| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00710/И |
| Дугаар | 633 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 6-р баг, Өлзийтийн 07-10 тоотод оршин суух, Гал овогт Барамсайн Жанцандоржийн /РД:АЮ56072371/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Жанцандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жанцандорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 05 сарын 10-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын даамал, мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Жанцандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд барилгын талбайн мастер, даамлаар тасралтгүй ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа орон сууц, сургууль цэцэрлэг, нийтийн үйлчилгээний газар, дэлгүүр зэрэг маш олон барилга барьж байсан. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа болон бусад баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын байцаагч хөдөлмөрийн дэвтрээр чинь ажиллаж байсан байдлыг чинь тогтоох боломжгүй юм байна. Та Аймгийн төв архиваас барилга угсралтын трестэд ажиллаж байсан үеийнхээ тушаал, тогтоол, өөрт байгаа баярын бичиг сайшаалын үнэмлэх зэргээ шүүхэд бүрдүүлж өгөөд ажиллаж байсан жилээ тогтоолгоод тэтгэвэрт гарах боломжтой гэж хэлсэн. Тийм учраас миний Архангай аймгийн Барилга угсралтын конторт барилгын техникчээр 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жанцандорж нь Архангай аймгийн Барилга угсралтын контор /трестэд/ барилгын техникчээр 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1. ... Барилгын техникум төгсч ирсэн нэр бүхий хүмүүсийг хавсралт 1-ээр тус тусын бригадад хувиарлан 5 сарын 15-ны өдрөөс ажилуулсугай. Хавсралтанд: Барамсайн Жанцандорж, мэргэжил-барилгын техникч, томилолт №015, хаана ямар бригадад ажиллах-Шагдарсүрэнгийн бригадад гэсэн “Ажилд томилох тухай” Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 05 сарын 10-ны өдрийн 72 тоот тушаал,
1.2. 1984-1985 оны мал өвөлжүүлэх хаваржуулах ажилд туслах хүмүүс авто машины 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: 1-р ээлж Жанцандорж гэсэн “Мал өвөлжүүлэх, хаваржуулахад туслах тухай” Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны <Тэргүүний ажилчин залуу> алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 08 сарын 17-ны өдрийн 160 тоот тушаал,
1.3. Нэр бүхий 119 хүнд зохих хувиар ажилласан хугацаанд нь сарын цалингаас бодож үр дүнгийн шагналыг олгосугай. Хавсралтанд: Жанцандорж-60 гэсэн “Үр дүнгийн шагнал олгох тухай” Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 11 сарын 15-ны өдрийн 250 тоот тушаал,
2. Гэрч Н.Алтанцэцэгийн: “Б.Жанцандорж нь Архангай аймгийн Барилга угсралтын трестэд барилгын мастер, техникчээр ажилладаг байсан. Б.Жанцандорж ах миний эгч Болормаатай 1986 онд гэр бүл болсон. Энэ үеэс эхлэн би Б.Жанцандорж ахыг Барилга угсралтын трестэд техникчээр ажилладагийг мэдэх болсон. Миний мэдэхийн Архангай аймгийн намын хорооны барилга, Булган сумын 400 үнээний фермийг барихад тус барилгуудад Б.Жанцандорж ах техникч, даамлаар ажиллаж байсан. Би Архангайн ТМС-ийг 1989 онд төгсөөд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд ажилд ороод 2004 он хүртэл нормчин, засал чимэглэлчинээр ажилласан. Намайг трэстэд ажилд ороход Б.Жанцандорж ах Барилга угсралтын трестэд техникч, мастераар ажиллаж л байсан. Харин Барилга угсралтын трестээс Б.Жанцандорж ахыг хэдэн онд гарсныг санахгүй байна” гэх мэдүүлэг,
3. Гэрч С.Батболдын: “Б.Жанцандорж нь 1982 онд техникум төгсөж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын конторт талбайн даамлаар ажилладаг байдаг. Би 1982 оноос 1990 он хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын конторын автогражид жолоочоор ажилласан. Намайг 1982 онд Барилга угсралтын конторт жолоочоор ажилд ороход Б.Жанцандорж Барилга угсралтын конторт барилгын талбайн инженерээр ажиллаж байсан. Б.Жанцандорж аймгийн намын хорооны барилга, цагаан үнээний фермийг барьчихаад 1988, 1989 оны үед сургуульд сурахаар явж байсан. Б.Жанцандорж 1982 оноос эхлэн сургуульд сурахаар явтлаа Архангай аймгийн Барилга угсралтын трестийн барилгын талбайн даамлаар тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
4. Барилга угсралтын конторын даргын 1982 оны 05 сарын 10-ны өдрийн 72 тоот тушаалаар нормчноор авч ажилуулав, Барилга угсралтын конторын даргын 1982 оны 11 сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалаар нормчны ажлаас чөлөөлж барилгын мастераар ажиллуулав, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8-р сарын 14-ний өдрийн 215-р тушаалаар польтехникийн сургуульд суралцах болсон тул ажлаас чөлөөлж ПДС-д шилжүүлэв гэсэн бичилт бүхий Барамсайн Жанцандоржийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Б.Жанцандоржийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Н.Алтанцэцэг, С.Батболд нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Б.Жанцандоржийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ барилгын техникчээр 1982 оны 05 сарын 15-ны өдөр ажилд орсон болох нь Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 05 сарын 10-ны өдрийн 72 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар тогтоогдож байна.
Гэрчүүд хүсэлт гаргагч Б.Жанцандоржийг Архангай аймгийн Барилга угсралтын контороос /трестээс/ 1989 оны хэдэн сард ажлаас гарсныг тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийг ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “Би 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд барилгын талбайн мастер, даамлаар тасралтгүй ажиллаж байсан” гэх тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргийг үндэслэн Б.Жанцандоржийг Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Б.Жанцандоржийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ барилгын техникчээр 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овгийн Барамсайн Жанцандоржийг Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ барилгын техникчээр 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА