Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           20                                        2020/ШЦТ/196

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт С-ын А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005004670207 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежмэнт мэргэжилтэй, Мини зочид буудлын ресепшин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо ...... гудамж .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Мини зочид буудлын 5 дугаар өрөөнд иргэн  Д.Н-ын зүүн чих ар хэсэгт нь хутгаар хатгаж, нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн чихний ар хэсэгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Мини зочид буудлын 5 дугаар өрөөнд иргэн  Д.Н-ын зүүн чих ар хэсэгт нь хутгаар хатгаж, нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн чихний ар хэсэгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-7 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Н-ын “2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эхнэртэйгээ бага зэрэг маргалдаад гэрээсээ гараад 2,5 литрийн нэг шил пиво аваад найз Н-тай хамт уугаад сууж байхад зүс таних А- гэдэг залуу Н- луу яриад уулзахаар  болоод 10 дугаар хорооллын Фараон пабад орж хүний 2,2 шил пиво уугаад 02 цагийн үед тэндээсээ гараад А-ийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мини зочид буудлын 5 номерын өрөөнд 2 шил 2,5 литрийн пиво авч ороод эхнийхээ пивыг ууж байгаад ариун цэврийн өрөөнд орж бие засаж байхад А-, Н-ыг нухчихъя гэхээр нь үгүй ээ бид найзууд гээд гарч ирээд сандал дээр сууж байтал А- гэнэт халааснаасаа хутга гаргаж ирээд миний зүүн талын чихний ард хатгачихсан. Н- А-ийн хутгыг булааж аваад намайг авч гараад Н-ын гэрт очиж түргэн дуудсан.

Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. А- миний зүүн чихний ар хэсэгт хутгаар хатгаж  уг гэмтлийг учруулсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

... Гэмтлийн эмнэлэгт очиж чихнийхээ хойд хэсэгт 3 оёдол тавиулсан. А- надаас уучлалт гуйн бид хоёр сайн дурын  үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21 дүгээр хуудас/

“А- минй зүүн чихний хойд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Салгах гэж зууралдаж байхдаа шанаанд маажсан байсан.

... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Н-ын “... А- ажил дээрээ очихгүй бол болохгүй хамт манай ажил дээр очъё пиво байгаа гэхээр нь Н- бид хоёр хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мини зочид буудлын 5 номерын өрөөнд орж пиво ууцгаасан. Би А-ийн утсаар дуу сонсоод орон дээр сууж байтал гэнэт юунаас болсоныг мэдэхгүй А-, Н- хоёр хальт маргах шиг болтол А- хүрэмнийхээ зүүн талын дотор халааснаас саарал өнгийн төмөр иштэй хутга гаргаж ирээд Н-ын зүүн талын чих орчим хатгахаар нь би хутгыг нь булаагаад автал Н- яаж байна гээд А-ийн хацар луу цохитол орон дээр унасан. Би Н-ыг аваад гарахдаа хутгыг нь хаалганы хажуу тал руу шидчихээд гарсан. Шууд 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэг дээр очтол хүнгүй байхаар нь гэрлүүгээ ороод ахынхаа утсаар цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1855 дугаартай:

“1. Д.Н-ын биед зүүн чихний ар хэсэгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “... цайвар ягаан өнгийн иштэй жижиг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 64 дүгээр хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “... Хохирогчийн толгойн тус газар хатгасан гэх хутганы бариул хэсэг нь цайван ягаан өнгийн 9 см-ын урттай, ажлын хэсэг нь мөн 9 см-ын урттай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй” гэсэн тэмдэглэл. /хэргийн 66 дугаар хуудас/

 

С.А-ийн яллагдагчаар өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед найз Н- луу залгаад уулзая гэтэл нэг найзтайгаа очъё гээд 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Фараон нэртэй пабад сууж байхад Н- Н- гэх залуутай ирсэн.

... Н- бид хоёр ариун цэврийн өрөөнд ороод Н-ыг нухчихъя гэтэл Н- үгүй гээд гарсан. Суугаад юм ярьж байтал Н- намайг доромжилсон нэг үг хэлээд бид хоёр маргаж байгаад би халаасанд байсан жижиг цайвар цэнхэр өнгийн хуванцар иштэй хутгыг аваад зүүн талынх нь чихний хойд хэсэгт нэг удаа хатгаад нүүр лүү нь 1-2 удаа гараараа цохисон. Тэгтэл Н- миний хутгыг булааж аваад гүйж гараад цагдаа дуудчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах явцад хохирогч Д.Н-ын ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг мөн түүний “...А-тэй сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн. Гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 61, 89 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй ажлын хэсэг нь мурийсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.А-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.А- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй ажлын хэсэг нь мурийсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ