Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 335

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч/хохирогч Б.З, Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.З, Ш овогт Ю.Б нарт холбогдох эрүүгийн 2005001160224 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймаг Рэнчинлхүмбэ суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн .......... багш ажилтай, ам бүл.... аав, ээж, хүүхдийн хамт ........аймгийн ...........сумын .......... дугаар баг, .........г, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ........ дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, /РД: / улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Б.З.

 

Монгол Улсын иргэн, ......оны .....дүгээр сарын …-ны өдөр Төв аймаг Баяндэлгэр суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, ...........  тос сэргээч ажилтай, ам бүл......, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, ........... дугаар байрны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ..................... дүгээр хороо ....... дүгээр хороолол Жхутагт Дамдинбазарын гудамж ....... дугаар байр ...... тоотод оршин суух хаягтай, /РД:/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ю.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ю.Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо баарны үүдэнд хохирогч Б.З тай маргалдан зодож биед нь дагз зулайн хуйханд цус хуралт, зүүн мөр баруун гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын дунд хурууны хумс бүрэн хууларсан шарх, хоёр хөлний өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо баарны үүдэнд хохирогч Ю.Б-тэй маргалдан зодож биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З, Ю.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Ю.Б-н гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Кензо бааранд тархиа хагалуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Б.З-гаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 3 тал/,

 

Шүүгдэгч Ю.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим хамт ажилладаг Б, Б, Т. Т нар дуудаад байхаар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд хамт орсон. ...Бид нарын хажууд сууж байсан охидуудын нэг нь болох өндөр нуруутай, махлагдуу биетэй эмэгтэй манай хамт ажилладаг Баярмааг хэл амаар доромжлоод байхаар нь би “манай ажлын хүн чамд ямар муу юм хийсэн юм бэ настай хүнийг ингэж доромжилж болдог юм уу” гээд маргалдсан. Тэгтэл нөгөө эмэгтэй босч ирээд миний нүүр рүү хоёр удаа цохисон, миний толгой эргээд сууж байтал манай хамт ажилладаг 2 эмэгтэй хүрч ирээд бид дөрвүүлээ сууж байгаад тамхи татах гээд гадагш гартал ...намайг цохисон эмэгтэй тааралдаад “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд зогсож байтал тэр эмэгтэй шууд миний хөл рүү хавсарч цохиод намайг доошоо даараад унахдаа миний духыг цемент шал мөргүүлсэн.Тэгтэл тэр хавиар явж байсан хүмүүс салгасан. Миний дух язраад цус гарч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9  тал/,

 

              Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний ажилладаг сургуулийн шинэ жил “Хан Бүргэдэй” төвд болоод ...залуу багш нар түрүүлж гараад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” нэртэй бааранд очсон. ...Тэнд сууж байсан хүмүүсийн нэг намайг “энэ одоо хэн юм” гэхэд нь Нэргүй “манай хамт ажилладаг багш байгаа юм” гэхэд тэр эмэгтэй “багтахгүй байхад ямар олуулаа явдаг юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би чамд өмчлөөд өгсөн газар юм уу, битгий давраад байгаарай” гээд би тэр эмэгтэйтэй хэрэлдсэн, би тэр эмэгтэй дээр очоод нүүр лүү нь гараараа дараад суулгаад хамт сууж байсан багш нар бүгдээрээ энэ баарнаас гарцгаая гээд гадагшаа гарсан. Би гадаа гараад зогсож байтал миний маргалдсан эмэгтэй найзуудтайгаа гарч ирээд намайг явуулахгүй, та нарыг цагдаа  дуудна гээд бид нар маргалдаж байгаад хоорондоо зодолсон. Миний хөл гуя хэсэг рүү өшиглөхөөр нь би хөл тавиад нэг эмэгтэйг газар унагаагаад нөгөө эмэгтэйг нь газар унагаагаад зуураад дээр нь гараад байж байтал миний хөл рүү өшиглөсөн эмэгтэй хөлнөөс зулгаагаад байсан.Тэгж байтал хамгаалагч нар гарч ирээд бид нарыг салгатал тэр эмэгтэйгийн нүүр нь цус болчихсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

             

              Гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З бид хоёр баарны гадаа байж байтал нөгөө З-тай маргалддаг эмэгтэй хоёр эмэгтэй найзтайгаа гарч ирээд “чи муу залуу хүн байж томорлоо” гээд З руу дайраад байхаар нь би тэр хүмүүст наад хүнээ явуулчих би аваад явья гэхэд З-тай маргалддаг эмэгтэй үгүй гээд З-гийн хөл рүү өшиглөөд З-г заамдсан. Тэгэхээр нь би дийлэхгүй юм чинь баар руу ороод гадаа зодоон болоод байна гэсэн чинь хоёр хамгаалагч надтай зөрөөд гарсан. ...Хамгаалагч нар салгасан байсан. З гэдсээ дараад газар хэвтэж байсан. Харин З-тай маргалддаг эгч яанаа толгойноос цус гараад байна гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

 

              Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүжиглэж байтал Б ширээн дээр очсон нэг эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан. Би очтол Б энэ эмэгтэй намайг 2 удаа цохичихлоо гээд байж байсан. ...Б бид хоёр гараад гараад тамхи татаад зогсож байтал Бтэй маргалдсан эмэгтэй ирээд Б-тэй хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг Быг цохиж  магадгүй гээд өмсөж явсан нэхийнийх нь ханцуйнаас барьчихсан байж байтал тэр эмэгтэй намайг хавсарч унагаагаад Бийг мөн унагаасан. Тэгээд би тэр эмэгтэйтэй дээр доороо ороод газар унасан чинь миний гар цус болчихсон байсан. Би энэ юу цус вэ гэтэл хажууд байсан залуу танай найзаас цус гараад байна гэсэн. Тэгээд өндийгөөд хартал Бийн нүүр тэр чигээрээ цус болсон байсан /хх-ийн 19-21 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 875 дугаартай: “...Ю.Бийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 423 дугаартай: “...Б.Згийн биед дагз, зулайн хуйханд цус хуралт, зүүн мөр баруун гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын дунд хурууны хумс бүрэн хууларсан шарх, хоёр хөлний өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдантад нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

              Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-66 тал/,

 

Шүүгдэгч Б.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ю.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар архи согтууруулах ундаа хэрэглэж бие хянах чадвар муудсаны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.   

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Згийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48 тал/, гадаад паспортны хуулбар /хх-ийн 49 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 50 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, шүүгдэгч Ю.Бийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.   

                                                                            

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ю.Б, Б.З нар 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо баарны үүдэнд маргалдан харилцан зодолдсоны улмаас Б.Згийн эрүүл мэндэд “дагз зулайн хуйханд цус хуралт, зүүн мөр баруун гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын дунд хурууны хумс бүрэн хууларсан шарх, хоёр хөлний өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл,  Ю.Б-ийн эрүүл мэндэд “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биенээ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсч үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Түүнчлэн, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Б.З, Ю.Бахатгүйл нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 423, 875 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч нарын харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.З, Ю.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Б, Б.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгч Ю.Б, Б.З  гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ю.Б, Б.З нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.З, Ю.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.З, Ю.Б нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Ю.Б, Б.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.З, Ю.Б нарт мэдэгдэх нь зүйтэй.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэв.

 

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.З, Ю.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б.З, Ш овогт Ю.Б нар нь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.З, Ю.Б нарт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Ю.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.З, Ю.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Ю.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА