Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           14                                        2020/ШЦТ/172

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ж овогт Л-ын Д-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005003670129 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ...  дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо ...... гудамж ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Л-ын Д-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч  Л.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй баараны орчим Б.Х-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” нэртэй баараны орчим Б.Х-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Х-гийн “2020 оны 01 дүгээр сраын 13-ны өдөр найз А, О, нөхөр  С нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Fire бааранд ороод 4 шил пиво захиалж ууж дуусаад баарнаас гараад явах үед үл таних гурван эрэгтэйтэй маргалдсан. Тэгээд нөхөр С үл таних том бүдүүн эрэгтэйтэй барилцаж аваад байж байхдаа газар унасан. Тэгээд нөхөр Сыг үл таних том бүдүүн эрэгтэй нүүр хэсэгт нь 3-4 удаа цохитол хамарнаас нь цус гоожсон. Тэгсэн үл таних хоёр эрэгтэй, найз А нар салгаад байж байхад би үл таних эрэгтэйг чи яагаад манай нөхрийг цохиж зоддог юм бэ гэж хэлсэн чинь үл таних том бүдүүн эрэгтэй миний хамар хэсэгт цохисон. Тэгсэн миний хамарнаас цус гоожсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд намайг цохисон болон нөхөр Сыг цохисон үл таних эрэгтэйг цагдаа нар аваад явсан. Тэгээд би нөхөр Сын хамт цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.

... Миний хамар цөмөрсөн. Баруун нүд хавдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч А.А-ын “... Тэгээд гараад баарны баруун талд байрлах дэлгүүрийн ойролцоо явж байхад ард явж байсан үл таних гурван эрэгтэй нар тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь үл таних гурван эрэгтэйгийн нэг нь охидуудтай явахаараа том болчих юмаа гэж хэлэхээр нь нээх тоохгүй цаашаа явах гэж байсан чинь араас ундааны лааз шидэхээр нь яах гээд байгаа юм гэж найз С хэлсэн. Тэгээд С үл таних эрэгтэй нарын том бүдүүн залуутай барилцаад авахаар нь би салгах гээд байж байсан чинь С үл таних том бүдүүн эрэгтэй хоёр хайсанд тээглээд унасан. Тэгээд найз Стой барилцаж авсан үл таних том  бүдүүн эрэгтэй нь найз Сын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би үл таних өндөр эрэгтэй, үл таних жижигхэн эрэгтэйгийн хамт салгасан. Тэгээд найз Сыг яагаад зодсон юм гэж хэлээд байж байхад үл таних том бүдүүн эрэгтэй найз Х-гийн хамар хэсэгт нэг удаа цохиж унагаасан. Тэгээд найз С эхнэр Х-г босгоод цусыг нь тогтоогоод байж байхад цагдаа нар ирээд зодсон гэх хүнийг барьж аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Д.Т-ийн “... би салгах гээд наана цаана явж байсан чинь Д- үл таних эрэгтэйгийн хамт газарт унасан. Тэгээд найз Д- үл таних эрэгтэйгийн нүүр хэсэгт 2-3 удаа цохиж хамар хэсгээс нь цус гаргасан байсан. Тэгээд би Т-ын хамт салгаад байж байхад үл таних эмэгтэй найз Д-ийг хэл амаар доромжлоод байхаар нь би чи одоо чимээгүй байлдаа гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй хажуунаас орж ирэхээр нь би тэр үл таних эрэгтэйтэй маргалдаад байж байхад найз Д- үл таних эмэгтэйгийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн үл таних эмэгтэйгийн хамарнаас цус гоожсон байсан чинь найз Д- цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Т-ын “... Тэгээд найз Т-ийн хамт салгаад байж байхад үл таних эмэгтэй найз Д-ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн үл таних эмэгтэйг найз Д- нь нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1468 дугаартай:

“1. Б.Х-гийн биед хамар ясны хугарал, баруун дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Л.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Бид нар шөнө 03 цагийн үед баарнаас гарч гэр лүүгээ явахаар такси барих гээд зам дагуу алхаад Гэмтлийн эмнэлэг тал руу явж байхад 20-25 орчим насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй бид нартай зөрж явсан чинь манай найз Т- тэр хэдэн залуу руу хандаж яагаад муухай хараад байгаа юм гэж хэлж тэр залуучуудтай маргалдах болсон юм. Тэгээд тухайн залуучуудтай маргалдаж өндөр махлаг залуутай би барилцаж аваад ноцолдож байгаад бид хоёр хоёулаа газарт унаад босоод би тэр залуугийн нүүр хэсэгт нь  гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэр залууг цохисоны дараа манай хоёр найз бид хоёрыг салгаад байж байх үед тэр залуутай хамт явж байсан нэг эмэгтэй намайг пизда минь гээд баахан орилоод дайраад байхаар нь эмэгтэйг мөн адил гараа атгаж байгаад хацар хэсэгт нь цохисон юм.

... Би хохирогч нарт хохирлын төлбөр болох нийт 750.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан. Хохирогч нар санал хүсэлт байхгүй гэдгээ бичиж өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Л.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Х-гийн “...миний бие сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Л-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л.Д-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л.Д- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Л.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Д- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ