Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           14                                        2020/ШЦТ/166

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Г.У-, Г.Г- тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч П.М- түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Г-ийн У-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

Б овогт Д-ийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1905007560191 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо ....... дугаар гудамж ... тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай магадлалаар 6 сарын баривчлах ял болгон өөрчилж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 17 хоногийн баривчлах ялаас чөлөөлсөн, Б овогт Г-ийн У-.  

 

 

Монгол улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... дүүргийн ... дүгээр хороо ........ дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ....... дүүргийн ... дугаар хороо ......... гудамж ... тоотод оршин суух, Б овогт Д-ийн Г-.

 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.У-, Д.Г- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны төвийн махны лангуун доороос иргэн П.М-ын гар цүнхтэй биет 9.778.000 төгрөг, Samsung s6 edge загварын гар утас, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг нийт 10.236.160 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.У- ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 11 минутын орчимд 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрийн  3 давхарт иргэн Л.Б-ын гар цүнхэн түрийвч, банкны карт болон бэлэн 200.000 төгрөг, картнаас биет 1.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Г.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүлэгт хохирогч П.М- мэдүүлэхдээ: “Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлын газрын лангуун дээрээс өөрийн цүнхийг хулгайд алдсан. Шүүгдэгч нар 1 жилийн хугацаанд надад хохирлын 5.000.000 гаран төгрөгийг төлсөн. Мөн би үлдэгдэл хохирлоо шүүгдэгч нараас гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

1. Шүүгдэгч Г.У-, Д.Г- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны төвийн махны лангуун доороос иргэн П.М-ын гар цүнхтэй биет 9.778.000 төгрөг, Samsung s6 edge загварын гар утас, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг нийт 10.236.160 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-8 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авах, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 16-18 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 29 дүгээр хуудас/

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “... Яллагдагч Г.У- нь босоо хар өнгийн булган малгай, хар өнгийн куртик өмссөн, ар талд нь яллагдагч Д.Г- нь цагаан шаргал өнгийн шлапен малгай өмссөн хар өнгийн, улаан өнгийн эмжээртэй куртик өмсөн орж ирж байгааг харуулав.

... Яллагдагч Г.У- нь лангуу руу доошоо тонгойн Д.Г-ийн өвөрт нь ямар нэгэн зүйл хийж өгч саарал саравчтай малгайтай хагас урт куртиктай үл таних залуу мах зүйл сонирхож хохирогчийг сатааруулж байгааг гэрэл зургаар харуулав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 31-42 дугаар хуудас/

 

Хохирогч П.М-ын “2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барс 2 захын манхны лангуун дээр ажлаа хийгээд зогсож байгаад лангууны дотор талын хэсгээс өөрийн бор шаргал цүнхтэй, нийт бэлэн 8.478.000 төгрөг, түрийвчтэй бэлэн 1.200.000 төгрөг, мөн дугтуйн дотор 100.000 төгрөг, мөн 2018 онд 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан Samsung S-6 гар утас тооцоо бланс бичсэн дэвтэр, бусад эд зүйлээ алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Түрийвчтэй 1.200.000 төгрөгийн хувьд бол өдөр бүр орлогоныхоо дээжийг хийж хадгалдаг мөнгө байсан. Харин 8.478.000 төгрөгийн хувьд цагаан сараар бэлдсэн махны 2 хоногийн орлогын мөнгө байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад манай түнш над руу залгаад 1 үхэр аваад орж байна авах уу гэхээр нь зөвшөөрөөд гэрийнхээ гадаа очиж махыг нь авсан. Тэгээд махны мөнгө мобайл банкаар 1.700.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл тэр өдрийн орлого 2.000.000 гаруй төгрөг үлдээд цүнхэндээ байлгаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 үхэр, 20 гаруй бог малын мах зараад нийт 4.000.000 гаруй төгрөгийн орлоготой болоод тэр өдрөө замаараа хүнээс авах ёстой байсан мөнгөө гуанзанд очиж 700.000 төгрөг авсан. Ингээд бодооод үзэхээр надад бэлэн 8.000.000 гаруй төгрөг байсан. Би мах зарсан орлогын мөнгөө банкинд хийж амжаагүй. Хүнд мөнгө хариулж өгөх байх гэж бодоод цүнхэндээ байлгаад байсан. Манай нөхөр М-, манай хүү Б- нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны  орой бүх мөнгийг тоолоод багцлаад надад өгсөн. Тийм  болохоор би сайн мэдэж байна. Манай лангуун дээрээс зарагдсан махны тоо ширхэгийг байгууллагын хяналтын камерт бичигдсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дүгээр хуудас/

 

Гэрч М.Б-ын “2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай ээж М- нь лангуун дотроосоо нийт 9.600.000 төгрөг, бусад эд зүйлээ хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагаан сар болох гэж  байсан болохоор 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж ээж хөдөөнөөс түншүүдээсээ мах бөөндөж их хэмжээгээр авсан. Махны хувьд сайн зарагдсан. 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд ээжтэй хамт Барс 2 захын манхны лангуун дээр махаа зарахад нь тусалж хамт ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд ойролцоогоор 8.000.000-9.000.000 төгрөгийн үнэтэй мах зарагдсан. Ээж махны мөнгөө байнга цүнхэндээ хийж бэлнээр авч явсан. Учир нь хүмүүст мөнгө задлах үед мөн хямдхан мах гаднаас орж ирвэл авна гэсэн бодолтой байсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой манай аав М-, ээж бид гурав 01, 02-ны өдрүүдийн орлогоо тоолж үзэхэд нийт 8.000.000 төгрөг байсан. Бид хэд тэрийг нь боодлоор нь цэгцэлж байгаад ээж М-д өгсөн. Мөн түрийвчинд нь 1.000.000 гаруй төгрөг байсан. Нийт 9.600.000 орчим төгрөг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар хуудас/

 

Гэрч Л.М-ын “... Би өмнөх орой нь цүнхэнд байсан мөнгийг нь тоолоод 8.478.000 төгрөгийг тоолж эхнэр М-д эмхэлж цэгцлээд өгсөн. Мөнгөө өгөхдөө чи яасан их бэлэн мөнгө авч явдаг юм бэ алдах гэж байгаа юм гэж хэлж байсан. Манай махны лангууны хоёр өдрийн орлого байсан юм. Би эхнэртээ махыг нь ажлын заваараа ирж хүргэж өгдөг. Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүчит шонхор захаас таньдаг байнгын түншээсээ 210 кг, 217 кг жинтэй 2 үхэр, нийт 259 кг жинтэй 10 ширхэг хонины гулууз мах авч эхнэртээ авчирч өгсөн. Тэдгээрийг зарсан мөнгө байсан. Өшөө манайх өөрсдийн хашаанд мах нөөцлөх зориулалттай контейнер байдаг. Тэрнээс 01 дүгээр сарын 31-ний орой нэг бүтэн үхэр 230 кг тал үхрийн мах 120 кг, 10 хонь, 10 ямаа ачаад аваачиж өгсөн. Энэ бүгдийг зарсан. Мөнгөө эхнэр бэлнээр авч яваад хулгайд алдсан байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар хуудас/

 

Гэрч Т.Ц-ийн “... Надаас 01 дүгээр сарын 30-ны өдөр Мөөжиг бага хүү Б-той ирж 4 үхрийн мах  721 кг 5.047.000төгрөгний мах аваад мөнгийг нь хэсэг хэсгээр нь өгсөн байх. Би шалгаж үзээгүй. Манай эхнэр Наранбаярын данс руу хийлгэдэг байсан. 01 дүгээр сарын 31-ний өдөр Мөөгий ганцаараа ирж 2 үхэр 427 кг 2.989.000 төгрөгөөр, 10 ширхэг хонины гулууз мах 259 кг 1.424.000 төгрөгний мах зээлээр тус тус авсан. Тэрнээс хойш би амраад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 79 дүгээр хуудас/

 

Гэрч Лхагвасүрэнгийн М-ын “Би Барс 2 зах дээр П.М- эгчтэй хамт зарж байгаа махыг нь шулж туслаад 15 жил болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 үхэр, 15 бог мал орж ирж би шулж эвдэж янзлаад Мөөжий эгчид өгч, эгч цааш нь зардаг. Өдөртөө оруулсан махаа бүгдийг нь Мөөжий эгч өдөрт нь зарж дуусгасан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 01-ний өдөр ахиад 2 үхрийн бүтэн мах, 15 бог мал шулж эвдэж оруулсан. Тэгээд тэр өдрөө бас зарж дуусаад оройн 19 цагт тарсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 02-ны өдөр дахиад 2 үхэр, 15 бог мал оруулсан. Тэгээд бас өдөртөө Мөөжий эгч зарж дуусгасан. Энэ хэдэн өдрүүд маш их хүнтэй худалдан авагч ихтэй байсан учир хурдан борлогдож байсан.

... 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бас л мөн адил 2 үхэр 14 бог мал оруулсан байсан. 09 цагт би махаа янзлаад эхэлж байсан. Мөөжий эгч махаа зараад л байж байсан. Тэгээд 10-11 цагийн хооронд байх байнга мах авдаг М- ах ирээд Мөөжий эгчийг дэвтэрээ гаргаад ир тооцоогоо хийе гэж хэлсэн. Мөөжий эгч цүнхээ авах гэтэл цүнх нь байхгүй байсан. Цүнх нь алга болсоныг мэдээд Мөөжий эгч камер шүүх гээд яваад өгсөн. Би гадуур Хархорин зах Барс 2 захын хашаа тэр хавиар хаясан байж магадгүй гээд хайсан боловч олдоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 86 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 90-92, 95-96 дугаар хуудас/

 

Г.У-ын яллагдагчаар өгсөн “... Бид хоёр юм үзэж яваад  махны тасаг орсон. Б үсэг хэлбэртэй лангууны дотор талд бор шаргал өнгийн цүнх харагдсан. Тэгэхээр нь би аваад Г-т өгсөн. Тэгээд гараад явсан. Явах замдаа бид хоёр цүнхийг уудалж үзсэн. Тэгсэн цүнхэн дотор 2 боодолтой бүхэл задгай хоёр болгож ялгасан бэлэн мөнгө байсан. Тэр мөнгө яг хэд байсаныг тоолоогүй.

... бас дугтуйн дотор хийсэн шинэ мөнгөнүүд байсан. Түрийвчин дотор мөнгө байсан. Бүхэл задгай бас тоолоогүй. Хэдэн төгрөгийг байсныг мэдэхгүй. S 6 гар утас байсан. Юм тэмдэглэдэг дэвтрүүд байсан. Бас будаг шунх байсан. Мөнгийг нь аваад бусдыг нь торон дотор хийгээд гэртээ очоод хажуу хоосон хашааны нойлд хийж нуусан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 126-127 дугаар хуудас/

... Би тэр өдөр булган малгай чих дарж өмсдөг малгайг нь дээш нь босгон өмссөн байсан. Гадуураа хар богино дотортой савхи гадуур хувцастай, хар даавуун өмд, үдээстэй богино түрийтэй хар ботинкон гуталтай байсан. Харин найз Г- дугуй шар мал шлепен малгайтай, улаан цахилгаантай хар ногоон өнгийн мөр цээжин хэсгээрээ саарал оруулгатай сентефон өвлийн куртиктай хар өнгийн биеийн тамирын даавуун өмд байх шиг байсан. Гутлыг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 128-129 дүгээр хуудас/

“... Харин Барс 2 зах дээр үйлдсэн хэргийнхээ хохирлоос 3.000.000 төгрөг төлсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 223-224 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Г.У- ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 11 минутын орчимд 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрийн  3 давхарт иргэн Л.Б-ын гар цүнхэн түрийвч, банкны карт болон бэлэн 200.000 төгрөг, картнаас биет 1.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хаан банкны харилцагч Лхагвасүрэнгийн Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 2 дугаар хавтас 125 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хороолол захын Хас банкны АТМ-ын урд талд сэжигтэй 2 дахь этгээд хохирогчийн алдсан гэх цүнхийг энгэрээсээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17:12:35 минутанд гаргаж ирсэнг харуулав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 2 дугаар хавтас 128-132 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хас банкны АТМ-ын хяналын камерын бичлэгийг” эд мөрийн баримтаар тооцсугай гэсэн тогтоол. /хэргийн 2 дугаар хавтас 135 дугаар хуудас/

 

Хохирогч Л.Б-ын “Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг эрэгтэй хувцасны дэлгүүрээс  хувцас үзэхдээ гартаа байсан гар цүнхээ дэлгүүрийн тавиур дээр тавьчихаад хувцас өмсөж байхад гар утсанд 2 удаа мессеж ирсэн. Тухайн үед би ирсэн мессэжээ хартал миний Хаан банкны 5090443031 тоот данснаас 2 удаагийн зарлагаар нийт 1.600.000 төгрөг уншигдаад гарсан. Тэгэхээр нь гайхаад Хаан банкны лавлах утас руу залгаад байж байтал миний гар утас руу Хаан банк өөрөө залгаад таны картнаас 5.000.000 төгрөг гарах оролдлого хийлээ, та өөрөө юу гэхээр нь үгүй ээ картаа хулгайд алдсан бололтой гэтэл миний картыг хаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

... Эрэгтэй хүний бор өнгийн жижиг гар цүнх. Дотор нь 1 ширхэг Хаан банкны карт бэлнээр 200.000 орчим төгрөг. Би алдсан гэх гар цүнхээ үнэлэхгүй ээ. Хуучин учир” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 144-145 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 2 дугаар хавтас 147-148 дугаар хуудас/

 

Г.У-ын яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас 157-158 дугаар хуудас/

“... Ачлал их дэлгүүр лүү дулаацах гэж ороод байж байтал 2 давхарын шалан дээрээс бор өнгийн гар цүнх олоод доторхыг нь онгойлгож үзэхэд Хаан банкны виза карт иргэний үнэмлэх байсан. Би хорооллын нэг зах ороод хүн гуйгаад энэ картыг уншуулаад өгөөч нууц код нь энэ байна гэж паспортон дээр байсан төрсөн он сар өдрийг хэлэхэд таарч Хаан банкны АТМ-ээс хоёр удаагийн гүйлгээгээр 1.600.000 төгрөг авч мөнгө авч өгсөн хүндээ би 5000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөрөө архи ууж яваад тал мөнгийг согтуу хаясан байгаа юм.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 223-224 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.У-, Д.Г- нар нь бүлэглэн иргэн П.М-ын гар цүнхтэй биет 9.778.000 төгрөг, Samsung s6 edge загварын гар утас, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг нийт 10.236.160 төгрөгийн эд хөрөнгийг,  шүүгдэгч Г.У- ганцаараа Л.Б-ын гар цүнхэн түрийвч, банкны карт болон бэлэн 200.000 төгрөг, картнаас биет 1.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Л.Б-аас “... Хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэсэн хүсэлт  /хэргийн 2 дугаар хавтас 227 дугаар хуудас/ авагджээ.

Харин хохирогч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У- 3.618.000 төгрөг,  Г.Г- 2.118.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, хохирогч нар бичгээр баримт үйлдэж шүүхэд өгсөн байна.

Иймд хохирогч П.М-д учирсан хохирлоос үлдсэн 4.500.160 төгрөгөөс шүүгдэгч Г.У-ын төлөөгүй 1.500.080 төгрөгийг, Г.Г-ийн төлөөгүй үлдсэн 3.000.080 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. 

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Г.У-ын энэ хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг дурдвал зохино.

Шүүх, шүүгдэгч Г.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан байдлыг ял оногдуулахдаа харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Г.Г-ийг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.У- нь 6 настай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг гэж мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар “ ... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж зааснаар түүний бага насны хүүхдэд асран хамгаалагч томилуулах асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн У-ыг бүлэглэн болон ганцаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Б овогт Д-ийн Г-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Г.У-ад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Г.У-ын энэ хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Г.Г- нь 2 хоног баривчлагдсан болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Г.У-ын бага насны хүүхэд болох 6 настай У-ын Цогбадрахад асран хамгаалагч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-аас 1.500.080 төгрөг, Г.Г-оос 3.000.080 төгрөг гаргуулж хохирогч П.М-д олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ