Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/53

 

 

 

                                                                                                                    

                                                                              

   

Б.Тулгабаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Оч /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                                    Б.Эрхэмбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Баярмагнай

нарийн бичгийн дарга                                               О.Нямдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолтой Б.Тулгабаатарт холбогдох 1734 0000 00036 дугаартай 84 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 10-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Монполимент” ХХК-д эргийн ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 27-а-34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатар /РД:НЭ83091078/.

Шүүгдэгч Б.Тулгабаатар нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Жаргалант хотхоны 18-01 тоотод оршин суух иргэн Д.Туяагийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж бэлнээр 100 000 төгрөг, гар утас 2 ширхэгийг тус тус хулгайлж, бусдад 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатарыг бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн болит байдалд нийцээгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Тулгабаатарын мэдүүлэг /хх-36-37 хуудас/ “...Өглөө 06 цагийн багцаанд Мөнхбаатарын ажлын өрөөнөөс гарах гэж байхад дотор нь нэг хаалга байсан, дотор талд нь сервант дээр 100.000 төгрөг, гар утас байхаар нь аваад гарсан...” гэж мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Гэм буруугийн зарчим ...Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгииг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ... гэсэн заалттай нийцэж байна. Тухайлбал шүүгдэгч Б.Тулгабаатар анхнаасаа хулгай хийх зорилготой байгаагүй. Орон байранд нэвтэрсэн хэдий ч тухайн эд зүйлсийг Мөнхбаатарын эд зүйл гэж ухамсарлаж байсан. Д.Дагвадоржийн эд зүйл гэж ухамсарлах боломжгүй байсан.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Шүүгдэгч Тулгабаатар орон байранд нэвтэрсэн үйлдэл байдаг хэдий ч учруулсан хохирол нь 180.000 /нэг зуун наян мянган төгрөг/ байдаг.
  3. Гэмт хэрэг нь хуульд заасан байх ба объектив субъектив шинжийн нийлбэр байдаг бөгөөд шүүгдэгч Б.Тулгабаатарын уг үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоогүй. Тухайлбал Б.Тулгабаатарт анхнаасаа хулгай хийх сэдэл зорилго байсан эсэх, тухайн орон байр Д.Дагвадоржийн өмчийн орон байр, тухайн орон байранд үнэ бүхий зүйл байгаа эсэх талаар урьдчилан мэдсэн эсэх зэрэг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, зэрэг нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй зэрэг нөхцөл байдлууд байна.
  4. Эрүүгийн эрх зүйн онол, гэмт хэрэг зүйлчлэлийн шинжлэх ухаанд тухайн үйлдэл тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангалттай хангасны дараа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэгддэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн үндсэн шинжийг хангалттай хангаж байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэгдэнэ. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт үйлдэл, гэмт ухамсар гэх үндсэн шинжээс бүрдэх ба гэмт ухамсар, сэдэл зорилгыг шүүх хангалттай тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож чадаагүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шагны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Тулгабаатар нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Жаргалант хотхоны 18-01 тоотод оршин суух иргэн Д.Туяагийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж бэлнээр 100 000 төгрөг, Samsung Note-1 загварын 80 000 төгрөгийн үнэ бүхий гар утас 1 ширхэгийг хулгайлж, 180 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Тулгабаатарын “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу” гэсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, гэмт хэрэг үйлдэж хохирлоо төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон түүний үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл шүүгдэгч Б.Тулгабаатарт хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Тодруулбал гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан 5 зохицуулалтыг ямар байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болохыг хуульчилсан байна.

Энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд хүрэх гол үндэслэл нь “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байх явдал юм.

Өөрөөр хэлбэл Б.Тулгабаатарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол 180 000 төгрөг төлсөн зэрэг байдал нь шүүхээс түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болсон байна.  

Гэтэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялыг хөнгөрүүлсэн үндэслэлээ үгүйсгэж “гэмт хэрэг хийгээгүй, нотлогдоогүй, гэм буруугүй” гэсэн гомдол гаргаж байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийнхээ хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Б.Тулгабаатарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр тооцож, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн яллагдагчийг өмгөөлөгч авах эрхээр хангалгүйгээр байцаалт авсан гэх боловч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тулгабаатарын өмгөөлүүлэх эрхийг хангаж, түүний хүсэлтээр шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв оролцсон байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан байдал тогтоогдохгүй байна.  

Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Б.Тулгабаатарыг гар утас 2 ширхэг хулгайлсан гэж бичиж, дүгнэсэн байх ба шүүгдэгч Б.Тулгабаатарын “бэлнээр 100 000 төгрөг, 1 ширхэг гар утас авсан” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээний баримт зэргээр гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол бол 80 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утас, бэлэн мөнгө 100 000 төгрөг, нийт 180 000 төгрөг байх бөгөөд хохирлын хэмжээг 180 000 төгрөгөөр тодорхойлж, шүүх дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутайд тооцжээ.

Энэ нь буюу “гар утас 2 ширхэг хулгайлсан” гэсэн нь гэмт хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй хэдий ч цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино. 

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батбуянгийн Тулгабаатарыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн” гэснийг 2 /хоёр/ жилийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурьдсугай .

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БОЛОРМАА

                      ШҮҮГЧИД                                          Ц.ОЧ

                                                                                         Т.ЭНХМАА