Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00020

 

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэртэй,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалтай,

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Э-т  холбогдох,    

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 48.630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Б.Э-т 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч Б.Э- нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Иймд, хариуцагч Б.Э-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 28.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 17.200.000 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 3.430.000, нийт 48.630.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Б.Э-  шүүхэд гаргасан тайлбартаа: Би анх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ш банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээс 40.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөгийг нийлүүлээд 28.000.000 төгрөг болгоод шинээр гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Ш банк бус санхүүгийн байгууллагын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ нь бодитойгоор байгуулагдаж зээл олгосон гэрээ биш миний өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож шинээр хийсэн мэтээр хийгдсэн гэрээ юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ш банк бус санхүүгийн байгууллага нь банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу зээлийн гэрээний дагуу надад зээлийн данс үүсгэж зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд надад мөнгөн хөрөнгийг олгосон гүйлгээ хийгдээгүй тул зээлийг олгоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д дэх хэсэгт заасны дагуу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл Ш банк бус санхүүгийн байгууллага нь 28.000.000 төгрөгийг надад шилжүүлээгүй, хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Ш банк бус санхүүгийн байгууллага нь надад мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Ш банк бус санхүүгийн байгууллагад буцаан төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх заалт болон дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр Ш банк бус санхүүгийн байгууллагад 28.000.000 төгрөгийн үндсэн зээл, 17.200.000 төгрөгийн хүү, 3430.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 48.630.000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Э-ээс 48.630.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 401.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 401.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагад олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг  зарим хэсгийг эс  зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

... Үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийн хэмжээнд шинэ гэрээ хийж, зээлийн хүүгээс хүү тооцох болсон. Өөрөөр хэлбэл, уг зээлийн гэрээний дагуу надад бодитоор хөрөнгө шилжүүлээгүй мөн 8.000.000 төгрөгийн хүүг үндсэн зээлд оруулан тооцож түүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй энэ хүрээнд дүгнэлт хийсэн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурдагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлээгүй, дээрх мөнгийг миний бие ашиглаж захиран зарцуулаагүй болно. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 65 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна. Тухайлбал, зээлийн гэрээний хугацаа 3 сараар хийгдсэн байх ба тус хугацаанд нэхэмжлэгчийн хувьд хүү авах байтал 7.200.000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж тооцсон хүү болох нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэр магадлалд дурдсанаар талууд өмнөх үүргийг сольсон талаар хариуцагчийн зүгээс маргаагүй харин хүү гэж тооцсон 8.000.000 төгрөгнөөс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 3.360.000 төгрөг нэхэмжлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шийдвэр, магадлалаас 3.360.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

            Ш ББСБ ХХК Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28.000.000 төгрөг, хүү 17.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.430.000 төгрөг, нийт 48.630.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа  талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэсэн байна.

         Хариуцагч уг гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй, өмнөх зээлийн үндсэн үүрэг 20.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөгийг хамтатган  28.000.000 төгрөг зээлсэн мэтээр шинээр гэрээ байгуулсан тул  зээлийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг бүрэн хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчснөөр маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

            Ийм нөхцөлд хоёр шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

            Хариуцагч Б.Э- 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний дагуу 28.000.000 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүсснийг шүүх хүлээн авч  захирамж гаргажээ./ хх-26, 27-р тал/

            Нэхэмжлэгч талаас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Э- 2 удаа нийт 100.000.000 төгрөг зээлсэн гэх орлогын 2 баримт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болгосон 28.000.000 төгрөгийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт байгуулсан талаар тайлбар өгсөн байна.  /хх-30-32-р тал/

            Хариуцагч удаа дараа нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээ, өмнөх 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойг тайлбарласныг хариуцагч маргаагүй боловч  эдгээр гэрээ, зээлийн төлөлтийн талаархи баримтыг хэрэгт  гаргаагүйгээс талууд өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, шинэ гэрээгээр хэрхэн үүрэг хүлээснийг тогтоох боломжгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

            Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3т зааснаар хариуцагч Б.Э-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ