Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0457

 

Ч Ё Б-гийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ч Ё Б, нэхэмжлэгчийн орчуулагч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй, Ч Ё Б-гийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.5.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/220 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад орших суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгох эсэх талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШЗ/2019 дугаартай магадлалд “...жуулчлах зорилгоор авсан бизний ангиллыг зөрчсөн уг үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцоогүй тул шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй. Харин визний ангилал зөрчсөн Ч Ё Б-гийн үйлдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж тодорхойлсон.

Албадан гаргахаар болсон тухай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр утсаар мэдэгдсэн ч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чой Ён Бин /Choi Youngbin/, түүний өмгөөлөгч Ч.М, орчуулагч Д.Л нар гарын үсэг зурахаас татгалзан уурлан гарч явсан, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ч Ё Б, “Н К Т” ХХК-ийн захирал Б.Т нарт албадан гаргах тушаал гарсан, гомдол гаргах эрхтэй талаар танилцуулахад зөвшөөрсөн, гомдолд сонсох ажиллагаа хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгч Ч.М Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсаас албадан гаргах дараагийн үр дагавар 3 жилийн хар тамга дарах, үүнийг ашиглаж түүний хөрөнгөд эзэн суух хүмүүсийн ашиг хонжоо болоод байна” гэж дурдсанаас үзэхэд манай байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Мөн гомдол, мэдээлэл ирсэн буюу шалгалтын ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн Ч Ё Б болон түүний өмгөөлөгч, орчуулагч, төлөөлөгчдийн оролцоог хангаж байсан нь тэдний гаргасан хүсэлт, санал, гомдол бүхий удаа дараагийн албан бичиг бусад баримтаар хандаж байсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх оролцоог нь хангах ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх бүрэн боломжтойг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Ч Ё Б нь “Натурал колор трейд” ХХК-ийн 24 хувийг эзэмшигч хэдий ч жуулчин ангиллын визээр ирж компанийн үйл ажиллагаанд оролцсон нь ирсэн зорилгод нь үл нийцэх бөгөөд тэрээр манай байгууллагад гаргаж өгсөн тайлбараар нотлогддог. Энэ үйлдэл нь тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Ч Ё Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр жуулчлах зорилгоор ирсэн цагаасаа зөрчлийн хэргийн холбогдогчоор шалгагдах хүртлээ огтхон ч хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авах талаар  хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд зөвхөн жуулчин ангиллын визнийхээ байх хугацааг л сунгуулж байсан. Гэтэл зөрчилд холбогдож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад визийн ангилалтай холбоотой зөрчил гаргаснаа ухамсарлан, визний ангилал зөрчсөн асуудлыг манай байгууллагаас эцэслэн шийдвэрлээгүй байхад зөвшөөрөл хүссэн тул бүрэн эрхийнхээ хүрээнд улсын байцаагч нь гадаадын иргэний паспорт, түүнийг олгох баримт бичгийг зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалсан.

Визний ангилал зөрчсөн эхний асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл хүссэн асуудлыг шийдвэрлээгүй нь хууль зүйн дагуу хийсэн үйлдэл юм.

Анхан шатны шүүхээс виз, оршин суух зөвшөөрлийн ялгааг олж харалгүйгээр зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар хөрөнгө оруулагчийн визний зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хариу өгөөгүй мэтээр хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл хүсч, улмаар зөрчлийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариу өгөөгүй гэсэн шалтгаанаар эс үйлдэхүй гэж үзсэн нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг үгүйсгэсэн, гадаадын иргэний Монгол Улсад ирсэн визний ангилал нь гадаадын иргэний зорилгыг тодорхойлно гэсэн хуулийн зохицуулалтыг үл хайхарч нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв.

          Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б /1966 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, М22483093 дугаарын паспорттай/-гийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор албадан гаргаж, гарсан өдрөөс 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

          Уг тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ “...өөр үйл ажиллагаа явуулсан гэдэгт улсын байцаагч ямар үйл ажиллагааг хамааруулан үзсэн нь тодорхой биш, зөрчлийн хэрэгт авагдсан баримтыг “хөдөлмөр эрхэлсэн гэж үзэхгүй, зөрчлийн шинжгүй” гэж дүгнэсэн байхад үүнийг дахин албадлагын арга хэмжээ авахдаа үндэслэл болгосон” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу болжээ.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр “J” буюу жуулчин ангиллын визээр нэвтэрсэн, улмаар өөрийн хөрөнгө оруулсан компанид хөдөлмөр эрхэлсэнтэй нь холбогдуулан “тус улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн” гэх үндэслэлээр Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч 0050517 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 109 дүгээр магадлалаар “...компанийн ажилчдад мэргэжлийн талаас заавар, зөвлөгөө өгсөн нь тус улсад хөдөлмөр эрхлэх журам зөрчих зөрчлийн шинжийг агуулаагүй ... хөдөлмөр эрхлэх гэхээс илүүтэй хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа хийх зорилгоор “Н К Т” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцсон байх ба жуулчлах зорилгоор авсан визний ангиллыг зөрчсөн уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй тул шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй. Визний ангилал зөрчсөн Ч Ё Б-гийн үйлдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэх дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэвэр, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Ч Ё Б-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

          Үүний дараа хариуцагчаас Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б-гийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа хийх зорилгоор компанийн үйл ажиллагаанд оролцож Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллаа явуулсан, визний ангиллыг зөрчсөн гэж үзэж маргаж буй А/22 дугаар тушаалыг гаргасныг буруутгах боломжгүй байна. 

          Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 109 дүгээр магадлалаар Ч Ё Б нь тус улсад хөдөлмөр эрхлэх журмыг зөрчөөгүйг дүгнэснээс бус жуулчлах зорилгоор авсан визний ангиллыг зөрчсөн үйлдэлд дүгнэлт өгөөгүй харин “хөдөлмөр эрхлэх журам”-ын зөрчил үйлдээгүй нь тогтоогдсоны дараа улсын байцаагч “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэх үйлдэлд нь дүгнэлт гаргаснаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 /“Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана. Гадаадын иргэн нь албадан гаргасан үндэслэлээс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүй байна/-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б-г албадан гаргаж, гарсан өдрөөс 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана:”, 37.1.7-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэж тус тус заасантай нийцжээ.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “хариуцагч сонсох ажиллагааг явуулаагүй” гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн журам зөрчсөн асуудлаар мэдүүлэг авахдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан албадан гаргах үндэслэл болох ирсэн зорилгоосоо өөр ажиллагаа явуулсан талаарх тайлбарыг авч байсан, маргаан бүхий актыг гаргах өдөр уг актын талаар мэдсэн зэрэг тохиолдолд сонсох ажиллагааг явуулаагүй гэж шууд дүгнэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

          Хэдийгээр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Н К Т” ХХК-аар дамжуулан оршин суух виз олгуулахаар холбогдох баримтуудыг хүсэлтийн хамт хариуцагч захиргааны байгууллагад гаргасан, түүнийг хариуцагч шийдвэрлэж холбогдох хариу өгөөгүй, үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй боловч нэгэнт нэхэмжлэгчийг Монгол Улсаас албадан гаргаж, гарсан өдрөөс 3 жилийн хугацаанд тус улсад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь хууль ёсны болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчийг эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул Ч Ё Б-гийн гаргасан “2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад орших суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б-гийн Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ч Ё Б-гийн Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/220 дугаар тушаалыг хүчингүй болгох, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад орших суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР