Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           10                                       2020/ШЦТ/350

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005007160394 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Нийслэлийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 455 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 137 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар  5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэх эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 9 жилийн хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт  Б-ийн  Г-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/5 дугаар байрны орцонд иргэн Г.Г-ыг хутгалж, түүний биед “цээжний баруун ар талд далны дор 7-8-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхийнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/5 дугаар байрны орцонд иргэн Г.Г-ыг хутгалж, түүний биед “цээжний баруун ар талд далны дор 7-8-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхийнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “... гэрч М.Б-ын мэдүүлгийн дагуу хохирогч Г- хэвтэж байсан гэх өрөөнд ороход зүүн зүгт харсан модон цонхтой хойд болон урд хананд тус тус тулгаж тавьсан шар болон шаргал өнгийн буйдангууд байх ба шар өнгийн буйдан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба түүнийг хөвөнд шингээж авах гэсэн боловч боломжгүй байсны улмаас буйдангаас хайчилж биед байдлаар цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээж арьс мэт зүйлийг авав ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Г- ахын гэр 7/5 дугаар байрны хойд талын орцны 3 давхарт 40 тоотод байдаг. Тэгээд тэдний гэрийн гадна очиход Г- ах намайг эндээ хүлээж бай, би гэртээ орчихоод ирье гээд би байрных нь коридорт цонхны дэргэд хүлээж байгаад эргээд хартал Г- гартаа хутга барьчихсан над руу ирж явсан. Тэгэхээр нь би шатны уруу зугтаасан. 3 давхар 2 давхрын хооронд шалны хашлага мөргөөд хана мөргөөд унасан. Би хутгалуулсан гэж бодоогүй гэх тул Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/5 дугаар байрны 2,3 давхрын завсар мөн 3 давхарын цонхны тавцан, Г-ийн гэрийн үүд зэргийг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан.

... Хохирогч Б.Г-ын мэдүүлгийн дагуу тус хутгаа шидсэн гэх газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Stars төвийн хойд хэсэгт байрлах нийтийн байрны дээд хэсгийг зааж байх ба түүн дээр гарч Г-ийн барьж байсан гэх хутгийг хайхад цасанд дарагдсан байдалтай хар өнгийн иштэй хутга байсныг тус мэдүүлэг шалгах ажиллагаар хураан авав. ...” гэсэн  тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 14-17 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн Эд мөрийн тооцох тухай “... Эрүүгийн 200500716 дугаартай хэрэгт хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсгай” гэсэн тогтоол. /хэргийн 72 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Г-ын “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 7/6 дугаар байрны 28 тоотод Б-ийн гэрт ороход Г-, А-, Б- нар байсан. Би гаднаас 0.75 граммын 1 шил архи барьж ороод архиа уучихаад нэмээд 0.75 граммын 2 шил Хараа нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд хэсэг унтацгаасан. Намайг Г- сэрээгээд дахиад надаас архи нэхээд аваад өг гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй, одоо больцгооё гэхэд Г- ахыгаа гэрт хүргээд өгчих гэсэн. Тэгээд Б-ийн гэрээс Г- бид хоёр гарсан. Хэдэн цагт гарсанаа мэдэхгүй байна. Г- ахын гэр 7/5 дугаар байрны хойд талын орцны 3 давхарт 40 тоотод байдаг. Тэгээд тэдний гэрийн гадна очиход Г- ах намайг эндээ хүлээж бай, би гэртээ орчихоод гараад ирье гэсэн. Тэгээд би байрных нь коридорт цонхны дэргэд хүлээж байтал хаалга нь дуугарсан. Тэгээд ах нь юм уу, аав нь юм уу нэг нь хөөе чи яах нь вэ гэхээр нь би эргээд хартал Г- гартаа хутга барьчихсан над руу ирж явсан. Тэгэхээр нь би шатны уруу зугтаасан. 3 давхар 2 давхрын хооронд шалны хашлага мөргөөд хана мөргөөд унасан. Миний малгай унасан. Би хутгалуулсан гэж бодоогүй. Орцны хаалгаар гараад гүйсэн. Тэгээд би гүйж чадахаа болиод ирсэн. Тэгэхээр нь би урагшаа хүн бараадаад гүйсэн. 7/6 дугаар байрны зүүн талаар гүйгээд байрны урд талын үзүүрийн булан тойроод би зугтаасан. Хажуугаар нэг хүн зөрөөд хөөе Ганбаа гээд дуудсан. Тэгээд эргээд хартал манай хөрш байсан Жамъян байсан. Жамъян ах Ганаа чи наад хутгаа хая гэж хэлэхэд Г- хутгаа газар хаясан. Хүн таараагүй бол дахиад цаашаа юу болохыг мэдэхгүй байна. Тэгээд Жамъян ах та хоёр болиоч гэхэд Г- хутгаа газар хаясан. Бие хөндүүрч  оргиод байхаар нь баруун талын бөөрний орчим гараа хүргээд үзтэл гар цус болсон байсан. Намайг шатнаас унахад хутгалсан уу, хутгалуулаад унасан уу гэдгээ мэдэхгүй байна. Гүйж явахад л нэг л эвгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч М.Б-ын “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 32 тоотод гэртээ байж байхад 88832111 гар утасны дугаараас миний 88588839 дугаар луу дуудлага ирээд танай найз Г- хүнд хутгалуулчихлаа, чамайг яаралтай хүрээд ир гээд байна, Т- нэртэй найзынхаа гэрт байна гэж хэлээд шууд утсаа салгачихсан юм.

... Барилгачдын 7/6 дугаар байрны 28 тоотод очиход миний найз Г- хутгалуулчихсан байдалтай цус болоод хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би шууд түргэн, цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч П.Ж-гийн “Би үдээс хойш ТҮЦ орчихоод гэр лүүгээ явж байтал Г-  7/6 дугаар байрны урд үзүүр дээр явж байсан. Тэгээд би юу байна гэсэн чинь Г- хажууд ирээд зогссон. Г- тэгсэн ахаа Г- намайг хутгалчихлаа наадах чинь хутгатай явж байгаа гэхээр нь би Г-ад та хоёр нэг байрны хүүхдүүд байж юу болж байгаа юм наад хутгаа хая, авч явж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2508 дугаартай:

“1. Г.Г-ын биед цээжний баруун ар талд далны дор 7-8-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн, бүсэлхийд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бүсэлхийд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул уг журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд сэртэл Г- надаас архины мөнгө нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь тэгвэл ороод ааваасаа архины мөнгө аваад гараад ир гэсэн. Тэгэхээр нь би ах нь гэр лүүгээ орж болохгүй, аавын даралт ихсэнэ гээд байхад дахин дахин надаас та ааваасаа ороод архины мөнгө аваад ир гээд нэхээд байсан. Тэгээд бид хоёр Б-ийн гэрээс 16 цаг өнгөрч байхад гараад манай гэр лүү очсон. Тэгээд орцонд байхад Г- та заавал архины мөнгө авч гарч ирнэ шүү гэртээ ороод унтчихваа гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би орцонд байсан архины шилийг шалан дээр цохиж хагалаад Г-ын нуруу луу архины шилний хагархайгаар цохисон. Тэгээд бид хоёр орцноос гарсан чинь Г- цаашаа гүйгээд явсан. Тэгэхээр нь би араас нь 3-4 удаа алхаад явж байсан чинь Жамъян ахтай таарсан. Тэр ах та хоёр яагаад муудалцаад байгаа юм гээд зөрөөд явсан. Тэгсэн Г- миний дал руу хөндүүр болоод байна, та хараад өгөөч гэсэн. Би нурууг нь шилээр зүссэн байсан.

... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/5 дугаар байрны орцонд иргэн Г.Г-ыг хутгалж, түүний биед “цээжний баруун ар талд далны дор 7-8-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхийнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Г- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Г-ын “Гантөмөр овогтой Г- би 2020.02.22-ны өдөр Батмөнх овогтой Г-оос 200.000 төгрөг эмчилгээний зардалд хүлээн авлаа. Цаашид гомдолгүй” гэсэн хүсэлт /хэргийн 99 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдал буюу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ