 минутад хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хэргийн 27 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн “... 20.000 дэвсгэрт 152 ширхэг, 10.000 дэвсгэрт 1 ширхэг, 1000 дэвсгэрт 3 ширхэг, 500 дэвсгэрт 2 ширхэг, 100 дэвсгэрт 2 ширхэг, 50 дэвсгэрт 3 ширхэг, 20 дэвсгэрт 1 ширхэг нийт 3.054.370 төгрөг хураан авч Дэчинчулуун овогтой Ц- гэгчид нийт 3.054.370 төгрөгийг 12 цаг 50 минутад хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ны гар утас, автомашины түлхүүр, куртик, карт зэргийг нийт 597.100 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

Ц.О-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найз Г-ийн хамтаар миний санаж байгаагаар Модны 2-ын White house зочид буудлын хойд талын 2 давхарт байрлах пабад Г-ийн ажлын газрын найзуудтай нь пиво ууж суусан юм. Тэгээд пабад сууж байхдаа 2-3 шил Сэнгүр пиво уусан ба цаг хэд болж байхыг хараагүй. 19-20 цагийн орчимд гараад нэрийг нь мэдэхгүй караоке орж дуулсан юм. Ингэхдээ 4-5 уулаа суусан бөгөөд бөөнөөрөө 750 граммын Соёрхол архи хувааж уунгаа, пиво бас давхар уусан юм. Тэгээд би нилээн согтож байсан ба /элэг муутай боловч өвчиндөө болдог юм шиг байгаан, уусан ч тасраад унахгүй, ухаантай яваад байдаг юм, өгсөн болгоныг нь уугаад яваад байсан/ бөөнөөрөө караокеноос 21-22 цагийн хооронд гараад Г-ийн найзуудаас салаад гэр лүүгээ харихаар явсан. Тэгээд замдаа явж байхдаа Г- бид хоёр бааранд орохоор ярилцаад /би тухайн үед Г-ийн гэрт нь амьдардаг байсан юм/ хоёулаа баар луу орсон юм. Цаг хугацааг санахгүй байна. 10 дугаар хорооллын Stella бааранд ороход найз Г- шууд гэр лүүгээ харьж амарлаа гэсэн ба бид  хоёр бааранд орсоны дараа 2 шил Tiger пиво авсан байсан учраас би пиво уучихаад араас нь чинь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Г- яваад би бааранд ганцаараа үлдсэн ба бааран дотор бүжгийн талбай дээр зүсийг нь санахгүй байна, үл таних залуутай танилцаад ширээн дээр нь очиж суусан. Тэгээд мөн надад архи өгсөн ба бөөнөөрөө архи уусан. Би ч өгснийг нь уугаад байсан. Би нилээдгүй согтсон учраас зарим нэгийг нь санахгүй байна. Нэг мэдсэн чинь баарнаас гарчихсан, үл таних 2 залуу нэг нь хохирогч байсан, таксинд суучихсан буудал хайгаад явж байсан. Тэгээд 10 дугаар хорооллын New west нэртэй зочид буудал руу би хохирогчийн хамтаар орж хамт явж байсан эрэгтэй нь өөр тийшээ яваад яваад өгсөн. Буудал дотор ороод дотроос нь пиво авч уугаад байсан санагдаж байна. Тэгээд би хоёр тасраад унтчихсан байсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрээд хохирогч залуу нам унтаж байсан учраас эд зүйлсийг аваад явъя гэж бодогдоод Хаан банкны виза картыг нь аваад, гадуураа нимгэн хувцастай бйасан учраас хар өнгийн хавар намрын куртикыг давхарлаж өмсөөд гарсан. Ингээд буудлаас гараад куртикны халаасыг ухаж үзэхэд машины түлхүүр 1 ширхэг, Nokia гар утас 1 ширхэг, I phone 6 S загварын гар утас 1 ширхэг гарч ирсэн.

... ямар ч байсан нийт 4.800.000 төгрөгийг картнаас нь авсан. Тэгээд Г-ийнд очилгүй гадуур явж, хохирогчийн куртик, карт, түлхүүр, гар утаснуудыг өөртөө авч явж байгаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байна уу 02-ны өдөр аваачиж үлдээчихээд Булган яваад өгсөн юм.

... New west зочид буудал руу ороход хохирогч буудлын тооцоог хийхдээ картаар хийсэн. Тэгэхдээ нууц кодоо ресепшинд хэлэхээр нь цээжлээд авчихсан юм. Тэгээд картнаас мөнгө авсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “New west” зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Д.Ц-ийг унтаж байхад нь куртик, гар утас 2 ширхэг, машины түлхүүр, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч картнаас бэлэн 4.800.000 төгрөгийг АТМ-ээс уншуулан бусдад 5.397.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Д.Ц-ид  биед байдлаар нийт 3.054.370 төгрөг, цагаан өнгийн хар кейстэй өнгийн  I phone 6 S маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн нь  эд зүйл хураан хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 27, 29 дүгээр хуудас/ тогтоогдсон, түүнчлэн хохирогч Д.Ц- хэргийг мөрдөн шалгах явцад “... Өөрийн алдсан эд зүйлсийг бүгдийг эргүүлж бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн картнаас алдагдсан 4.800.000 төгрөгнөөс 3.054.370 төгрөгийг эргүүлж авсан байгаа. Би үлдэгдэл мөнгөө нэхэмжлэхгүй ээ. Одоо надад цаашид гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 56-57 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Ц.О-гийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний энэ хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хорих ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Ц.О- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ. /хэргийн 24, 60-65 дугаар хуудас/

Тэрээр  уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3в/4037 дугаартай албан бичигтээ дурдсан байна. /хэргийн 66 дугаар хуудас/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.О- нь “элэгний цирроз” өвчтэй болон бага насны  хүүхэдтэй гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байгаа тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ц-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-г  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.О-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 90 хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 9 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Ц.О-д оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.О-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ