Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 334

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Д-н Т-д холбогдох эрүүгийн 2005005710351 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл.., эхнэр, ээж... хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, Төмөр зам ... дүгээр гудамж, .... тоотод оршин суух хаягтай, / урьд

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б овогт Д.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны орчим иргэн М.Э-г гэр бүлийн хардалтын улмаас нүүр хэсэгт гараараа цохиж, 2 нүдний зовхи, хамар, хацар, уруул, шанаанд цус хуралт, хавантай, дээд эрүүний 2 шүд хагас хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр би найз хүүхэн Дарьсүрэнгийн хамтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны дээд үзүүр дээр очсон юм. Тэгээд манай найз хүүхэн Дарьсүрэн ахынхаа гэр рүү ороод юм оруулж тавьчхаад гараад ирье гээд буусан. Би гадаа машинд нь хүлээгээд сууж байтал машины эсрэг талын хаалга онгойхоор нь гайхаад хартал Дарьсүрэнгийн салсан нөхөр болох Тулга байсан. Тэр залуу машин дотор орж суугаад миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Миний хамраас цус гарахаар нь би машин дотор цус гоожуулахгүй гээд буутал нөгөө залуу машинаас буугаад над дээр ирээд намайг хананд шахаж байгаад дахиад миний нүүр рүү гараараа олон удаа цохисон. Удалгүй Дарьсүрэн гарч ирээд тэр залууг надаас салгасан. Тэгээд Дарьсүрэн намайг зугтаа гэхээр нь би тэндээс яваад өгсөн. ...Би хамраа эмчлүүлэх шаардлагатай байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 26-27 тал/,

 

Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Э бид хоёр ажлын найзууд. Бид хоёр урагшаа өвөр Монгол руу ажлаар байнга хамт явдаг. 2014 онд анх танилцаж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ...намайг орцноос гараад ирэхэд Э-н хувцасны захаас Т боогоод хананд шахсан зогсож байсан. Тэгээд Энхбаярын нүүр нь битүү хавдчихсан. Бас нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Э-г цаашаа яв гээд явуулчхаад ахындаа орсон. Манай нөхөр Түвшинтулга намайг манай эрэгтэй найз Э-тай хардаад маргалдаж улмаар зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1974 дугаартай “...М.Э-н биед 2 нүдний зовхи, хамар, хацар, уруул, шанаанд цус хуралт, хавантай, дээд эрүүний 2 шүд хагас хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 71, 72 тал/,

 

Яллагдагч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэр Д миний машиныг аваад явсан юм. Би тэр өдөр хороололд явж байтал миний машин хорооллын байрнуудын дунд зам дагуу асаалттай зогсож байсан. Би гайхаад машин дээрээ яваад очиход миний машин дотор Энхбаяр гэдэг залуу жолоочийн суудал дээр сууж байсан. Тэгэхээр нь би нөгөө талын урд талын хаалгаар машин дотор орж суугаад Э-н нүүр рүү нь хоёр гурван удаа гарынхаа алгаар алгадсан. Тэгээд миний машинаас буу гэж хэлсэн чинь Э буухаар нь би машинаас бууж очоод нүүр рүү нь гараараа маш олон удаа цохисон. Уур хүрээд эхнэр рүүгээ утсаар залгаад “Хаана байгаа юм хүрээд ир, яахаараа миний машин дотор Э сууж байдаг юм” гэхэд эхнэр удалгүй гарч ирсэн. Тэгээд эхнэртэйгээ юм яриад зогсож байтал миний зодсон Энхбаяр яваад өгсөн байсан. Э гэдэг залуу манай эхнэр Д-тэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Тэр хоёр надаас нууцаар уулзаж учирдаг юм. Тэр өдөр миний машинд сууж байхаар нь миний уур хүрээд Э-н нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны гадна хохирогч М.Э-г эхнэртэйгээ хардаж зодсон үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 35 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36 тал/, хүүхдийг төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 тал/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50 тал/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 51 тал/, Хаан банкны дипозет дансны хуулга /хх-ийн 52-56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-64 тал/, гэрч Ж.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т бид хоёр 2002 оноос хойш нөхөрлөж байна. Баянзүрх дүүргийн 27 дугаар сургуулийг 2009 онд төгссөн. ...10 жилээ төгсөөд коллежид элсэн ороод 2004 онд Д гэх эмэгтэйтэй гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хичээнгүй аливаад тууштай зан араншинтай. ...Баянзүрх дүүргийн Амгаланд ээж, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11-12 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 1974 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Т нь М.Э-н нүүр хэсэгт гараараа цохиж, 2 нүдний зовхи, хамар, хацар, уруул, шанаанд цус хуралт, хавантай, дээд эрүүний 2 шүд хагас хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1974 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Д.Т-д нь хохирогч М.Э-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны орчим иргэн М.Энхбаярыг гэр бүлийн хардалтын улмаас нүүр хэсэгт гараараа цохиж, 2 нүдний зовхи, хамар, хацар, уруул, шанаанд цус хуралт, хавантай, дээд эрүүний 2 шүд хагас хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

 

Хохирогч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй ба хэргийн 72 дахь талд авагдсан хохирогч М.Э-н прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Т-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Т-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Т-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 800 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Э гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА