Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 304

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Б.Б, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б, Боржигон овогт М.Б нарт холбогдох эрүүгийн 1905050300099 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б

 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг ...дугаар хороо .. дүгээр хэсэг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим яллагдагч Б.Батномин нь иргэн Б.С-г зодож, яллагдагч М.Б нь иргэн Т.Р-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:  

 

1. Хохирогч Т.Р-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 4 цаг өнгөрөөгөөд гэртээ харих гээд баарнаас гараад такси барих гээд зогсож байтал хэдэн залуучууд бид нартай ойрхон байсан бөгөөд тэд нар дунд байсан нэг залуу нэлээн согтчихсон бид нарыг өдөөд байсан. ...Би тэр үед юм бодолгүй такси барих гээд зогсож байтал нутгийн дүү Э-г танихгүй залуучууд зодож байсан. Тэр үед С салгах гээд очсон боловч нэг шар куртиктэй залуу С-г цохьсон. Тэр үед би салгах гээд очтол тухайн залуучуудтай явж байсан анх хэл амаар өдөөд байсан улаан хацартай бараан өнгийн куртиктэй залуу миний хамар орчим цохиод миний хамарнаас цус гарсан. Тэр үед С цохиулсан залуугаа хөөгөөд барьсан. Миний биед учирсан гэмтлийг баарнаас гараад ирэхэд хэл амаар өдөөд байсан улаан хацартай бараан өнгийн куртиктэй залуу цохиж учруулсан. Надаас гарсан зардлыг төлсөн тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

 

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз Б орилохоор нь би өөрөө жаахан согтуу байсан болохоор хальт харахад эмэгтэй хүнтэй маргаад байгаа юм шиг харагдсан. Тэгээд би хөөе яагаад байгаа юм бэ гээд очсон... Тэр үед манай найзуудаас Б, Б нар зодоонд оролцсон. Харин А салгах гээд яваад байсан ...Намайг босч ирэхэд Б надтай маргасан 2 ахтай цохилцоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

        Гэрч У.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Баарны үүд хавьд байсан том биетэй ахтай манай найз Б маргалдаад байх шиг байсан. Тэр үед би найзуудыгаа авч явах гээд такси зогсоон М-тай суусан чинь манай нөгөө хэдэн найзууд ирэхгүй байхаар нь машинаас буугаад ...харсан чинь Б, Б 2 +25 баарны замын эсрэг талд нэг хашааны буланд байсан. …намайг очиход том биетэй ахын хамарнаас цус гарчихсан, манай найз Б-тэй барилцаад зогсож байсан, тэр үед би Б-г тэр ахаас салгаад хартал Б хажууд зогсож байхаар нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 464 дугаартай “Т.Р-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

 

Си-ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 123-126 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч М.Б-н “...Найзуудтайгаа уулзана гээд хөөрсөн байхдаа хүний биед халдан гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна ... Тэр өдөр манай найз Б шар өнгийн куртиктэй байсан...” гэх мэдүүлэг /хх-108-110 тал/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, бичлэг бүхий сидид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-126 тал/ нотлох баримтуудаар шүүгдэгч М.Болдсүх нь 2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим хохирогч Т.Р-г зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

2. Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 4 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад гэртээ харих гээд тухайн баарны харалдаа байдаг гэрлэн дохион дээр зогсож байхад манай нутгийн дүү Э-г танихгүй 2 залуу унагаачихсан байхаар нь би “хөөе юу болоод байна, та нар болиоч” гэж хэлээд тэр хүмүүс дээр очиж нэгийг нь түлхээд, нөгөөг нь доошоо тонгойн татаж дээшээ босгох гэж байтал миний хажуу талаас нэг залуу зүүн шанаа орчим нэг удаа гараараа цохьсон. Тэр үед миний зүүн талын шүд унасан бөгөөд миний шүд уначихпаа гэсэн чинь намайг цохидог залуу зугтсан. ... Модны хоёрын голын замаар орон хөөж байгаад барьж авсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй танилцсан. Шүдээ янзлуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Гэрч З.Ю-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 4 цаг болохоос өмнө баарнаас гарцгаасан. Бид нарыг баарнаас гарахад ойрхон хэдэн залуучууд байсан бөгөөд тэд нар дундаас нэг залуу манай ажлын Р-г ямар том биетэй юм, одоо том биетэй хүнээс айдаг үе өнгөрсөн шүү гэх зэргээр өдөөд байсан. Бид нар маргалдах сонирхолгүй байсан болохоор баарнаас дээшээ алхаад Гандангийн баруун талын хороолол руу өгсдөг автобусны буудлын хажууд байдаг гэрлэн дохиогоор зам гарчихаад буцаад бусад дээрээ дөнгөж очоод байж байтал ...яг юунаас болж хэзээ зодоон болсныг мэдэхгүй …зодолдож байсан. …Р-н хамраас цус гарчихсан. ...С такситай нэг танихгүй залууг дагуулан ирсэн бөгөөд тэр залуугаа миний шүдийг цохиод унагачихлаа гээд гартаа унасан шүдээ барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрлүүгээ харих гээд зам гараад явж байтал танихгүй 2 залуу ирээд надтай маргалдаад намайг газар унагаасан. Тэр үед нутгийн ах С ирж салгаад байх шиг байсан ... Нэг мэдсэн цагдаа болчихсон, ямар ч байсан С ах зодоон хийсэн гээд байсан залуучуудын нэгийг нь барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Б.С-н биед нэг шүдний хугарал, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Б-н “...Надад сонсгож байгаа ялын хүлээн зөвшөөрч баина. …Тухайн үед надтай хамт явсан найзуудаас улаан хацартай хүн гэвэл манай найз Б байгаа...” гэх мэдүүлэг /хх-111-113 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, бичлэг бүхий сидид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-126 тал/ зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б-н нь 2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим хохирогч Б.С-г зодож, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, шүүгдэгч Б.Батномингийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 58 тал/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-82 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б, Б.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 21-22, 27-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон 2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө шүүгдэгч нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим хохирогч нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч шүүгдэгч М.Б нь хохирогч Т.Р-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн 464, 465 дугаар дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нарын хэн аль нь бусдыг зодож цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул шүүгдэгч М.Б-н хохирогч Т.Р-г зодсон, шүүгдэгч Б.Б-н хохирогч Б.С-г зодсон үйлдлүүд гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмч нарын дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул 2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.С, хохирогч Т.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан.

 

Хохирогч Б.С хохирол хор уршигтай холбоотой 8000 төгрөгийн баримт гарган өгсөн бөгөөд /хх-ийн 12 тал/ шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 8000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч Т.Р нь өөрт учирсан хохирлын талаар хавтаст хэрэгт баримтаар 128.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба /хх-ийн 12, 41 тал/ шүүгдэгч М.Б нь уг хохирол төлбөрийг төлөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-с төлөгдөөгүй хохирол 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Р олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосон, тэдгээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...хохирол төлбөрийг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо. Харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзаж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б, М.Б нарт тус бүр 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Б, М.Б нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б, М.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б, Х овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарт тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, М.Б нарт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Т.Р-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг хавтаст хэрэгт хадгалаж, шүүгдэгч Б.Б, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА