Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 318

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Т-д холбогдох эрүүгийн 1905042420177 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .... сум ... дугаар баг ..... гудамж ......тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ....... дугаар хороо, ...... дугаар байрны ...... дугаар орцны ..... тоотод түр оршин суух,

Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, Б овогт О.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч О.Т нь 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 17-110 тоотын гадна иргэн Г.Э-н эзэмшлийн 26-56 УНГ улсын дугаартай Ниссан нөм маркийн автомашиныг жолоодон хүргэж иргэн Г.Э-н эзэмшлийн Самсунг Эс-8 плас маркийн гар утас, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:  

Хохирогч Г.Э-н Баянгол дүүргийн цагдаагий нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/,

Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Натур дахь найзындаа баяр тэмдэглээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд машинаа барьж явах гээд согтуу байсан болохоор фейсбүүкээс 75151515 дугаарыг хараад дуудлагын жолооч дуудсан. Жолооч ирээд миний машиныг бариад намайг суулгаад манай гэрт буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 17-110 тоотод хүргэж өгөөд явсан. Гэртээ ороод утас байхгүй болохоор нь машиндаа үзэхэд байхгүй байсан. Мөн машины урд хайрцаганд байсан бэлэн 350.000 төгрөг байхгүй байсан. Цагдаад дуудлага өгчихөөд тэр үедээ согтуу байсан учраас дуудлагаа буцаагаад маргааш өргөдөл гаргахаар болсон. Хамгийн сүүлд машинд суугаад манай найз миний утсаар ээжтэйгээ ярьчихаад эргүүлж өгөөд бид хоёр салсан. Би утсаа аваад машиндаа цэнэглэсэн замдаа унтчихсан байсан. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн жолооч явчихсан байсан. Надад бэлэн мөнгө байгаагүй картанд мөнгө байсан. Тэгэхээр дуудлагын жолооч надаас мөнгө авахгүй явсныг гайхаад байсан юм. Харин алдсан гээд байгаа мөнгө нь хүнээс мөнгө зээлж ажлын ахдаа авч өгчихөөд буцааж аваад зээлсэн хүндээ өгөх гээд бэлэн 350.000 төгрөг машиныхаа урд хайрцаганд хийсэн байсан юм. Би тухайн дуудлагын жолоочийг сэжиглэгдээд дуудаад уулзья гэхээр ирэхгүй утсаа унтраагаад алга болоод байсан, өөр авах хүн байхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Ш.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Э-тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай гэрээс Энхтүвшин бид хоёр гараад дэлгүүрээс дахин quality нэртэй архи авч Энхтүвшингийн машинд цуг хуваан ууж байсан. Би фейсбүүк дээрээс дуудлагын жолооч гэсэн хайлт явуулж 75151515 гэсэн дугаарыг олсон. Тэр дугаар руу Э залгаж дуудлагын жолооч дуудсан. Э тухайн үед Самсунг эс-8 плас маркийн гар утастай байсан. Машиныхаа урд хайрцаганд дугтуйтай мөнгө байсан ба би Энхтүвшингээс 100.000 зээлээч гэхэд Э надад болохгүй мөнгө гээд зээлээгүй. Дуудлагын жолооч ирж Э-н машиныг бариад явсан. Би хэдэн төгрөг байсан гэдгийг хараагүй. Надад 300.000 гаруй төгрөг байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

 

Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э-д 2019 оны 9 дүгээр сарын дундуур 350.000 төгрөг зээлж байсан. Тэгээд Э надад одоо болтол миний мөнгийг өгөөгүй байгаа. Надад болохоор 2019 оны 10 дугаар сарын дундуур машинаасаа мөнгөө алдчихлаа гэж хэлээд таны мөнгийг өгч чадахгүй мөнгөө алдсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлсэн. ...Тодорхой бол яриагүй надад өгөх гэж байсан мөнгөө машинаасаа алдчихлаа гэж цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Улаанбаатар хотын гар утас Теди болон Монтел худалдааны төвийн үнийн судалгаанд үндэслэн Samsung s8 plus маркийн гар утасны зах зээлийн үнийг 500.000 төгрөгөөр тогтоолоо...” гэх тайлан /хх-ийн 29-30 тал/,

 

Шүүгдэгч О.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө дунд жолоочийн ажлаа хийгээд явж байтал Натур төвд нэг дуудлага ирсэн. Уг дуудлагыг над руу шилжүүлсэн, тэгэхээр нь би яваад очтол Ниссан нөт маркийн бараан өнгийн машины жолооч гэх 30 гаруй насны ах, найз гэх бас нэг ах байсан. Тэр хоёр машиндаа үлдсэн тал шил архиа хувааж уугаад найз нь гэрлүүгээ орохоор нь би нөгөө ахыг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын ар руу яваад гэр хороолол дотор нэг гудамжинд ирсэн чинь нөгөө ах энд зогсчих гэхээр нь би буухдаа Эс-8 плас загварын гар утсыг аваад буусан...” /хх-ийн 53-54, 58-59 тал/ гэх мэдүүлэг, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч О.Т-н бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, авсан болох нь тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Т-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч О.Т нь 2019 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө дуудлагын жолоочийн ажил үүрэг гүйцэтгэж, хохирогч Г.Э-гийн эзэмшлийн 26-56 УНГ улсын дугаартай Ниссан НӨТ загварын автомашинж жолоодон түүнийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 17-110 тоотын гадна хүргэж өгсөн байх ба ингэхдээ хохирогч Г.Э-н 500.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-8 плас загварын гар утас болон тухайн автомашины урд хайрцагт байсан бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч О.Т нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч О.Т-г  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Хохирогчийн гар утсыг “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 500.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 30 тал/

Мөн бэлэн 350.000 төгрөг хохирогчийн автомашины урд хайрцагт байсан болох нь хохирогч Г.Э-н “...мөнгө зээлж ажлын ахдаа авч өгчихөөд буцааж аваад зээлсэн хүндээ өгөх гээд бэлэн 350.000 төгрөг машиныхаа урд хайрцаганд хийсэн байсан...”, гэрч Ш.Ч-н “...машиныхаа урд хайрцаганд дугтуйтай мөнгө байсан. Би Энхтүвшингээс 100.000 зээлээч гэхэд Э надад болохгүй мөнгө гээд зээлээгүй...”,  гэрч Н.Н-н “...Би Э 2019 оны 9 дүгээр сарын дундуур 350.000 төгрөг зээлж байсан. Энадад одоо болтол миний мөнгийг өгөөгүй байгаа. ...2019 оны 10 дугаар сарын дундуур машинаасаа чамд өгөх гэж байсан мөнгөө алдчихлаа, цагдаа шалгаж байгаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-н нийт 850.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэж дүгнэсэн ба шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Т-с 850.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-н олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Т нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор О.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64-68 тал, 72-79, 80-93 тал/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол /хх-ийн 69 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 96 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тэрээр урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолуудаар 2015, 2016 онуудад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял хойшлуулж байсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан байх ба өрх тусгаарлаж гараагүй хэдий ч нярай буюу 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүүхэдтэй байна.  

Мөн шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч О.Т-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч О.Т-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Т-д мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т-с 850.000 /найман зуун тавин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА