Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 745

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, малчин, Архангай аймгийн Булган сумын Тамир багт оршин суух Дархан овгийн Ламжавын Алтангэрэлийн /РД:АБ57082518/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сар хүртэл малчнаар, 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сар хүртэл мал маллаж байгаад 1975 оны 05 сард цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал Булган сумын Пионерийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Иймд намайг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд малчнаар 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сар хүртэл, 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл нь Архангай аймгийн Булган сумын Пионерын зам  нэгдэлд малчнаар 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сар хүртэл, 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Төл бойжуулах ажлаар амжилт гарган ажиллаж байгаа 7 суурийн 18 төлчинд тус бүр 15 төгрөг бүгд 270 төгрөгийн материалаар, төл бойжуулах ба том малын онд оруулалтаар амжилт гаргаж байгаа 7 суурийн 14 малчид төлчинд тус бүр 12 төгрөг 50 мөнгө бүгд 175 төгрөгийн материалаар бусад 15 төлчин малчдыг тус бүр 10 төгрөг бүгд 150 төгрөгийн материалаар тус тус урамшуулан шагнасугай. Хавсралтанд: Л.Алтангэрэл, цай тоо-1, үнэ-10, сахар тоо-1, нэг бүр-2.50, бүгд-2.50, бүгд олгох-12.50 гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 04 сарын 04-ний өдрийн 20 тоот тогтоол,

1.2. Доорхи нэр бүхий хүнийг 1979 оны 04-р сарын 20-ноос эхлэн хоньчин, төлчин, саальчин, ногоочин, гахайчнаар томилон ажилуулсугай. ... б/ Баянэрэг хэсэгт Л.Алтангэрэлийг хоньчноор  гэсэн “Ажилд томилох тухай ” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 33 тоот тушаал,

1.3. ... 6-р сарын I, II, III арав хоногийн төл бойжилтын болзол биелүүлсэн 73 төлчин, саальчдад 1920 төгрөгийг хавсралт 2-оор, ... шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Үнээний саальчид: Алтангэрэл-30 төг гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 61 тоот тогтоол,

1.4. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 сарын 15-ны өдрийн 13 тоот хурлын протоколд: Болзол дүгнэх тухай Ц.Сосорбарам хэлэлцүүлэв. ... Саальчид, Тамир бригад... Алтангэрэл ... тус бүр 30 төгрөг бүгд 1440 төгрөг ... гэжээ.

1.5. Сүүний төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлсэн 52 саальчинг тус бүр баярын бичиг, 13 төгрөг 60 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Алтангэрэл гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 03 сарын 05-ны өдрийн 36 тоот тогтоол,

1.6. 1989 онд нэг малаас ашиглах нэгж нормыг улсын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхээр тогтоогдсон гэж үзээд хавсралтанд дурдснаар баталсугай. Хавсралтанд: Алтангэрэл, хоньчин гэсэн “1989 онд нэг малаас ашиглах нэгж нормыг батлах тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоол,

1.7. “Нэгдлийн ерөнхий хороонд ирсэн зарим өргөдлийн тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 04 сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоол,

1.8. Нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 7-р хурлын 20-р тогтоолын хавсралтанд: Л.Алтангэрэл, үнэтэй олгосон мал-хонь 10 гэжээ.

1.9. Булган сумын Баян-Өндөр компаний 1993 оны өмч хувьчлалын материалд Л.Алтангэрэл, авсан хөрөнгийн хэмжээ-11000, үүнээс мал толгой-13, мянган төгрөг-8700, төлбөрт авсан ягаан тасалбар-11 гэжээ.

2. Гэрч Ч.Балтын: “Би Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1967 онд фермийн эрхлэгчээр ажилд орж, 1970 оныг хүртэл ажиллаж байгаад 1970 оноос хойш тус нэгдэлд нярваар 1990 оныг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Л.Алтангэрэл нь Булган сумын уугуул иргэн ба 1975 онд цэргийн албанд татагдсан 1978 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд 1978 оноос 1980 оныг хүртэл хугацаанд Лхамжавын туслах малчнаар ажиллаж байгаад дараа нь 1980 оноос хойш хоньчноор ажиллах болсон. Л.Алтангэрэл нь 1978 оноос 1990 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд тасралтгүй хоньчноор ажиллаж байсан. Хоньчноос өөр ажил хийж байгаагүй. “Пионерийн зам” нэгдэл 1990 оноос хувьчлагдаж 1992 онд бүрэн хувьчлагдаж дууссан. Би Л.Алтангэрэлтэй хамт 1978 оноос 1990 оныг хүртэл хугацаанд “Пионерийн зам” нэгдэлд ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг,

3. Гэрч С.Мишкагийн: “Л.Алтангэрэл нь Булган сумын 3-р багийн/Тамир бригад/ иргэн ба 1975 онд цэргийн албанд татагдсан 1978 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1978 оноос туслах малчин, саальчны туслахаар ажиллаж байсан. 1990 оноос хойш “Баян-Өндөр”ХК-нд малчнаар ажиллаж 1996 он хүртэл ажиллаж байсан. Би Л.Алтангэрэлтэй хамт 1981 оноос 1990 оныг хүртэл хугацаанд “Пионерийн зам” нэгдэлд ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ. Намайг 1978 онд Ихтамир сумруу нэгдэл дундын үйлдвэрт ажиллахаар явж байхад Л.Алтангэрэл цэргээс ирж байсан. Манай гэр бүл Булган суманд үлдэж би Ихтамираас ажлын бус өдөр Булган сумруу байнга явж гэртээ харьдаг байсан. Л.Алтангэрэлийх Ихтамир сумаас Булган сум орох зам дагуу байнга нутагладаг  байсан би тэднийхээр орж гараад явдаг байсан учир түүнийг Пионерийн зам нэгдэлд цэргээс ирээд ажиллаж байсныг мэднэ. 1981 оноос хойш би Пионерийн зам нэгдэлд ажиллаж байсан учраас Л.Алтангэрэлийг ажиллаж байсан талаар мэднэ” гэх мэдүүлэг,

4. Гэрч Н.Чойжоогийн: “Л.Алтангэрэл нь 1975 онд цэрэгт явахаасаа өмнө Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд аав, ээжийн хамт сааль сааж мал аж ахуйн ажил хийдэг байсан. 1975 оноос 1978 оны хооронд цэргийн алба хааж 1978 оноос Булган сумын Пионерийн зам нэгдэлд хонь, үхэр хариулдаг байсан. Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1976 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл адуучнаар ажилласан. Л.Алтангэрэл ч бас Булган сумын Пионерийн зам нэгдлийг хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан. Алтангэрэл цэргээс ирсэнээс хойш сааль саагаагүй мал малладаг байсан. Цэрэгт явахаасаа өмнө харин ээжийгээ сааль саахад нь Алтангэрэл тусалж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Б.Нармандахын: “Би Л.Алтангэрэлтэй хүүхэд байхаасаа айл саахалт байдаг байсан. Л.Алтангэрэл нь 1970-1975 оны хооронд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд аав, ээжийн хамт сааль сааж байгаад 1975 онд цэрэгт явж, 1978 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1978 оноос Л.Алтангэрэл нь Булган сумын Пионерийн зам нэгдэлд хонь, үхэр хариулдаг байсан. Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 16 настайгаа эхлэн малчнаар ажиллаж, уг ажлаа Пионерийн зам нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Л.Алтангэрэл ч бас Булган сумын Пионерийн зам нэгдлийг хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

6. Ламжавын Алтангэрэл нь БХЯ-ны сайдын 1975.05.14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Архангай аймгаас 1975.05.19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978.06.20-ны өдрийн н/1367 дугаар тушаалаар 1978.08.15-ны өдөр халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 00009191 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг болно.                                                                                                                                                                      

Шүүх хүсэлт гаргагч Л.Алтангэрэлийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар мэдэх Ч.Балт, С.Мишка, Н.Чойжоо, Б.Нармандах нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

 Хүсэлт гаргагч Л.Алтангэрэлийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам  нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 04 сарын 04-ний өдрийн 20 тоот, 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоол, тус нэгдлийн даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 33 тоот тушаал, Нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 7-р хурлын 20-р тогтоолын хавсралт, гэрч Ч.Балт, С.Мишка, Н.Чойжоо, Б.Нармандах нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр  нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл хоньчноор 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс ажилласан нь “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 33 тоот тушаалаар тогтоогддог.

Гэрчүүд хүсэлт гаргагч Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Булган сумын Пионерийн  зам нэгдлээс хэзээ гарсныг тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн цэрэгт явахаасаа өмнө хэзээ ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сар хүртэл мал маллаж байгаад 1975 оны 05 сард цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал Булган сумын Пионерийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан” гэх тайлбар, 1975 оны 04 сарын 04-ний өдрийн 20 тоот тогтоол зэргийг үндэслэн Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам  нэгдэлд малчнаар 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сар хүртэл, 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Л.Алтангэрэлийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн  зам  нэгдэлд малчнаар 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сар хүртэл, 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Л.Алтангэрэл нь 1981, 1982, 1983 онд саальчнаар ажиллаж байгаагүй, мөн Баян-Өндөр компанид ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй, 1990 оны 04 сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолд хүсэлт гаргагч Л.Алтангэрэлийн нэр дурдагдаагүй тул Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 сарын 15-ны өдрийн 13 тоот хурлын протокол, 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 61 тоот, 1983 оны 03 сарын 05-ны өдрийн 36 тоот, 1990 оны 04 сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоол, Булган сумын Баян-Өндөр компаний 1993 оны өмч хувьчлалын материалыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж тус тус үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Дархан овгийн Ламжавын Алтангэрэлийг Архангай аймгийн Булган сумын Пионерийн  зам  нэгдэлд малчнаар 1975 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сар хүртэл, 1979 оны 04-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА