Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

     2020           02          17                                       2019/ШЦТ/178       

+                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч  А.Марал,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас М овогт Г-ын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905030001168 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, группэд байдаг, ам бүл 5, эх, дүү нарын хамт ......  аймгийн .... сумын ... дугаар баг ....... гудамж .... тоотод оршин суух,

урьд Орхон аймгийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж  Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 3 хоногийн ялыг тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадваргүй, М овогт Г-ын Г-

 

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн Д.О-ын зүүн болон баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь  зүүн шанаа, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр иргэн Д.О-ын зүүн болон баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь  зүүн шанаа, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Д.О-ын “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр явж байхдаа эхнэр Мөнхгэрэл рүү ямар хоол авах уу гээд чат бичээд явж байтал буудлын сандал дээр сууж байсан 2 залуугийн нэг нь гэнэт босч ирээд зүүн болон баруун талын шанаа руу 2 удаа гараараа цохиод зүгээр яваарай гэж хэлчихээд Голден парк руу  ороод зугтахаар нь би цагдаа руу залгангаа араас нь дагаад явж байтал миний урдаас чулуу  авч шидсээр явж байгаад буцаад 10 дугаар хороолол руу тойроод гараад ирэх үед цагдаа нар ирж таараад уг залууг барьж авах гэтэл эсэргүүцэл үзүүлэн гартаа барьж байсан том чулуугаар цагдаагийн толгой руу 2-3 удаа цохисон. Тухайн үед хамт байсан залуу нь намайг цохих үед зугтаад алга болчихсон. Цагдаа нар уг залууг газар хэвтүүлж байгаад чулууг нь булааж аваад, аваад явсан.

          ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8568 дугаартай:

          “1. Д.О-ын биед зүүн шанаа, уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг  хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Ж-гийн “ 2019 оны 07 дугаар сарн 12-ны өдөр Баянгол дүүргийн 4,5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-аас Баянгол дүүргийн 20 дугаар хороо 10 буудлын урд талд зодууллаа гэх дуудлага нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлын урд талд дуудлага андуурагдаж орж ирсэн. Очоод шалгаарай гэхээр нь цагдаагийн дэд ахлагч Г.М-ын хамтаар дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдож байршилыг заалгаж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун далай сургуулийн арын явган хүний гарцан дээр очиж дуудлага өгсөн хүнтэй уулзахад намайг чулуугаар цохисон хүн тэнд явж байна гэж заасны дагуу зодсон гэх иргэн рүү очиход хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Г.Мөнхбаярын толгойн зүүн дээд талд чулуу мэт зүйлээр шууд эргэж хараад цохисон. Энэ үед би уг танхайрсан иргэний зүүн гарыг нь барьж аван биеийн хүч хэрэглэн гавлаж хөдөлгөөнийг хязгаарлаж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

          ...Зодуулсан гэх хүн нүүр лүүгээ цохиулсан гээд амнаас нь цус гарсан байсан. Цагдаагийн албан хаагч танхайрсан иргэн рүү очиход шууд цохисон. Тухайн үед маргаан болоогүй. Би тэр хүний зүүн гар талд байсан учир зүүн гарыг аюулгүй болгож барьж хоёр хөлийг нь хавсарч унаган гавлах үйлдэл хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч М.А-ын “Би 5 хүүхэдтэй. Г- нь миний 3 дахь хүүхэд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд надтай хамт амьдардаг юм. 2014 онд гэнэт л гэрийнхээ бүх эд  зүйлийг эвдээд овоолчихсон нааш цаашаа холхиулаад хүн ойртуулахгүй шүлсээ үсчүүлээд ална шүү гээд дайраад байхаар нь цагдаа дуудаж бариулаад Улаанбаатар хотод Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч гарч ирээд дахиад л энэ байдал давтагдаад байхаар нь 2016 онд 1 жил гаран дахин сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн гаргасан. Сар болоод л Орхон аймгийн сэтгэц мэдрэлийн тасагт хэвтэн эмчтлүүлдэг. Одоо бол тэнд авахаа болиод хот руу сэтгэцийн эмнэлэг рүү явуулдаг болсон. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сард хэвтээд 5 сард гарч ирсэн. Орхон аймгийн цагдаа нар бол намайг хүүгээсээ хол бай гарт нь үхнэ шүү гэсэн болохоор ойртохгүй айгаад байдаг юм. Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололд дүү Гансүхийнд нь түр байлгаж байх хугацаанд хүн зодоод цагдаа дээр ирсэн байсан. Мөн дүү Гансүх нь хөдөө ажлаар яваад ирэхэд нь бас л гэрийнх нь хамаг эд хогшилыг эвдчихсэн байсан учир 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  Шархадны сэтгэцийн эмнэлэгт дахин хэвтүүлсэн байгаа. Сэтгэцийн өөрчлөлтэй гэдэг боловч яг ямар оноштойг нь эмч нар нь надад хэлдэггүй.

...Би хүртэл өөрөө айгаад байдаг учир хотод дүүд нь харуулахаар нааш нь явуултал бас л хэрэг тарьчихсан байсан. Энэ хүнийг эмнэлгээс нь гаргахгүй л байлгамаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1042 дугаартай:

“1. Г.Г- нь хэрэг үйлдэх үед шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдан хянан чадваргүй байсан байна. Г.Г- нь үйл явдлыг зөв тайлбарлах мэдүүлэх чадваргүй байна.

2. Г.Г- нь Орхон аймгийн сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг байна. Г.Г- нь СЭМҮТ-д 2014 онд 1 удаа, 2015 онд 1 удаа, 2017 онд 1 удаа, 2019 онд 1 удаа тус тус хэвтэн эмчлүүлсэн байна.

3. Г.Г- нь одоо шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Г-т албадан эмчилгээ хийх шаардлагатай байна. Г.Г-ийн албадан эмчилгээг СЭМҮТ-ийн тусгай тасагт хийх шаардлагатай байна.

4. Г.Г- нь хэрэг хариуцах чадваргүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2-2/111 дугаартай албан бичиг, Галбадрахын Г-ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хэргийн 22-39 дүгээр хуудас/

 

Яллагдагч Г.Г-ийн  хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагийн “... 2006 билүү 2007 оноос гэнэт ааш зан өөрчлөгдөөд ууртай ширүүн болоод ганцаараа байх гээд хүмүүсээс дайжаад шөнө унтахгүй нойргүй болж эхэлсэн. 2008 оноос Эрдэнэтэд сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014 оноос Улаанбаатар хотын сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх болсон Өвчин нь хөдлөхөөр гэрт байгаа бүх л эд зүйлийг эвдээд овоолчихдог. Огцом ширүүн ууртай болчихдог юм. Архи уудаггүй. Тамхи татдаг. Эмээ уу гэхээр уудаггүй. Энэнээс болоод өвчин нь амархан сэдэрчихдэг. Өөрийгөө ямар ч удирдах чадваргүй болчихдог. Дараа нь өөрөөс нь асуухаар юу ч санадаггүй юм. Мэдэхгүй би тэгээгүй гээд байдаг юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68-69 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 108 дугаартай:

“1. Г.Г-т эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээг 6 сарын хугацаатай авах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 101-103 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын  дүгнэлтүүд, улсын яллагчийн саналыг харгалзан СЭМҮТ-ийн тусгай тасагт 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг дурдах нь зүйтэй.

 

          Хохирогч Д.О- мөрдөн шалгах явцад “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 9,45 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагаас гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг хэлэлцэхэд түүний өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 2, 3, 6 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 7 сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ