Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           17                                        2020/ШЦТ/173

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ш.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Ш-ын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905050240141 дугаартай хэргийг  2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ...... -ны захирал ажилтай, ....... дүүргийн ... дугаар хороо ........ дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацааагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Т овогт Ш-ын Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Э- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо ...... эмнэлгийн байранд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Б-ын нуруу, мөр, шуу зэрэгт  газарт сандлаар цохиж, түүний биед зүүн мөр, шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ш.Э- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо ...... эмнэлгийн байранд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Б-ын нуруу, мөр, шуу зэрэгт  газарт сандлаар цохиж, түүний биед зүүн мөр, шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-5 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Б-ын “2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э-, А- гэж хоёр хүн манай ажил дээр гэнэт дайрж орж ирээд мөнгө нэхэхээр нь би гэрээ хэлэлцээр хийсэн Ө-тай ярина гэхэд Э- гэж хүн босож ирээд миний шүүгээ рүү өшиглөөд шүүгээний хажууд байсан сандлыг аваад миний гар мөр хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд ширээний баруун талд байрлах хананд тогтоосон ажлын компютерийн дэлгэцийг өшиглөчихөөд гараад яваад өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Миний биед Э- гэж хүн сандлаар цохиж учруулсан.

... Харин Э- гэж хүн миний Ө- гэж хүнтэй гэрээ хийснээс болж надаас мөнгө нэхэж дарамтлах болсон. Эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний баримт байгаа. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10-11 дүгээр хуудас/

“... Эхлээд сандлаар цохих гэхэд нь би гараараа хаагаад гар луу цохиулсан. Гар өвдөөд доошоо тонгойх үед хүзүү, нуруу руу дахиж сандлаар 2 удаа цохисон. Нийт 3 удаа сандлаар цохисон. Тухайн үед нуруу гэмтсэн байсан.

... Би өөрөө эмч болохоор өөрөө өөртөө тодорхой арга хэмжээ тухайн үед нь  авчихсан. Эмчилгээний баримт байхгүй. ... Ажлын байран дээрээ  зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/

 

Гэрч Ш.А-ийн “Би тухайн өдөр найз Э-ын хамт 10 дугаар хороололд байдаг ...... эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод Б- гэж хүний өрөөнд нь орж уулзсан. Б-аас Э- бид хоёр мөнгө авах санаатай очсон юм. Очоод мөнгөний асуудлаа ярьсан боловч хоорондоо учраа олж чадаагүй. Э- босоод сандал аваад Б-ыг 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр хамт гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №194 дугаартай:

“1. Д.Б-ын биед зүүн мөр, шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

3. Шинэ гэмтлүүд байна.

4. Зүүн мөр, шууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт, цус хуралт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Ш.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... эмнэлэгт ажил дээр нь очоод Б-д нэхэмжлэл өгөхдөө хөөцөлдөж байгаа ажил тань юу болж байна гэтэл чамд хамаагүй дүү Ө-тай чинь ярьсан гэхээр нь энэ нэхэмжлэлийн мөнгөө өнөөдөртөө өгчихнө биз дээ гэтэл өгөхгүй гэхээр нь би уурлаад сууж байсан сандлаа аваад ширээн дээр цохихдоо Б-ын гарыг давхар цохичих шиг болсон. Тэгтэл чи намайг цохичихлоо гээд орилж хашгираад байхаар нь би чамайг цохиогүй гэтэл мөнгийг чинь өгөхгүй, би танил талтай хүн чамайг танил талаараа чангалж чадна гээд байхаар нь гарахдаа ширээнийх нь хажууд байсан дэлгэц рүү нэг удаа өшиглөчихөөд гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Э- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо ...... эмнэлгийн байранд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Б-ыг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүнийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-, гэрч  Ш.А- нарын мэдүүлэг, шинжээчийн 194 дугаартай дүгнэлт, Ш.Э-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч Ш.Э- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хэрэгт хохирогч Д.Б-ын “... Ажлын байран дээрээ  зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/  авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Э- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ш.Э-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ш-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ш.Э- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ш.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ