Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           10                                        2020/ШЦТ/352

 

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Б овогт Б-ын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905032560993 тоот хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл..., эхнэр ... хүүхдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байрны ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-ын Г-.

 

Шүүгдэгч Б.Г- нь Т Ж ХХК-иас “М В” ХХК-д төлөх тээврийн үйлчилгээний хөлс болон бусад зардлыг нэхэмжилж буй хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,  2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 600.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг буюу нийт 10.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.        

  

Шүүгдэгч Б.Г- нь Т Ж ХХК-иас “М В” ХХК-д төлөх тээврийн үйлчилгээний хөлс болон бусад зардлыг нэхэмжилж буй хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,  2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 600.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг буюу нийт 10.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болх нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Ч.О-ын “Би одоогоор Т Ж ХХК-ны ерөнхий захирал ажил албан тушаалтай. Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани “М В” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр албан ёсны гэрээ хийж хамтран ажиллахаар болсон. Түүнээс өмнө бол аман хэлбэрээр гэрээ хийж хамтран ажилладаг байсан. Тэгээд нэг мөсөн гэрээ хийж ажиллахаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дугаар МLW-С-19040 гэрээг байгуулан манай компани М В ХХК-иас тээвэр зуучлалын үйлчилгээ авах гэрээ хийж өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа. М В ХХК-д ажиллаж байсан Г- гэдэг залуу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр надад “танай барааг ачиж яваа машиныг цагдаа зогсоосон байна, яаралтай 200 еврог над руу явуул, би цаашаа шилжүүлэхгүй бол болохгүй байна” гэж амралтын өдөр буюу хагас сайн өдөр хэлсэн. Тэгэхээр нь би энэ тухайн өөрийн компанийн нягтлан Б-д хэлж “Г-ын өгсөн дансанд нь хэлсэн мөнгийг нь хийгээрэй” гэж хэлсэн учраас манай нягтлан тухайн үед Г-ын хэлсэн дансанд 200 евроны мөнгө болох 600.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөн Г- өглөөний 06 цагт “ачаа тээвэр саатсан, мөнгө хэрэгтэй байна, 10.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингэхээр нь би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус би өөрийн компаний нягтлан Б-д хэлж дансаар шилжүүлэн өгсөн. Ингэхдээ Г-ын тухайн үед өөрийнх нь өгсөн “5622436818 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлсэн” гэж манай нягтлан надад хэлсэн. Ингээд нийт гурван удаагийн гүйлгээгээр Г- манай компаниас 10.600.000 төгрөг авсан. Уг мөнгийг шилжүүлсэн учир нь манай компаний зүгээс тэдний компаниар бараагаа тээвэрлүүлэн авчирч байсан учраас тээвэрлүүлсэн бараагаа хурдан авах гэж хэлсэн мөнгийг нь өгсөн. Тухайн үед Г- ажлаасаа гарсан талаар би мэдээгүй байсан. Бүр дараа нь мэдсэн. Мэдсэн байсан бол юу гэж мөнгө өгөх билээ. Г- мөнгө нэхэх болгондоо дандаа амралтын буюу хагас сайн өдөр авсан байсан. Тэр дандаа над руу facebook-ээр чат бичдэг байсан. Би түүний бичсэн чатуудыг нь гаргаж ирэх гэсэн боловч миний гар утаснаас гарч ирэхгүй байгаа юм. “Танай ачааг тээвэрлэн ирж байгаа машиныг цагдаа зогсоосон, мөнгө шилжүүлэхгүй бол машин гацаад байна” гэж ярьдаг байсан.

          ... Би тухай бүрт нь Б-д хэлдэг байсан. Миний зөвшөөрлөөр мөнгө шилжүүлдэг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 198 дугаар хуудас/

 

          Гэрч А.О-ийн “Манай компанид ажиллаж байсан Г- Т Ж ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “танай барааг ачиж яваа машиныг цагдаа зогсоосон байна, яаралтай 200 еврог над руу явуул, би цаашаа шилжүүлэхгүй бол болохгүй байна” гэж хэлээд, дараа нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөн Г- нь “танай ачуулсан ачаа чинь саатсан, мөнгө хэрэгтэй байна, 10.000.000 төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь Т Ж ХХК-ний захирал О- нь нягтлан Б-даа хэлээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус Т Ж ХХК-ний нягтлан Б- Г-ын хэлсэн данс руу нь шилжүүлэн өгсөн байсан. Б- бол Т Ж ХХК-ний захирал О-ын эхнэр нь байгаа юм. Нийт гурван удаагийн гүйлгээгээр  Г- 10.600.000 төгрөг авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 214- 216 дугаар хуудас/

 

“600.000 төгрөг, 5.000.000, 5.000.000 төгрөг” тус тус шилжүүлэн авсан талаарх Б.Г-ын Хаан банк дахь 5622436818 тоот депозит дансны хуулга. /хэргийн 46-49 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-гийн “... Т Ж ХХК нь жимс гадаадаас оруулж ирдэг. Тэгээд ачаа тээвэрлүүлэх талаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М В ХХК-ны менежер Г- гэх хүнтэй холбогдож Польш улсаас алим тээвэрлүүлэх талаар үнийн санал тавьсан.

...Тэгсэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг 40 минутын үед М В ХХК-ний менежер Г- We чатаар холбогдоод “та төлбөрөө хийсэн үү, хийгээгүй бол дүүгийнхээ данс руу хийчих” гэж 5622436818 гэсэн Хаан банкны данс явуулсан. Тэгэхээр нь би хариу өгөөгүй байж байхад Г- ойр ойрхон төлбөрийн мөнгө шилжүүлэх талаар шаардаад байсан. Тэгээд амралтын өдөр таарсан учир байгууллагад мөнгө хэрэгтэй байгаа юм байх гэж бодоод Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байдаг Барс зах дээр байхдаа интернэт банкаар 5.000.000 төгрөгийг Г-ын данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өглөө Г-той чатаар холбогдоод “үлдсэн төлбөрийг аль данс руу хийх вэ” гэсэн чинь Г- “миний данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байдаг Барс зах дээр байхдаа интернет банкаар 5.000.000 төгрөгийг Г-ын данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дүгээр хуудас/

“... Би Г-ын надад өгсөн 5622436818 дугаарын Хаан банкны данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 10.600.000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн эхэнд нь 600.000 төгрөг буюу 200 еврог манай захирал О- надад Г-ын данс руу шилжүүл гээд би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед манай хүүхдийн бие муу байсан учраас мөнгөний хэрэг гараад худлаа хэлээд авсан. Би М В ХХК-д 1.700.000 төгрөг буцааж өгсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маш их харамсаж байна. Би авсан мөнгөө буцааж яаралтай төлнө. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 219-220 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь Т Ж ХХК-ны захирал Ч.О-д “танай барааг ачиж яваа машиныг цагдаа зогсоосон байна, яаралтай 200 еврог над руу явуул, би цаашаа шилжүүлэхгүй бол болохгүй байна” гэж, “ачаа тээвэр саатсан, мөнгө хэрэгтэй байна, 10.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна” гэж худал хэлж нийт 10.600.000 төгрөгийг хуурч өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г- өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж өөртөө ашиг олох зорилгоор зориуд уг үйлдлүүдийг үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Т Ж ХХК-нд нийт 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс “........ дугаартай О-” гэсэн дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн “Мөнгөн шилжүүлэг” гэсэн баримт гаргаж өгсөн тул үлдэх 8.600.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үлдэх төлбөрийг “өөрийн өмчлөлийн 6693 УНН улсын дугаартай автомашин”-ыг зарж төлөхөө илэрхийлж энэ талаарх баримтуудаа гаргаж өгсөн, түүний бага насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Хэрэгт  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Б.Г-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 2.000.000 төгрөгийн торгуулийн ялаас 210.000 төгрөгийг хасч эдлэх ялыг 1.790.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г- нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-оос 8.600.000 төгрөг гаргуулж “Т Ж” ХХК-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ