Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

  2020           04           20                                        2020/ШЦТ/382

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Х.А-,

хохирогч М.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Х-ын А-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 20050022....162 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ......... -д механик инженер ажилтай, ам бүл... , ... хүүхдийн хамт ........ дүүргийн 31 дүгээр хороо ....... дугаар гудамжны ... тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар 22-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Х-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө ....... дүүргийн ... дүгээр хороо .......... хорооллын .... байрны .... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.З-г гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар  зүүн далны орчимд хөлөөрөө өшиглөж, нүүр, толгой тус газар нь гараараа цохиж тархины доргилт, баруун нүдний  гадна булан, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн цус хуралт, зөөлөн эдийн  няцралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.А- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө эхнэртэйгээ хамт байж байгаад болсон үйл явдлын талаар ярилцаад ойлголцсон байсан. Би дал руу нь өшиглөөгүй, хөлөөрөө зөөлөн жийхэд гулгаад унасан. Гэхдээ би эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө салхинд гарч чаргаар гулгаж байхдаа хүүхэдтэйгээ хоёулаа чаргатайгаа унаж гэмтсэн. Тэр үед хөхөрсөн байсан. Манай эхнэрийн дал өвдөөд байна гэхээр нь 103 дугаараас зөвлөгөө аваад Гэмтэл Согог Судлалын эмнэлэг рүү очиход Баянгол дүүргийн гэр бүл хүчирхийллийн ажилтан бидэнтэй уулзаж зөвлөгөө өгсөн. Тухайн хүний зөвлөгөөний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар очиж байцаалт өгсөн. Анх байцаалт авсан Эрдэнэдалай байцаагч манай эхнэр лүү дахин дахин утсаар залгаад холбоо үүсгээд байсан. Эрдэнэдалай байцаагч дуудахад бид хоёр очоод бид эвлэрсэн гэдгээ илэрхийлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө ...... дүүргийн ... дүгээр хороо .......... хорооллын .... байрны .... тоотод эхнэр М.З-г гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар  зүүн далны орчимд өшиглөж, нүүр, толгой тус газар нь гараараа цохиж тархины доргилт, баруун нүдний  гадна булан, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн цус хуралт, зөөлөн эдийн  няцралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.З-гийн “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед миний бие хоёр хүүхдээ аваад аавынхаа илүү гэрт очсон юм. Манай аавын илүү гэр нь .......... хороололд байдаг. Тэгээд би аавынхаа илүү гэрт очоод хувцас хунараа угаачихаад нөхөр А-ийг ажлаа тараад аавынд ирээрэй бид гурав аавынд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед нөхөр маань ажлаа тарж ирээд миний машиныг угаана гээд буцаад гарсан. Би хоол хийчихээд охиныгоо аавдаа хоол болчихсон гэдгээ хэл гэхэд охин  маань аавдаа хэлээд удалгүй гаднаас А- орж ирж хоолоо идчихээд уурласан маягтай байгаад байсан. Тэгэж байснаа гэнэт нөхөр маань охиндоо ээж чинь өөр хүнтэй суух гэж байгаа, тэгэхээр миний хоёр хүү өөр аавтай болно гэсэн үг гэж хэлчихээд цонхны тавцан дээр байсан цэцэг болон гэрлийн утас зэргийг аваад гарсан. Би хоёр хүүхдээ унтуулчихаад байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад хаалга тогшихоор нь онгойлгоход нөхөр маань бага зэрэг согтуу, гартаа нэг шил пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд би унтлагын өрөөнд ороод байж байтал А- араас орж ирсэн. Тэгээд би унтлагын өрөөнд ороод байж байтал А- араас орж ирээд миний зүүн талаас зүүн далны доод хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед миний буруу юм чинь гээд нээх тоохгүй байж байтал надаас нэмж юм асуусан болгонд нь би хариулаад байж байтал миний баруун хацар луу зүүн гараараа нэг удаа цохисон. Би хоёр гараараа нүүрээ хамгаалахад А- миний толгойн дагз болон гар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгж байгаад нөхөр маань тайвшраад бид хоёр цугтаа нэг оронд ороод унтсан. Хэсэг хугацааны дараа миний зүүн далны доод хэсгээр амьсгаа авч болохгүй хөндүүрлэж өвдөөд байхаар нь босч өвчин намдаах эм уусан боловч өвчин нь дарагдахгүй байсан. Би нөхөр А-ийг сэрээгээд дал хэсгээр өвдөөд байна гэдгээ хэлэхэд миний өөдөөс хавирга чинь хугарчихсан юм бишүү хохь чинь гэж надад А- хэлсэн. Тэгээд би 103-руу залгаад эмчээс зөвлөгөө авах гэхэд А- хажуу талаас наад эмчдээ шатнаас унасан гэж хэлээрэй гэсэн. Би А-ийн хэлснээр 103-н эмчид шатнаас унасан учраас  гэж хэлэхэд намайг Гэмтэлд очиж үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа Гэмтэлд очиж үзүүлэхэд ясны хугарал алга байна гэж надад хэлсэн. Тэгтэл Гэмтлийн эмнэлгийн гэр бүл хүчирхийллийн асуудал харицсан ажилтан гэх нэг эмэгтэй над дээр ирээд намайг дагуулж нэг өрөөнд оруулаад ямар шалтгааны улмаас хэнд, хэдэн удаа зодуулсан гэх мэт асуултууд асууж байгаад чамайг хамгаалах байран хонуулах болно гээд тэндээ хонуулсан. Би маргааш нь Гэмтлээс гараад цагдаад ирж өргөдөл өгсөн.

... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр А- бид хоёр нэг нэгнээ ойлгож учир зүйгээ олсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 87-88 дугаар хуудас/

 

Гэрч Б.Г-ийн “Би 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө ажил дээрээ жижүүрт гарч байхад шөнийн 03 цаг 30 минутад хүлээн авахаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн ирлээ ирж аваарай гэж хүлээн авахаас надад мэдэгдсэн. Тэгээд би хүлээн авах дээр явж очиход 30-35 орчим насны 1 эмэгтэй байсан. Би тухайн эмэгтэйг дагуулаад эмчид үзүүлчихээд өрөөндөө дагуулж ороод ямар асуудлаар манай эмнэлэгт ирсэн болон хэнд зодуулж, хэний хүчирхийлэлд өртсөн эсэх талаар лавлаж анкет бөглөсөн. Тухайн эмэгтэй надад хэлэхдээ нөхрөөсөө өөр хүнтэй гэр бүлээс гадурхи харилцаа үүсгэсэн байсан, тэгсэн чинь нөхөр нь тэр явдлыг нь мэдээд эхнэрийгээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зодож, цохидог болсон гэж надад хэлж байсан.

... Тухайн эмэгтэйн зүүн гарын булчин хөхөрсөн. Мөн зүүн далны доод хэсэгт өвдөж байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 90-91 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1103 дугаартай:

“1. М.З-гийн биед тархины доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Х.А-ийн яллагдагчаар өгсөн “... Би эхнэрийнхээ машиныг арчиж байхдаа гэнэт миний толгойд би эхнэрийгээ ажил төрөлдөө даарч хөрөхгүй, машин унаатай байг гээд машин тэрэг авч өгч байхад миний авч өгсөн машин дотор өөр залуутай бэлгийн харьцаанд орох ч гэж дээ гэсэн бодол надад төрөөд миний уур маш ихээр хүрсэн. Тэгээд би дэлгүүр ороод нэг шил пиво аваад орох замдаа нэг балгачихаад гэр лүүгээ аваад орсон. Ороод хоолоо идэж дуусчихаад эхнэр маань усанд ороод гараад ирэхээр нь би эхнэртэйгээ тусдаа өрөөнд хоёулахнаа орж байгаад эхнэрийгээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж намайг хуурч мэхэлсэн талаар нь ярилцсан. Тэгэж байтал миний уур хүрээд босч ирээд эхнэрийнхээ хоёр мөрнөөс нь гараараа базаж аваад сэгсрээд чи яагаад намайг хуурч байгаа юм бэ гээд хойшоо ор луу түлхээд хөлөөрөө дал руу өшиглөөд газар унагасан. Тэгээд эхнэр маань орноос годройтож унахдаа гэмтэж бэртсэн юм шиг байна лээ.

... Би тухайн үед гаргасан үйлдэлдээ гэмшиж ойлгосон. Одоо би эхнэртэйгээ  учир зүйгээ олж манай гэр бүл аз жаргалтай сайхан амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-103 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо .......... хорооллын .... байрны .... тоотод эхнэр М.З-г гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.З-, гэрч Б.Г-, шинжээчийн 1103 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч Х.А- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.З- “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.А- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Х.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дугаар заалтад заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дүгээр заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.А-ийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Х.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ