Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 207

 

 

 

 

  

 

 

 

  2020           02           28                                        2020/ШЦТ/207

 

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Ч- түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Б-ийн Ч-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905019781196 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр,  .... аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........ дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, ..... дүүргийн ... дүгээр хороо ........ тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын  294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д овогт Б-ийн Ч-. 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ч- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул нэртэй ресторанд иргэн Д.Э-гээс хятадуудтай хамтран ажиллаж байгаа, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлэн бэлнээр 5.000.000 төгрөг залилан авсан,

Мөн “БИММ” ХХК-д ажилладаг, гүний худаг гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хуурч иргэн О.О-гээс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр 6.186.000 төгрөгийг Хаан банкны 5020616917 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 11.186.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.        

 

          1. Шүүгдэгч Б.Ч- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул нэртэй ресторанд иргэн Д.Э-гээс хятадуудтай хамтран ажиллаж байгаа, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлэн бэлнээр 5.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь:

         

          Хохирогч Д.Э-гийн “... Ч- надаас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Туул рестораны гадаа уулзаад 5.000.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тухайн үед надад хэлэхдээ 7 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. Надаас гуйгаад байхаар нь би түүнд итгээд өгсөн. Хятад хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа, ажил дуусч байгаа, мөнгө удахгүй орж ирнэ, мөнгөө авахаар буцаагаад өгье, найзад нь 5.000.000 төгрөгний хэрэг яаралтай гараад байна гэж хэлээд авсан. Хятад хүмүүстэй Ч- хамтарч ажилласан талаар нь би мэдэхгүй. Үнэхээр л ажилласан бол надаас авсан мөнгөө буцааж өгөх ёстой хугацаанд нь эргүүлж өгөх байсан байх. Мөнгө орж ирэхээр нь буцаагаад өгье гэж хэлсэн. Ямарч  хүмүүстэй хамтарч ажиллаагүй байсан.

          ... Би Ч-т бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Ч- надад 2.000.000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний Хаан банкны 5429024418 дугаартай данс руу хийсэн. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөг үлдсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна. Надад худлаа хэлж мөнгө авчихаад одоо бараг 2 жил болох гэж байна. Би маш их гомдолтой байна. Өөрөө хэрэг хийсэн хүн шиг байн байн цагдаа дээр ирж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 230-231 дүгээр хуудас/

 

          Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... хохирогч Д.Э-гээс гаргаж өгсөн Ч-той ярьсан ярианы бичлэг бүхий 1 ширхэг СД болон бид хоёрын хоорондоо ярьсан яриаг цаасан дээр буулгасан” гэх А4 хэмжээтэй 1 хуудас материалыг нь эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/

 

          Б.Ч-ийн яллагдагчаар өгсөн “Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан учраас би Э-д хандан найз нь Хятадуудтай хамтарч ажиллаж байгаа юм, удахгүй мөнгө орно гэж ирнэ, удахгүй мөнгийг чинь эргүүлээд өгье гэж хэлээд авсан. Тухайн үед надад чухал мөнгөний хэрэг гарчихсан байсан юм. Надад хятадуудтай хамтран ажил хийсэн тийм зүйл байхгүй. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гараад худлаа хэлсэн юм. ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 237-238 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          2. Мөн “БИММ” ХХК-д ажилладаг, гүний худаг гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хуурч иргэн О.О-гээс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр 6.186.000 төгрөгийг Хаан банкны 5020616917 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь:

         

          Б.Ч-ийг БИММ ХХК-нд ажилладаггүй болохыг нотлосон тус компанийн удирдах болон инженер технологийн ажилчидын нэрсийн нэгдсэн товчоон. /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар хуудас/

 

          Хохирогч О.О-гийн “Би өөрийн зүс таних Ч- гэдэг залуугаар Төв аймгийн Батсүмбэр суманд өөрийнхөө амралтын газарт гүний худаг гаргуулах гэж эхэлж амаар ярилцаж тохиролцсон. Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ч-ийн ээж Цэцэгдарь гэдэг хүний Хаан банкны 5020616917 гэсэн дугаарын данс руу Ч-ийн хэлснээр 186.000 төгрөг шилжүүлсэн. Учир нь тэр үед Ч- надад хэлэхдээ Төв аймгийн байгаль орчны газраас зөвшөөрөл гаргуулан авах зөвшөөрлийн мөнгө гэж хэлэхээр нь өгсөн. Ингээд дараа нь буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрх данс руу 6.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш Ч- удаа дараа хөдөө ажлаар Архангайд ажилтай явж байна, ажлаа дуусгаад очиж өгнө гэсээр байтал өвөл дууссан. Ингээд  сүүлдээ гар утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд би өөрийн компанийн хуулийн зөвлөхөөсөө зөвөлгөө аваад цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед БИММ ХХК-ны гэрчилгээг авчирч үзүүлсэн. Тухайн үед Ч- хэлэхдээ манай эгчийн компани үйл ажиллагааг нь би авч явдаг юм гэж надад хэлсэн. Ингээд би түүнд итгэсэн. Би эхлээд 186.000 төгрөгөө өөрийнхөө Хаан банкны  5059394976 дансаар интернэтээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын хойд талд байрлах UB авто центрийн оффисоос шилжүүлсэн. Дараа нь өгсөн 6.000.000 төгрөгөө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Говь сауны замын эсрэг талд байдаг компаний санхүүгийн оффисоос  компаний данснаас шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр 41-42 дугаар хуудас/

 

          Гэрч Ш.Батжаргалын “Би одоогоор БИММ ХХК-ны ерөнхий захирал ажилтай. Гадаад худалдаа, аялал жуучлал, оёдлын үйлдвэрлэл худалдаа, гутал үйлдвэрлэл худалдаа, гэрээгээр өрөмдлөгө хийх зэрэг үйл ажиллагаа  явуулдаг. Сүүлийн үед гүний худгийн цооног, өрөмдлөгө чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа. Б.Ч-той танилцаад 2 жил болж байна. Тийм дотно найз нөхөд биш. Ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй.

          ... Ч- манай компанид ажиллаж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр хуудас /

 

          Б.Ч-ийн яллагдагчаар өгсөн “Би БИММ ХХК-ны захирал Батжаргалтай найзууд юм. Бид хоёр бие биендээ ажил төрөл олж өгөөд явдаг байсан юм. Энэ компаний гүний худгийн өрөмдлөгө гаргадаг юм. Би Буян-Оюу ХХК-ны захирал О- ахтай уулзаад 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тэдний компанид гүний худаг гаргаж өгөх талаар эхлээд амаар тохирсон. Уг гэрээ хийх гэж очсон чинь О- ах тухайн үед эхний ээлжинд үнээ тохиръё, тэр болтол хоёулаа энэ гэрээний ар талд 6.000.000 төгрөг авсан, өгсөн гээд бичье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд О- ах надад 6.000.000 төгрөг өгөхөөр болоод тэр мөнгийг нь би ээж Цэцэгдарийн Хаан банкны  дансаар дамжуулан авсан. Тэгээд би мөнгө авсан өдрөөс хойш О- ахтай нэг удаа уулзаж худаг гаргах талаараа хэлсэн чинь О- ах хөдөө явчихаад ирье гэсэн. Ингээд О- ахыг хөдөө явсан хойгуур миний өмнө нь хийх ёстой байсан ажил дуудагдаад би тэгээд тэр үед нь хийж чадаагүй. Тэгээд миний өмнө нь хийж байсан ажил дуусаагүй. Өвөл болсон учраас удааширсан. Ингээд би О- ахын ажлыг хийж өгч чадаагүй.

          ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 124-125 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Ч- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч хохирогч Д.Э-гээс 5.000.000 төгрөг, О.О-гээс 6.186.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээрх баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч Б.Ч- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

          Хохирогч Д.Э-гээс “... миний бие шүүгдэгч Б.Ч-оос хохирол төлбөрөө бүрэн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг /хэргийн 2 дугаар хавтас 21 дүгээр хуудас/ шүүхэд ирүүлсэн, мөн хохирогч О.О-гийн “... нийт өгсөн мөнгө болох 6.186.000 төгрөгийг бүрэн буцааж авсан. /бэлнээр авсан/ ...” гэсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

          Хэрэгт  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, А4 хэмжээтэй 1 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ч-ийн энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүх, шүүгдэгч Б.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг ял оногдуулахдаа харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Б.Ч-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ч-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Ч-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Ч- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, А4 хэмжээтэй 1 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ