Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 306

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.У /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 29-17/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ч-н Б-д холбогдох эрүүгийн 1903012170547 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны ... дугаар сарын ...-ний өдер Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. эхнэр, .. хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ч.Б.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улсын нэгдсэн 3 дугаар төв эмнэлгийн урд замд “Гуртын тавилан” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Toyota” Маркийн “prius 20” загварын 74-68 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглогдсон дохиогоор жолооч зогс шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 20 настай, эрэгтэй С.А, 19 настай, эмэгтэй Н.Т нарыг мөргөж, С.А-н  эрүүл мэндэд хүнд, Н.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улсын нэгдсэн 3 дугаар төв эмнэлгийн урд замд “Toyota prius 20” загварын 74-68 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглогдсон дохиогоор жолооч зогс шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас хохирогч С.А-н эрүүл мэндэд хүнд, Н.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

              Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

 

               Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 тал/,

 

               2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Зам тээврийн осол болсон гэх газар нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд замд үйлчлэгдсэн байх ба зорчих хэсгийн өргөн 11.50 метр, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгай, 3 эгнээтэй, явган хүний замтай, хашлагагүй, хайсгүй, зохицуулагддаг, явган хүний гарцгай, тэгш, асфальтан гадаргуутай зам байв. ...явган хүний гарцын тэмдэглэлийн өргөн 4.0 метр, зорчих хэсгийн хойд талд 5.16, 5.23 тэмдэглэлтэй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 225-226 тал/,

               2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 227-230 тал/,

 

               2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23 цаг 30 минутаас 23 цаг 50 минутад Энхтайвны өргөн чөлөө, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд автобусны буудлын явган хүний гарцны гэрлэн дохионы ажилласан горим /хх-ийн 234-235 тал/,

 

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын техникийн шинжээч нарын “...Тоёота приус маркийн 74-68 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Баасандорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18, “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухай уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гарцын өмнө зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.А, Н.Т нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 213-214 тал/,

               Хохирогч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 07 цагт Баянгол дүүргийн нутаг 3 дугаар эмнэлгийн урд байдаг автобусны буудал дээр байдаг ТҮЦ-д очиж эзэнтэй нь уулзаад өдрөөр цалингаа авахаар тохироод тэр өдрөөс эхлээд ажиллахаар болсон. Тэгээд оройны 21 цаг өнгөрч байхад уг ТҮЦ-ний эзэн ирээд би ТҮЦ-ийг хүлээлгэж өгөөд тэндээсээ гараад урагшаагэа зам хөндлөн гарах үед гэрлэн дохио ногоон өнгө нь асч байсан. Тэгээд би ногоон гэрлээр гараад замын нэгдүгээр эгнээн дээр явж байтал ногоон гэрэл унтраад улаан гэрэл ассан. Гэтэл нэгдүгээр эгнээгээр нэг машин гэнэт гарч ирээд намайг мөргөсөн.  Би түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр би сэрсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний хөл аймар өвдөж байна. Тэр эмэгтэйг би сайн танихгүй. Хажуугийн ТҮЦ-нээс гарч ирээд хамт зам хөндлөн гарах гэж байгааг мэдсэн. Тэр эмэгтэй миний зүүн талд буюу машин мөргөсөн талд явж байсан. Би 3 эгнээтэй замаар гарахдаа ногоон гэрлээр гараад нэгдүгээр эгнээний орчим явж байхад гэрэл дохио улаан гэрэл ассан. Би жолоочоос бэлнээр болон дансаар ямар нэгэн мөнгө аваагүй. Харин Баасандорж жолооч бүх эмчилгээний зардал болон эм тариаг төлөөд яваад байгаа. Баримтууд нь надад байхгүй жолоочид байгаа. Миний хөлөнд хадаас хадсан байгаа. Би 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,         

 

               Хохирогч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амралтын өдөр байсан тул 10 цагийн үед Түц-д очоод ажиллаж байгаад 22 цагийн орчим уг Түц-г А-д хүлээлгэн өгөөд гарч ирэхэд Алпамыс бас зэрэгцээд гараад ирсэн. Тэгээд Алпамыс бид 2 урагшаагаа зам хөндлөн ногоон гэрлээр гарах гэтэл нэг машин ирээд хүчтэй мөргөсөн. Тухайн үед Алпамыс бид 2 хоёулаа мөргүүлээд газар унасан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл хороололд байдаг “Тэнгэр Ээл Өн Энх” нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би Алпамысыг танихгүй болохоор жаахан зайтай явсан байх. ...Ногоон гэрлээр явган хүний гарцаар гарсан. Эхлээд харахад машин байгаагүй, Гэтэл цаанаас нэг машин хурдтай ирээд мөргөсөн. Тухайн өдрөөс хойш жолооч Баасандорж нь эхнэрийн хамт өнөөдрийг хүртэл эм тариа авч өгч байгаа. Тооцоог жолооч өөрсдөө мэдэж байгаа. Нэхэмжлэх зүйл байгаа, яг хэдэн төгрөг нэхэмжпэхээ сайн хэлж мэдэхгүй байна. ...Миний бие энэ осолд орсноос хойш их өвддөг болсон. Би өөртөө эмчилгээ хийлгэх гэж өөрийн компьютероо ломбарданд 400.000 төгрөгөөр, гар утсаа 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ажилгүй байсан хугацааны цалин 1.800.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 194-195 тал/,

              

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12748 дугаартай “...Ц.А-н биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, уушгины артерын бүлэнт бөглөөдөс бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

               

                Шинжээч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А-н биед учирсан зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарлын улмаас уушигны артер, бүлэнгэрч бөглөрөн сэхээний тасагт эмчлэгдсэн, энэ хүндрэл нь эмчилгээний явцад эдгэрч хэвийн байдалд орох бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг гэмтлээс үүссэн үлдэц, уршигийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдах буцаж хэвийн байдалд орох боломжгүй гэмтлүүд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-143 тал/,

 

                     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1397 дугаартай “...Урьд гаргасан 12747 тоот дүгнэлт 2019 оны 10 дугаар сарын 21-ний гаргасан байх ба нэмэлтээр ирүүлсэн аарцгийн хөндийн компьютерт томографийн шинжилгээ нь 2019 оны 10 дугаар сарын 23-нд хийгдсэн байна. Уг шинжилгээний хариу нь өмнөх дүгнэлтэнд тусгагдаагүй. Н.Тогтохбаярын биед зүүн умдаг ясны доод салааны хугаал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-44 тал/,

 

                Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...10 дугаар хорооллоос хөдлөөд нэлээн хурдтай явж байсан. Тэр үед уг машины жолооч замын 1 болон 2 дугаар эгнээг солиод давхиад байсан. 3 дугаар эмнэлгийн явган хүний гарц ойртож очиход замын ар талаас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөтлөлцөөд гүйгээд гараад ирсэн. Жолооч тормосоо гишгэсэн уг нь зогсох гэж оролдсон боловч амжаагүй. Тэр 2 хүнийг мөргөсөн. Эмэгтэй нь яг миний урд шилэн дээр унаад шил нь хагарсан. Эрэгтэй нь цааш шидэгдээд газарт унасан. ...Тэгээд би өөрийнхөө барьдаг 94734772 дугаарын утаснаас 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг: /207-208 тал/,

 

                Гэрч Ө.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...3 дугаар эмнэлгийн гэрлэн дохионы наана 100 орчим метр нэгдүгээр эгнээ рүү ороод 80 орчим км/цагийн хурдтай улаан гэрлээр ороод яг гарцан дээр явж байхад замын хойноос 2 хүн гүйгээд гараад ирсэн. Тэр үед жолооч тормосоо гишгэж амжаагүй бөгөөд тэр хоёр хүнийг мөргөсөн. Эмэгтэй нь урд салхины шилэн дээр унасан. Харин эрэгтэй нь мөргүүлээд цаашаагаа үсрээд унасан. ...Би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 202-204 тал/,

 

Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрлэн дохио нь 2 үеийн горимоор ажилладаг бөгөөд нэгдүгээр үе нь Энхтайвны өргөн чөлөөний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Энэ үеийн эхний таван секундэд бүх хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асна. Сүүлийн 3 секундэд завсрын хугацаа буюу шар гэрэл асна. Хоёрдугаар үед Энхтайвны өргөн чөлөөг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Нэгдүгээр үеийн эхний 5 секундэд бүх хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл нь зам хөндлөн гарч амжаагүй явган зорчигчийн хөдөлгөөнөө дуусгах хүртэл хугацаа юм. Өөрөө хэлбэл явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл асаад унтарсны дараа тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн ногоон гэрлийг шууд асаавал зам хөндлөн гарч амжаагүй явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдана. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүлээх хугацаа буюу бүх хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл асна. Бас сүүлийн 3 секундэд шар гэрэл асна гэсэн үг юм. Гэрлийн дохионы горим 22 цагаас 00 цаг хүртэл хугацаанд нэгдүгээр үе нь 73 секунд, 2 дугаар үе нь 27 секунд нийт цикл нь 100 секунд асах горимтой. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 39 минут 36 секундээс анхааруулах шар гэрэл 3 секунд асна. Тэгээд 23 цаг 39 минут 39 секундэд нэгдүгээр үе дуусч хоёрдугаар үе буюу явган зорчигчийн хөдөлгөөний зөвшөөрсөн ногоон гэрэл 27 секунд асна. Тэгээд 23 цаг 40 минут 6 секундэд 2 дугаар үе дуусна гэсэн үг. Үүний дараа буцаад нэгдүгээр үе асч эхлэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 тал/,

    Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 74-68 УНР улсын дугаартай автомашинтай 2 зорчигчийн хамт 10 дугаар хорооллоос 3 дугаар эмнэлгийн зүүнээсээ баруун тийш явж байсан юм. Тухайн үед замын 2 дугаар эгнээгээр 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудлын гэрлэн дохио руу дөхөж яваад уулзварын ойролцоо нэгдүгээр эгнээ рүү шилжээд хурдаа хастал гэрлэн дохионы ногоон гэрэл ассан. Би нэгдүгээр эгнээнд явж байтал 2 болон 3 дугаар эгнээнд явж байсан машинууд хөдөлсөн. Би явган хүний гарцаар хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал урдаасаа хойшоогоо нэг явган зорчигч гарцаар гүйгээд гарсан. Тэр явган зорчигчийг өнгөрөөгөөд цаашаагаа явах гэтэл замын хойд талаас 2 явган зорчигч гэнэт гарч ирж миний машинд мөргүүлсэн. Би машинаа зогсоогоод машин дотор явсан үйлчлүүлэгчийг та дуудлага өгөөдөх, би энэ 2 хүнийг хөдөлгөөнгүй байлгаж байя гэж хэлээд машинаасаа буугаад мөргүүлсэн 2 хүн дээр очиж харахад наана нь эрэгтэй явган зорчигч буюу А зам дээр хэвтэж байсан. Харин Тогтохбаяр нь цаад талд нь зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-137 тал/ болон хохирогч С.А-н хохирлын баримтууд /хх-ийн 122-125, 159, 163-169 тал/, хохирогч Н.Т-н хохирлын баримтууд /хх-ийн 127, 158 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн болон хохирол төлбөр төлсөн зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, гэрлэлт бүртгэлийн тодорхойлолт /хх-ийн 62 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 63 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 64 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 66-67 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 тал/, лизинг болон барьцааны гэрээ /хх-ийн 70-71 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан заажээ.

 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улсын нэгдсэн 3 дугаар Төв эмнэлгийн урд замд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 40 минут орчимд зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Ч.Баасандоржийн Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглогдсон дохиогоор жолооч зогс шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын өмнө зогсоно” гэснийг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, дуудлагын лавлагааны хуудас, осол гарсан шалтгааныг тогтоосон текникийн шинжээчдийн дүгнэлт, гэрлэн дохионы ажилласан горим, хохирогч Ц.А, Н.Т, шинжээч Г.Х, гэрч Б.З, А.Д, Ө.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Б-гг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.18-т заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч Н.Т-н биед зүүн умдаг ясны доод салааны хугарал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр, хохирогч Ц.А-н биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, уушгины артерын бүлэнт бөглөөдөс бүхий гэмтэл хүнд гэмтэл тус тус учирсан нь хэргийн 32, 42-44 дэх талд авагдсан шинжээчийн эмчийн 12748, 1397 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ч.Б-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болно.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож хохирогч Ц.А-с нь эмчилгээний зардалд 2.685.920 /хх-ийн 122-125, 159, 163-169 тал/ төгрөгний,  хохирогч Н.Т нь 698.870 /хх-ийн 127, 158/ нотлох баримт тус тус гаргаж өгсөн байх ба хохирогч нар шүүхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн” бичгийн хүсэлт ирүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А-т  3.000.000 төгрөг, хохирогч Н.Т 500.000 төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Ч.Б-с гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар урьд ял шийтгүүлж байгаагүй байх ба бага насны 2 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан байна.

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй байна.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1046739 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ч-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч С.А, Н.Т нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч.Б-н жолоочийн B ангиллын ....... дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА