Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

2020             02           20                                        2020/ШЦТ/197

 

 

     

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Г-ийн Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002820101 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны  ... дугаар сарын ... -ний өдөр ..... аймагт төрсөн, ... настай, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 1, ......... аймаг ...... сум ялалт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ....... дүүрэг ...дугаар хороо ....... гудамжны ... тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод түр оршин суух,  Х овогт Г-ийн Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco banana” бааран дотор Э.Б-ий нүүрэн тус газар 2 удаа цохиж  эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд 2 хэсэг шарх, баруун эрүүний булан хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “Бааранд байхдаа хохирогчтой муудалцсан. Баарнаас гарч явахад араас дагаж гарч ирэхээр нь цохисон нь үнэн. Хохирогчтой уулзаж гомдол, саналыг нь сонсож эвлэрсэн”гэв.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco banana” бааран дотор Э.Б-ий нүүрэн тус газар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд 2 хэсэг шарх, баруун эрүүний булан хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Б-ий “2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад найзууд болох Б.А-, Ч-, Г.А- нарын хамт Coco banana бааранд орсон. Бааранд ороод ширээнд суугаад удаагүй байтал нэг залуу ирээд бид нарын ширээн дээрээс пиво аваад уусан. Пиво аваад уухаар нь манай найз А- араас нь очоод пивоо авсан. Тэгээд байж байтал баарны хамгаалагч ирээд тэр залууг аваад гарсан. Хамгаалагч тэр залууг аваад явсаны дараа би бие засах өрөө орох гээд явж байтал нөгөө залуутай баарны үүдэнд тааралдсан. Тэгээд би нөгөө залуу дээр очоод зүгээр биздээ хөгшөөн тэр чинь манай пиво байсан ш дээ гээд хэлтэл шууд миний нүүр лүү  баруун гараараа 1 удаа цохингуутаа дахиад зүүн гараараа 1 удаа цохиод би газар унасан. Тэгээд тэр залуу намайг цохиж унагаачихаад цаашаагаа яваад өгсөн. Энэ үед манай найзууд ирээд  хамгаалагчтай хамт очиж тэр залууг барьж аваад цагдаа дуудсан.

... Би тэр хүнд огт гар хүрээгүй. Бие засах өрөө баарны үүд хэсэгт байрлаж байсан. Эмчилгээ хийлгэж амжаагүй байна. Өнөөдөр эмнэлэгт очиж үзүүлнэ. Тэгээд хагалгаанд орох эсэхээ шийднэ. Эмчилгээний баримт байгаа. Гомдолтой байна. Баримтаар гарах бүх хохирлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “.. .цагаан өнгийн ямар нэг бичиггүй CD-г хураан авч эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийг эхлүүлэхэд уг бичлэгийн 00 минут 03 секундэд хохирогч Б- болон Г- нар өөд өөдөөсөө хараад зогсож байгаа дүрсийг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг бичлэгийн 00 минут 07 секундэд Г- хохирогч Б-ийг зүүн гараараа цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг бичлэгийн 00 минут 08 секундэд Г- хохирогч Б-ийг баруун гараараа цохиж хохирогч Б- газар унаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 11-14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ч-ийн “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 01 цаг өнгөрч байхад найзууд болох Б-, Г.А-, Б.А- нарын хамт Улаанбаатар паласын хажууд байрлах Coco banana бааранд ороод захиалга өгчихөөд сууж байтал нэг сахалтай залуу ирээд бид нарын ширээн дээрээс манай найзын ууж байсан пивыг шүүрч аваад уусан. Тэгэхээр нь бид хүүе яаж байгаа юм, наад чинь бид нарын ууж байсан пиво гэхэд тэр залуу манай найз Б-ээ рүү хараад хоёулаа халзагная гээд дайраад байсан. Тэгэхээр нь би маргаан гаргах гээд тэр залууд учирыг нь тайлбарлаад чиний ууж байсан пивыг зөөгч аваад явсан гээд хэлтэл баарны хамгаалагч ирээд тэр залууг аваад гарсан. Энэ үед Б-ээ бие засах өрөө орно гээд тэр залуугийн араас  үүд рүү явсан. Бид гурав ширээн дээрээ суугаад үлдсэн. Тэгээд байж байтал манай найз Г.А- Б-ээг газар унасан байхыг хараад босонгуут нь бид нар араас нь очиход баарны үүдэнд Б-ээ газар уначихсан, нүүр нь цус болчихсон байхаар нь хэн цохисон бэ гэхэд нөгөө сахалтай залуу гэсэн. Тэгээд тэр сахалтай залууг хувцасны өлгүүрээс хувцасаа авч байхад нь бариад цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1451 дугаартай:

“1. Э.Б-д зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд 2 хэсэг шарх, баруун эрүүний булан хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “... ширээн дээрээ иртэл миний ширээн дээр 4-5 залуучууд ширээ дүүрэн юм захиалчихсан сууж байхаар нь пиво авах гэтэл  бид нарын пиво гээд өгөхгүй маргаан болсон. Би хаячихаад гараад явах гэтэл надад цохиулдаг залуу араас хоргоогоод ална, тална гээд хутга шөвөг яриад араас дагаад яваад байсан. Үүдний коридорт араас гарнаас татахаар нь би эргээд хартал өмднийхөө халаас руу гараа хийх шиг болохоор нь би нүүр лүү нь гараараа цохичихоод зугтаад өлгүүр дээрээс хувцсаа авч байтал найзууд нь хамгаалагч дагуулаад ирсэн.

... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Э.Б-ий биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би нүүр лүү нь баруун зүүн гараараа нэг нэг удаа цохиж дээрхи гэмтлүүдийг учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Э.Б-ий  “... миний бие хохирсон бодит хохирол болох 651.254 төгрөгийг Г-ас гаргуулж 2020.03.15-ны өдөр авахаар тохиролцож байна. Өөр гомдол санал байхгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсэж байна. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрч байна” гэсэн хүсэлт /хэргийн 62 дугаар хуудас/ хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгчээс 651.254 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д олгох нь зүйтэй.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ас 651.254 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ