Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0451

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд О.Лхамлхаажав нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй, Д.А-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/08 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Д.А-ыг Улиастай сумын Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1, 15 дугаар зүйлийн 15.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4046748 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох санд нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэн, үлдэх олговрыг нэхэмжлэгч Д.А-т олгохыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Д.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улиастай сумын Жинст багийн Засаг даргаар томилогдож 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2-т “...баг ...Засаг даргыг ...дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...баг, ...Засаг даргыг сум ...Засаг дарга ...4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж хуульчилсан улс төрийн албан тушаал юм.

Улс орон даяар үүссэн корона вирус халдварт өвчний улмаас хууль тогтоомжид зааснаар багийн Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүсч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Засаг дарга Д.А-ын бүрэн эрхийн хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэж байгаа гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч албан тушаалтан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Жинст багийн Засаг дарга Д.А-ыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/08 дугаар захирамжаар Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах хүртэл багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр О.Л-ыг томилон ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Дээрх захирамжуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ “...Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасан зохицуулалт нь иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахгүй байх үндэслэл болохоос биш, багийн Засаг даргыг тухайн багийн иргэдийн саналгүйгээр чөлөөлөх үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

Харин “хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй” гэх дүгнэлт нь хуульд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”, 3-д “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэх заалтуудаас үзвэл багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх боловч, дараагийн Засаг дарга томилогдоогүй тохиолдолд түүний бүрэн эрхийн хугацааг шууд 4 жилийн хугацаа дууссан, эсхүл дуусаагүй гэдгээр дүгнэх боломжгүй.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар тогтоолд хариуцагчийн маргаж буй “Д.А нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн чадамжгүй хуралдаанаас гарсан тогтоолыг үндэслэсэн сумын Засаг даргын захирамжаар анх томилогдсон нь хууль бус, Жинст багийн Хурлын тогтоолд өөр багийн тамга, тэмдэг дарагдсан” гэх үндэслэлд дүгнэлт өгсөн байхад хариуцагч тухайн шүүхийн дүгнэсэн асуудлыг үл харгалзан маргаан бүхий актуудыг гаргасан нь хууль бус байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар багийн Засаг даргыг чөлөөлөхдөө тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4, 10.4.6-д заасны дагуу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглосон байх тул хариуцагчаас тухайн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахгүйгээр маргаж буй захирамжуудыг гаргасан хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй.

Дээрх хуулийн зохицуулалт нь хуулиар зохицуулсан тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авахгүйгээр багийн Засаг даргыг чөлөөлж болох эрхийг олгосон хуулийн зохицуулалт биш, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчлэх тул хариуцагчийн уг үндэслэлийг зөвтгөх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР