Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           16                                         2020/ШЦТ/372

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Ё.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ё-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 20050016904... дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ......... ХХК-д мужаан ажилтай, ам бүл... , ....... дүүргийн ... дугаар хороо ....... дүгээр гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй, ........ дүүргийн ... дугаар хороо ........ дугаар байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ё-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны подвальд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Х.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун сарвууны 2-р хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ё.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би хөрөөнд нүүрээ авчихсан байсан болохоор гэрээр дэглэм сахиж эмчилгээ хийлгэж байсан. Найзаасаа мөнгө олж ир гэх шалтгаанаар хэрүүл эхэлсэн. Ингэж хүнд гэмтэл учруулна гэж бодсонгүй” гэв.

 

Шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны подвальд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Х.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун сарвууны 2-р хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... шар өнгийн иштэй оёдлын хайч 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Хохирогч Х.О-ийн “Би Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны 00 тоот подваль түрээсэлж оёдол хийдэг. Мөн тэндээ хүүхэд нөхрийн хамт амьдардаг юм. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 17 цагийн үед байх бүрэнхий болсон байсан, нөхөр гэртээ байхдаа над руу хэрүүл хийгээд ална гээд байсан. Би согтуу байхдаа зүгээр унтуулахад яадаг юм, юм хийгээд түжигнүүлээд амраахгүй юм гэж уурлаад хайчаар над руу чичээд байсан. Би гараараа хайчийг хаах үед баруун гарын долоовор хуруунд хайчны үзүүр орсон. Тэгээд нөхөр хайчийг аваад явчихсан. Тэгээд би нөхрийн бие засах өрөө рүү орох хооронд гадагш гараад хүний утсаар цагдаа дуудсан.

... Нөхөр намайг шөнө унтуулсангүй, юм оёлоо гэж уурлаж надтай хэрэлдээд ална гэж хайч бариад гар луу хатгасан юм. Ер нь манай нөхөр согтуу үедээ агсам тавиад байдаг.

... Одоо би гомдолтой байгаа. Хуулийн дагуу шийдүүлнэ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17-18 дугаар хуудас/

“... Б- миний хуруу руу чичээд хуруунаас цус гараад өрөөний шал цус болсон байсан. Би яаж байгаа юм гэхэд чи өөрөө намайг хөөсөн биз гэж бид хоёр маргалдаж байхад Б- өөрөө өрөөний шалыг угаасан ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19 дүгээр хуудас/

“... Эмчилгээний баримт байхгүй. Одоо миний хуруу бүрэн тэнийхгүй, атгахгүй байгаа. Судас тодруулах зураг авхуулж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Нөхөн сэргээх эмчилгээний мөнгө нэхэмжилнэ. Хэдэн төгрөг болохыг нь мэдэхгүй байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Гэрч З.Т-ийн “... Би тухайн өдөр  Бугат 112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. ... Тухайн үед О- гэртээ ганцаараа байсан. О-ийн баруун гарын долоовор хуруу нь гэмтсэн. Нүүрэнд ил хөхрөл гэмтэл харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1161 дугаартай:

“1. Х.О-д баруун сарвуун 2-р хурууны ил хугарал, зүүн далны доор цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Шинжээч М.А-ын “Х.О-ийн баруун сарвууны 2-р хурууны хугарлын түвшинд шархтай байсан. Хэрвээ хугарлын түвшинд шархгүй бол далд хугарал гэж дүгнэх байсан. Хайчаар чичих үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны подвальд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Х.О-ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “унтуулж амраасангүй” гэх шалтгаанаар түүнийг хайчаар чичиж эрүүл мэндэд нь баруун сарвууны 2-р хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Ё.Б- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.О- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт “эмнэлгээр явсан 48.700 төгрөг, түрээсийн 256.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тооцож гаргуулах боломжгүй юм.

Харин хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй оёдлын хайч 1ширхэгийг хохирогч Х.О-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ё-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ё.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Б- нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шар өнгийн иштэй оёдлын хайч 1 ширхэгийг хохирогч Х.О-д буцаан олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ё.Б-д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Х.О- нь өөрт учирсөн хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш ... хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ