Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           03           27                                       2020/ШЦТ/300

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Б-ын Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005006920348 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ...  дүгээр сарын ...-ны өдөр ..... аймаг ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо ...  дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ын Х-

 

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын 1202 тоот өрөөнд иргэн Г.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “Би нөхөртэйгөө амьдраад 4 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. Хэрэг гардаг өдөр буудалд манай нөхөртэй Г.Н- хамт байна гэхээр нь би яваад очсон. Тэгээд өрөөнд ороод муудалцаж, улмаар харилцан зодолдсон. Г.Н-д гэмтэл учруулсан нь миний буруу” гэв.

 

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын 1202 тоот өрөөнд иргэн Г.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Н-гийн “2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед манай найз М, Б хоёр над руу залгаад Гранд Хилл зочид буудалд байна, хүрээд ирээч гэсэн. Би яваад очсон чинь Гранд Хилл зочид буудлын 1202 тоот өрөөнд ороход Б, М, Д- гурав байж байсан. Тэгээд Д- дэлгүүр ороод чамайг архи ууддаггүй болохоор чинь виски авчихлаа гээд нэг шил виски, нэг шил архи, ундаа авч орж ирсэн. Тэгээд найзуудтайгаа ганц уулзаж байгаа юм чинь гээд нөгөө вискинийх нь талыг уучихсан юм. Би нэлээд согтчихсон байсан болохоор дуудлагын жолооч дуудаад шөнө 01 цаг болж байхад зочид буудлын өрөөнөөс гартал өөдөөс нэг эмэгтэй гарч ирээд намайг буцаагаад буудлын өрөө рүү түлхэж оруулсан. Тэгэхээр нь би Д-ийг эхнэртэй гэдгийг нь мэддэг болохоор Д-ийн найз охин ороод ирлээ гэж бодоод нөгөө эмэгтэй надаас чи хэний найз охин юм гэж асуухаар нь би Ж-гийн найз гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй намайг ор луу түлхсэн. Би чи буруугаар ойлгоод байна гэж ярилцах гэсэн боловч нөгөө эмэгтэй үг авахгүй буудал хэсдэг янхан гээд хэл амаар доромжлоод миний ороолтноос татаад газар унагаасан. Тэр эмэгтэй намайг энд тэндгүй цохиод байсан. Би нэлээд согтолттой байсан ч гэсэн биеэ хамгаалах гээд нөгөө эмэгтэйг хөлөөрөө цааш нь жийсэн. Тэр эмэгтэй миний куртикныг тайлах гээд оролдоод байсан. Би газраас босч амжаагүй байтал нөгөө эмэгтэй миний толгой руу архины шилээр цохиод газар уначихсан байхад өшиглөж зодсон. Намайг Бын найз охин гэгч Х- гэдэг эмэгтэй архины шилээр толгой руу цохиод намайг газар унасан байхад өшиглөөд байсан.

... Би толгойн томографийн шинжилгээ хийлгэж өвчин намдаах эм авч ууж өвчин намдаах эм 30.000 төгрөгөөр авч уусан. Би тэр эмэгтэйгээр бие болоод сэтгэл санааны хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Г.А-ын “... Тэгээд Х- хүүхдээ хүнд харуулчихаад надтай ирж уулзаад Х- бид хоёр шөнө 23 цагийн үед Гранд Хилл зочид буудал руу явсан. Гранд Хилл рүү ороод би буудлын ресепшингээс нь үнэнээ хэлээд 1202 тоот руу орох гэсэн юм гэтэл намайг оруулаагүй. Намайг тэгээд ресепшингээс нь оруулаад өгөөч гуйж байх хооронд Х- миний хажуугаар шууд яваад 1202 тоот руу лифтэнд суугаад яваад өгсөн. Би ресепшингээс нь оруулчихаач гэж 30 минут орчим гуйж зогсож байтал Х- хувцасных нь энгэр нь норчихсон дээр ёстой бөөн юм боллоо, нөгөө эмэгтэйтэй нь маргалдаад зодолдчихсон явъя гээд хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр буудлаас гарах гэтэл Х- 1202 тоот өрөөнд утсаа орхисон байна гээд буцаж орж утсыг нь авсан.  1202 тоотод ороход манай нөхөр Д- согтуу унтаж байсан. Бтай хамт явж байсан Н- гэгч эмэгтэй нь гараа атгачихсан виски уучихсан согтуу сууж байсан. Би нөхөр Д-ийг сэрээх гээд чадалгүй буцаад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2383 дугаартай:

“1. Г.Н-гийн биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун бугалга, шуу, зүүн гарын алга, баруун өвдөгт цус хуралт, шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Б.Х-ын яллагдагчаар өгсөн “ ... Би шөнө 23 цагийн үед хүүхэд харах хүн олж хүүхдээ харуулчихаад А-тай хамт Модны 2 орчим уулзаад А-ын утаснаас Бын найз М рүү залгахад нэг согтуу байрын эмэгтэй хүн утсыг аваад бид нар ууж байна гэж хэлсэн. Тэгээд Гранд Хилл зочид буудал руу  ороод А- буудлын ресепшинтэй ярилцаж байх хооронд би Бын байгаа өрөөнд шууд яваад орсон чинь гадуур хувцсаа өмсчихсөн нэг эмэгтэй миний өөдөөс гараад ирэхээр нь би чи байж бай, чи хэн бэ гэсэн чинь Н байна гэсэн. Би чи хэнийх нь найз охин юм гэтэл Ж-гийн найз охин гэж хэлсэн. Ж- гэдэг нь манай нөхөр Быг хэлж байгаа юм. Би нөхөр Быг орон дээр хэвтэж байхад нь хоёр удаа алгадахад сэрэхгүй унтаад байсан. Тэгтэл нөгөө Н гэдэг эмэгтэй Бын хажуугаар орж орон дээр нь хэвтсэнээ чи нөгөө яриад байдаг авгай нь уу гээд өрөвдмөөр юмаа гээд инээгээд байсан. Тэгээд би гар утсаар гаргаж ирээд бичлэг хийж эхлээд нөгөө бичлэгээ зогсоочихоод дахин бичлэг хийх гэж оролдтол нөгөө эмэгтэй миний гар утсыг цохиж газар унагаагаад чи битгий давраад байгаарай гээд миний давсаг руу жийсэн чинь би сандал руу унасан. Тэр Н гэх эмэгтэй над руу архины рунк шидээд миний уруулыг оноод стакантай ус шидсэн чинь миний энгэр тэр чигээрээ норсон. Би Н гэгч рүү ширээн дээр байсан архины бакал юм уу, шил юм уу юу байсныг нь санахгүй байна, нэг юм аваад шидсэн. Оносон үгүйг нь би мэдэхгүй. Тэгтэл М намайг түлхэж гаргасан. Би утсаа буудлын өрөөнд үлдээсэн байсан. Тэгээд буудлын ресепшин дээр буцаж ирээд А- болон буудлын ресепшинтэй хамт дахин 1202 тоот өрөөнд орж утсаа авахад Б сэрчихсэн Нтай хамт архи уугаад ширээний хажууд сандал дээр сууж байсан.

... Н-гийн биед гэмтлийн би үүсгэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Г.Н-гийн “...Одоо Х-д гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 70 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х- 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Х- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ