Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0436

 

Ё.Н-гийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагч Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Ц, гуравдагч этгээд Ц.Г, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй, Ё.Н-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож,  Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч Ё.Н-г сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Ц-т даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ганхуягийн “Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.Г давж заалдах гомдолдоо: “...гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Ё.Н- нь олон дахин анхдугаар хуралдааныг хойшлуулж, хуралдаанаас өмнө манай намын буюу ардчилсан намын төлөөлөгчдөд авилга, хээл, хахуул өгсөн, өгөхийг завдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхэд Ё.Н-д холбогдох хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эсэх талаар лавлагаа лавлагаа авах хүсэлтийг гаргасан. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагааг авах хүсэлтийг шүүхээс хангасан атлаа уг хариуг ирээгүй байхад өөрөөр хэлбэл, хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хүлээн авсны эцэст шийдвэрлэх байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхэд нэхэмжлэл, бие даасан шаардлагатай холбоотой эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа захиргааны хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Анхан шатны шүүх хүсэлт болон хэрэгт хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс харьсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэл болон бие даасан шаардлагын үндэслэл нь Ё.Н-гийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага огт байхгүй, төлөөлөгчийг хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгохтой огт холбоогүй, нэхэмжлэгч болон миний бие сонгуулийн маргаан байхгүй, нэг тойрогт өрсөлдөөгүй, би нэхэмжлэгчийг иргэдийн Хурлын Төлөөлөгч байх ёсгүй гэх байдлаар шаардлага гаргаагүй. Зөвхөн эхний санал хураалттай холбоотой шаардлага гаргасан бөгөөд Ё.Н-г төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага оруулсан мэтээр шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Авлигатай тэмцэх газраас нотлох баримт ирээгүй байхад шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гуравдагч этгээдийн зүгээс Авлигатай тэмцэх газраас ирсэн нотлох баримтыг үндэслэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр шууд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга болон гишүүд буюу 2/3 хувь нь хүлээн зөвшөөрөөгүй, тооллогын комиссын тогтоолд гарын үсэг зураагүй. 06 дугаар тогтоолын төслийг 8 төлөөлөгч гар өргөн батлахаас татгалзаж, тогтоолын төслийг батлаагүй. Хурлын дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан тогтоолыг албажуулах үүрэгтэй болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж дангаараа тогтоолын төслийг батлах боломжгүй байхад шүүх зөвхөн хурлын даргад даалгах нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Хэрэв даалгах нэхэмжлэлийг гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгахаар хуульчилсан.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ё.Н-гаас хариуцагч Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “...нэг асуудлыг хоёр дахин хоёр өөр арга журмаар шийдвэрлэсэн, сумын Засаг даргад нэг дэвшигчийг сонгох санал хураалт тогтоосон дэгийн дагуу явагдсан, хэргийн оролцогчид санал хураалтын ажиллагаа, түүний дүн дээр маргаагүй, түүнийг баталгаажуулахаас татгалзах үндэслэл тооллогын комисст байхгүй, анх гарсан тогтоолуудыг тус хурлаас хүчингүй болгосон тогтоол гаргаагүй” гэх дүгнэлтийг хийж бүхэлд нь хангаж,

Гуравдагч этгээд Ц.Г-аас гаргасан бие даасан шаардлагыг “...Засаг даргыг сонгох санал хураалт нь захиргааны актын шинжийг агуулахгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэх дүгнэлтийг хийж хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаас үзвэл тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох бөгөөд сумын Засаг даргад уг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохдоо тогтоол гаргахаар зохицуулсан байна.

Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралтаар тухайн хурлын хуралдааны дэгийг баталсан байх бөгөөд уг хуралдааны дэгийн 5.2-т “...нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна”, 7.14-д “Засаг даргад ...хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгоно” гэж тус тус заасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны хуралдаанд засаг даргад Ардчилсан намаас Ц.Г, Монгол Ардын намаас Ч.Н нар нэр дэвшсэн, тооллогын комисс байгуулсан, санал хураалтыг нууцаар санал хураах хуудсаар явуулсан болох нь тогтоогдсон, үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

Харин тооллогын комисс саналын хайрцагыг нээхэд 15 саналын хуудаснаас Ё.Н-д 8 санал, Ц.Г-т 7 санал өгсөн, зөрчилтэй саналын хуудас байхгүй, Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тус хурлын тогтоолын төслийг уншиж танилцуулсан байх бөгөөд уг тогтоолын төслийг батлах эсэх дээр санал хураалт явуулахад Ардчилсан намын бүлгийн 8 төлөөлөгч тогтоолын төслийг батлахаас татгалзжээ.  

Дээрх Засаг даргад 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар санал болгох тогтоолыг хариуцагч гаргахдаа уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс дахин санал хурааж, нууц санал хураалтын дүнг өөрчлөх байдлаар тогтоол гаргах нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй.

Иймд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;” гэж тус тус зааснаас үзвэл  Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх тул анхан шатны шүүхийн “...Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч Ё.Н-г сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж” шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдээс гомдол гаргахдаа бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан гомдол гаргаагүй тул уг хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин гуравдагч этгээдийн гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам” зөрчсөн гэх гомдлын хувьд тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ганхуяг болон түүний өмгөөлөгчийн зүгээс “эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсний дараа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Уг захирамжийг гуравдагч этгээд эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тухайн гомдлыг буцааж шийдвэрлэсэн.

Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу Ё.Н шалгагдаж байгаа нь өөрөөр хэлбэл, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаан хууль бус эсэхийг тогтоох буюу энэхүү захиргааны хэргийн үйл баримттай хамааралгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл боломжгүй тул гуравдагч этгээдээс гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх”-тэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахааргүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байвал” гэх зөрчлийг гаргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР