Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 317

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин /томилолтоор/,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0576/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Г овогт П-н Б-т холбогдох эрүүгийн 1905037950178 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын ...ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, .... улсад сурдаг, ам бүл.... эхнэр, .....хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дүгээр хороо,....... дүгээр байрны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогтой П.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод эхнэр Э.У-н хэвлийд гараараа цохиж, толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж нүүрэн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:  

 

Хохирогч Э.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Б Унгар улс руу 2 жилийн хугацаатай суралцахаар явна гээд 19 цагийн үед ажил дээр уулзаад Никитон бааранд орсон. Шөнийн 00 цагийн үед баарнаас гарч ирээд гэдэс рүү 2 удаа цохиод унагаасан.  Би “бид хоёрын амьдрал дууссан” гэж хэлээд такси бариад явсан. Таксин дотор миний үснээс зулгаагаад толгойгоор шил мөргүүлж, хөл рүү өшиглөөд байсан. Таксинаас буугаад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод байрлах гэртээ ортол том өрөөний хаалга хаагаад нүүр рүү цохиж зодсон. Намайг газар унаад босоход “чи муу битгий баашлаад бай” гэж хэлээд дахин зодсон. ...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Намуун эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Хамар хугарсан байсан болохоор Намуун эмнэлгээр гаргуулсан. Шүд сэтэрсэн байсан болохоор шүдээ мөн янзлуулсан. Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байгаа. Бид хоёрын дундаас 5, 10 настай хоёр охинтой. 5 жилийн өмнө гар хүрч зодож байсан. Тухайн үед салах өргөдлөө өгч байсан. Гомдолтой байна. ...Б бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хохирлын талаар маргаан байхгүй, хэргийг яаралтай шийдүүлмээр байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /18-19, 20-21, 70-71 тал/

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10873 дугаартай “...Хохирогч Э.У-н биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл бөгөөд цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

 

            Хохирогч Э.У-н биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 49-50 тал/,

 

Шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө эхнэр болон ажлынхантай хамт Никитон бааранд орсон. Улмаар архи пиво уугаад согтсон. Би гадаа гараад эхнэрээ хэд хэдэн удаа цохисон. Эхнэрээ байхгүй байхаар нь хардсан. ...Улмаар такси бариад гэртээ очоод том өрөөнд ороод маргалдаад эхнэртээ дахин гар хүрсэн. Манай ээж Даваахүү орж ирсэний дараа манай эхнэр аав ээжийгээ дуудсан. Гэм буруугаа ухаарч байна. Эхнэр бид хоёр эвлэрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэрээсээ сайн дураараа уучлалт гуйж эвлэрсэн бөгөөд одоо хамт амьдарч байгаа. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул би сургуулиасаа 1 жилийн хугацаатай чөлөө авсан. Би У-тай 2009 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. Тухайн үед гадагш явах гэж байсан тул намайг гаргаж өгөхөөр бааранд орсон. Бааранд эхнэр өөр хүнтэй бүжиглээд би согтсон болохоор эхнэрээ хардаад гар хүрсэн. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 75, 76 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч П.Б-ийн асап сангийн лавлагаа /хх-ийн 42-44 тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 61 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 62-63 тал/, төрсний бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 64-65 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 тал/, Дипломын хуулбар /хх-ийн 68 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Тус шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/363 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч П.Б-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай үндэслэлээр П.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаасан /хх-ийн 98-100 тал/ байх ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн 2020/ДШМ254 дугаартай магадлалаар захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн /хх-ийн 116-120 тал/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь эхнэр Э.У-г бусадтай бүжиглэсэн шалтгаанаар хардаж, 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Никитон баарны гадна хохирогч /эхнэр/ Э.У-н хэвлийд гараараа 2 удаа цохиж унагаасан, тэндээс гэр лүүгээ таксинд суугаад явж байхдаа толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж, гар руу нь цохисон, улмаар Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот гэртээ ирээд том өрөөнийхөө хаалгыг хааж байгаад нүүр хэсэг рүү нь цохиж, хана руу түлхэж унагаан зодсон, газар унаад босож ирэхэд нь битгий байшлаад бай гээд дахин зодсон үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч П.Б-н дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Э.У-н эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 37, 48-51 дахь талд авагдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмчийн 10873 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

 

 Хохирогчид учирсан дээрх гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой гэж үзэх ба шүүгдэгч П.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б-н 2019 оны 9 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө хохирогч Э.У-н Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, биед нь тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчигт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн өөрчлөлт орсон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул шүүгдэгч П.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-н биед тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндийн хохирол учирсан байна.

 

Хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлоо эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн гэж мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, дахин өгсөн мэдүүлгээрээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ж “...хэргийг хэрэгсэхгүй болгуулах, эсхүл 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, улсын яллагч “...750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлт тус тус гаргасан.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл буюу улсын яллагч, шүүгдэгч нар ял тохиролцсон гэж үзэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан хэдий ч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай явагдах, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримталж шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч П.Б-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хоёр хүүхэдтэй, Унгар улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт үйлдлийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан Шудрага ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн, шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно.

 

Шүүгдэгч П.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбоотойгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Э.У гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА