Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

 

2020               03           30                                      2020/ШЦТ/303

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Л.М-,

шүүгдэгч П.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ө овогт Л-ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А овогт П-ын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005005670275 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ... -ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Л-ын М-.

 

Монгол Улсын иргэн .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, А овогт П-ын Э-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн П.Э-гийн нүүр тус газар нь гараараа цохиж газар унаган толгой тус газар нь өшиглөж биед нь зүүн эгэм ясны хугарал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зохины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Л.М-ын нүүр тус газар нь мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М- хохирогчоор мэдүүлэхдээ: “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдсан. Юм ярьж сууж байтал манай найз намайг мөргөсөн. Миний хамар хугарсан. Э-гээс хохирол нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э- хохирогчоор мэдүүлэхдээ: “Үл ойлголцох зүйлээс болж маргалдсан. Тухайн үед намайг цохиход би унаж миний дээрэс өшиглөж байх шиг байсан. Би тухайн үед согтуу байсан учир сайн санахгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Л.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн П.Э-гийн нүүр тус газар нь  гараараа цохиж газар унаган толгой тус газар нь өшиглөж биед нь зүүн эгэм ясны хугарал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зохины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Э-гийн “Тухайн өдөр Амараа, Төгсөө ах М- нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод уулзаж тэндээ юм ярьж хөзөр тоглонгоо архи уусан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 07-08 цагийн үед хамт байсан Амараа, Төгсөө нар дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд гарсан. Тэр үед М- бид хоёр хөзөр тоглож  байхдаа бие биетэйгээ ёжлож байсан учир тэрнээс болж маргаан эхэлсэн. Тэгээд  нэг мэдсэн чинь зодоон болчихсон. Зүүн мөрөө дийлэхгүй, намайг дээрээс М- зодож байсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Нэг сэрсэн чинь Амараа, Төгсөө нар гаднаас ороод ирсэн байсан. Тэгээд би харилаа гээд гараад тэр гэрээс гараад явсан. Би нилээн согтуу байсан. Хэрүүл маргаан зодооныг орон гаран санаж байна. Би хамрыг нь гэмтээсэн гэсэн. Би өөрөө санахгүй байна. Эхлээд миний баруун нүд рүү цохисон. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг сэргэсэн чинь би зүүн гараараа газар тулчихсан байх үед М- миний дух, толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд яг мөр лүү өшиглөсөн талаар сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11-13 дугаар хуудас/

“Би нийт 110.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/

Гэрч Т.А-ын “... Тэгээд Төгсөө бид хоёр CU гэх түргэн хоолны газар очиж юм идчихээд М-, Э- нарт идэх юм аваад буцаад гэртээ ороход М- Э- нар хоорондоо зодолдсон шинжтэй коридорт М-, том өрөөнд Э- сууж байсан. Тэгэхээр нь би гайхаад та 2 яагаад муудалцсан юм бэ, яагаад зодолдож байгаан бэ гэж асуугаад би уурлахад М- наад Э- чинь юм ярьж сууж байгаад намайг ирээд толгойгоороо мөргөчихлөө гэж хэлсэн.  Тэгээд миний хамарнаас цус гарсан юмаа  гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2045 дугаартай:

“1. П.Э-гийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дугаар хуудас/

Шинжээч Ц.Н-ийн “Зүүн эгэм ясны хугарал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөрний нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд 1 удаагийн мөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зүүн эгэмний ясны хугарал гэмтэл нь унах, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-37 дугаар хуудас/

Л.М-ын яллагдагчаар өгсөн “... Над руу дайраад хамар луу мөргөх үед бид хоёр хамт газар унасан. Тэгэхээр нь би нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Өөр цохиогүй. ... Би энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-73 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч П.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Л.М-ын нүүр тус газар нь мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.М-ын “Тухайн өдөр Амараа, Төгсөө, Э- нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 64 дүгээр байрны 21 тоотод уулзаж тэндээ юм ярьж хөзөр тоглонгоо архи уусан. Тэгээд хамт байсан Амараа, Төгсөө нар хоол иднэ гээд хэлээд бид хоёрыг эвлэрчихээд байж байгаарай гэж хэлээд гарсан. Тэр үед Э- бид хоёр юм ярьж сууж байгаад миний урд байсан тамхинаас Э- авах гэж болонгуутаа шууд миний хамар луу нэг удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр хоёулаа газар унасан. Тэгээд би газар унасан байхад нь нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Э- бас намайг цохисон. Миний хамарнаас маш их хэмжээний цус гараад байхаар нь бие засах өрөө орж цусаа угаагаад 00-ын цаас хамар луугаа чихээд зогсож байтал гаднаас Түвшинтөгс, Амар нар орж ирсэн. Тэгээд та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд би байж байтал дүү ирчихлээ гэж хэлээд би дүүгийн хамт гэмтэл явсан. Эхлээд намайг мөргөсөн учир би зөрүүлж нэг удаа цохисон. Дахиж цохиогүй. Дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлт дээрх гэмтлийг Э- надад учруулсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17-19 дүгээр хуудас/

“...145.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 94-95 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2336 дугаартай:

“1. Л.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 45-46 дугаар хуудас/

П.Э-гийн яллагдагчаар өгсөн “... Намайг учруулсан гэж М- хэлээд байгаа. Би яг цохисон гэдгээ сайн санахгүй байна. Би нилээн согтуу байсан. ...Би энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 79-82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.М-, П.Э- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Л.М-, П.Э- нар нь хохирогчоор мэдүүлэхдээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул тэдгээрийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  Л.М-, П.Э- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М-, П.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Л-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

А овогт П-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М-, П.Э- нарыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М-, П.Э- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.М-, П.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.М-, П.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ