Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

Н.*******д холбогдох

      зөрчлийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөнийг оролцуулан

          Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрсөн зөрчил гаргагч Н.*******ийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох зөрчлийн материалыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Өмнөговь аймгийн Цагдаагийн газар нь иргэн Н.*******ийг өөрийн эхнэр болох С.*******д сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж цаашид сэтгэл санаа, эдийн засгийн хохирол учруулж болзошгүй байна.

          Хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлж үзэхэд хүчирхийлэл дахин давтагдах магадлалтай, хүчирхийллийн болзошгүй эрсдэлийн түвшин дунд зэргийн аюултай гэж дүгнэлт гарсан.

         Иймд хохирогчийн аюулгүй байдлыг хангахын тулд Н.*******д гэр бүлээс нь тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн материалыг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх: Н.******* нь эхнэр С.*******д эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл удаа дараа учруулсан болох нь Цагдаагийн газрын хүсэлт, гэр бүлийн хүчирхийллийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Л.*******, Н.*******, Г.*******, С.*******, Н.******* нарын тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна гэж дүгнэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.5 дахь хэсэгт зааснаар хүчирхийлэл үйлдэгч Н.*******ийг  4 /дөрөв/ сарын хугацаагаар хохирогч

С.*******гаас тусдаа амьдрахыг даалгаж, хохирогчтой уулзахыг болон уулзахаар оролдохыг хориглож, хүчирхийлэл үйлдэгч Н.*******ийг 3 /гурав/ сарын хугацаатай зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулж, шүүхийн шийтгэврийн гүйцэтгэлийг хариуцан биелүүлэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:          

Миний бие эхнэр С.*******тай гэрлэлтээ батлуулаад 13 дахь жилдээ амьдарч байна. Бид 2 охинтой бөгөөд одоо том нь 6 дугаар анги, бага охин 6 настай.

С.******* нь хүүхдийнхээ 60000 төгрөгөөр амьдардаг, тэр нь сардаа хүрдэг, хоёр жил ганцаараа блок цохиж амьдарсан, намайг юу ч нэмэрлэдэггүй гэж ярьж байсан. Ер нь амьдралаа би авч явдаг. Миний хувьд архи уудаггүй. С.******* бид хоёрын дунд хардалтаас шалтгаалсан маргаан гардаг байсан.

 С.******* нь худлаа ярин хүүхдүүдээ хайхрахгүй яваад өгчихдөг байсан. Миний хувьд *******д сэтгэл санааны болон эдийн засгийн дарамж шахалт үзүүлсэн гэж ийм шийтгэл хүлээлгэж байгааг ойлгохгүй байна.

Ямар баримтыг үндэслэн намайг хүүхдүүдээс минь салгаж уулзуулахыг хориглоод байгааг ч гайхаж байна. С.*******г өдий зэрэгтэй явуулсныхаа төлөө ийм байдалд орж сургалтанд хүртэл суухаар болсондоо эр нөхрийн хувьд гомдож байна.

Иймд миний энэ гомдлыг нягтлан шалгаж, давж заалдах гомдлыг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шүүх хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах эрхтэй.

    Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Ганчимэгийн шалгаж, иргэн Н.******* нь өөрийн эхнэр болох С.*******д сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж цаашид сэтгэл санаа, эдийн засгийн хохирол учруулж болзошгүй байдлыг харгалзан  Н.*******д гэр бүлээс нь тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн материалд цугларсан баримтад үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Н.******* нь эхнэр С.*******д эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл удаа дараа учруулсан болох нь Цагдаагийн газрын хүсэлт, гэр бүлийн хүчирхийллийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Л.*******, Н.*******, Г.*******, С.*******, Н.******* нарын тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогджээ.

Иймд гомдол гаргагч Н.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, Н.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд  гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА