Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/51

 

 

 

 

 

 

                                                                           

 


Б.Бибишэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                        Б.Эрхэмбаяр, М.Үүрийнтуяа

шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Цэцэгмаа

нарийн бичгийн дарга                                   О.Нямдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 285 дугаар цагаатгах тогтоолтой Б.Бибишэд холбогдох 2017 1900 0340 дугаартай 91 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 415 дугаар ангид хянагч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, дүүгийн хамтаар Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, 2-9 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баатарын Бибиш /РД:НВ95042419/.

Шүүгдэгч Б.Бибиш нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн 3-8 тоотод иргэн М.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баатарын Бибишэд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

цагаатгагдсан этгээд Боржигон овгийн Баатарын Бибишэд холбогдох эрүүгийн 201719000340 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

цагаатгагдсан этгээд Боржигон овгийн Баатарын Бибишэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

цагаатгагдсан этгээд Боржигон овгийн Баатарын Бибиш цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч М.Анхбаяр нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нэхэмжилдэг ба шүүгдэгч Б.Бибиш нь хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөнийг, үлдэх 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, эдгээр нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор М.Үүрийнтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг  хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Бибиш нь “өөрийн амь нас эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна” гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг цагаатгаж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Анхбаярын “Бибиш баруун орноос босож ирээд намайг хойшоо орон дээр унагаагаад дээрээс яг нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Би Бибишийг түлхээд ноцолдож байх зуур бид 2 орон дээрээс ойчсон. Бибиш 2 хөл дээрээ буугаад би газарт унаж таарсан. Тэгээд би ухасхийгээд босох гэтэл нүүрэн тус газар Бибиш 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ дараад доошоо болоод ам хоосон оргиод байх шиг болохоор нь хартал шалан дээр миний шүд уначихсан байсан. Бибиш намайг ганцаараа зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/. Б.Бибишийн яллагдагчаар өгсөн “Анхбаяр намайг өшиглөснөөс болж зуух мөргөж унаад хүндэвтэр хохирол авсан. Би түүний биед гэмтэл учруулсан” гэх /хх-ийн 39,42-р хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 255 дугаартай дүгнэлт “Анхбаярын бид хүндэвтэр гэмтэл учирсан” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Бибишийн М.Анхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон ба гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Бибишэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “аргагүй хамгаалалт хийсэн” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж, шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Б.Бибишэд холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 285 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж үзэж шүүгдэгч Б.Бибишэд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах тогтоол гарган шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Б.Бибиш нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн 3-8тоотод иргэн М.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Бибишийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх тодорхой бичиж дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх Б.Бибишийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн байх боловч Б.Бибиш нь хохирогч М.Анхбаярын ямар халдлагын улмаас аргагүй хамгаалалтыг хийсэн болох, аргагүй хамгаалалтын ямар нөхцөл байдал бий болсон эсэх, хохирогч М.Анхбаярын ямар хариу үйлдлийн эсрэг довтолгоо хийсэн болох, аргагүй хамгаалалтыг М.Анхбаярын ямар хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийсэн болохыг тодорхойлон үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн дээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн аль хэсэг, заалтуудын зохицуулалтыг баримтлан тодорхойлон дүгнэлт хийж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 тоот дүгнэлтэд “...1.М.Анхбаярын биед баруун талын хоншоор ясны гайморовын хананы хугарал, хоншоор ясны урд духны сэртэн, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн хоншоор ясны духны сэртэнгээс арагш гайморовын хөндийн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, дээд зүүн 1-р шүд унасан, дээд баруун 1-р шүд эмтэрсэн гэмт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж заасан гэмтлүүд нь Б.Бибишийн нэг удаагийн үйлдэл буюу хөлөөрөө жийж зуух мөргөж унасны улмаас учирсан эсэх, эсхүл хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэх нь тодорхой биш байна.

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч Б.Бибишээс мэдүүлэг авсан тэмдэглэл нь уншиж судлагдахуйц байх шаардлага хангахгүй, бүдэг байхад /хх-42/ прокурорын яллах дүгнэлтэд “...6. Яллагдагч Б.Бибишийн “...Анхбаяр намайг өшиглөснөөс болж зуух мөргөж унаад хүндэвтэр хохирол авсан. Би түүний биед гэмтэл учруулсан” /хх-39,42/ гэсэн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 285 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Бибишэд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Төв аймгийн прокурор газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хангасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Бибишэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

           ШҮҮГЧИД                                      Ц.ОЧ 

                                                                               Г.БОЛОРМАА