Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 342

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Хохирогч Б.И,

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.А-д холбогдох эрүүгийн 2005007090349 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны их сургуульд ........ суралцдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хороо, бага тойруу гудамж, ..... дугаар байр, .....тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ..... дугаар байрны ...... тоотод түр оршин суудаг /РД:/ урьд ял шийтгэлгүй, Б овогт Л.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.А нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчим иргэн Б.И ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Хохирогч Б.И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн өглөө 7 цаг 45 минутад 99031454 дугаарын утаснаас залгаад машинаа гаргах гэсэн юм гэж хэлсэн. ...Би гадаа хүйтэн байна, машинаа 2-3 минут халаая гэсэн чинь яараад байна, хоцрох гээд байна, хүний машины урд машинаа тавьчихаад гэхээр нь чи наад газраа өмчлөөд авсан биш гэж хэлтэл хүрч ирээд цохих гэж байна гэж бодоогүй тэгсэн чинь зүүн баруун талын шанаа руу нэг нэг удаа гараараа цохисон ...Эхнэр нь хүүхдээ тэвэрч гарч ирээд нилээн маргалдсан тэгээд эхнэр нь машиныг чинь би холдуулъя гэхээр нь би пизда танай нөхөр намайг цохьчихлоо гэсэн чинь тэр залуу миний жирэмсэн эхнэрийг пизда гэлээ гээд дахиад зүүн баруун шанаа руу 2 удаа цохисон. Тэгэхэд амнаас цус гараад шүлсээ хаясан. ...Гэртээ ороод амаа зайлсан чинь миний шүднүүд суларчихсан юм хазаж болохгүй шүдний тээглүүр хугарсан байсан ...Тэр залуу эхлээд миний баруун шанаа руу 2 удаа 2 гараараа ээлжлээд цохьсон. Тэр үед миний эрүү зуурсан. Тэгээд дахиад миний ам руу баруун гараараа нэг удаа цохиход аман дотор цус дүүрээд ирсэн тэгээд би шүлсээ хаяхад цус гарсан. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 тал/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гараад машинаа халааж байтал манай хүүхэд даараад байна гээд байсан. Би тэр эмэгтэйг түлхэж унагаасан зүйл байхгүй. Надад эм тариа хийлгэсэн 100.000 гаруй төгрөгний баримт байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2313 дугаартай “...Б.И ын биед дээд доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 3, баруун доод 3, 4, зүүн доод 3 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

 

   Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 2 минут 44 секундэд цайвар өнгийн гадуур хувцастай эрэгтэй зүүн гараараа үстэй малгай өмссөн эрэгтэйгийн цээжин тус газар нь цохиход зөрүүлээд үстэй малгайтай эрэгтэй баруун гараараа ээлжлэн 2 удаа нүүрэн тус газар нь цохиж цайвар өнгийн гадуур хувцасны хоолойн хэсгээс 2 гараараа бариад бие биенийгээ түлхэлцэж буй дүрс байв... Хажууд зогсож байсан эмэгтэй үстэй малгайтай эрэгтэйтэй түлхэлцэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

 

Шүүгдэгч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр өглөөний 07 цаг 50 минутын үед ажилдаа явах гээд манай эхнэр М машинаа халаах гээд түрүүлээд гарсан.  ...Хэсэг хугацааны дараа нэг эрэгтэй хүн гарч ирээд уг машинд суугаад машинаа асаачихаад буцаад гараад ирсэн. Тэгэхэд манай эхнэр та машинаа холдуулахгүй юм уу гэхэд тэр ах би машины халаачихаад холдуулна гэсэн. Тэгээд манай эхнэр та жаахан урагшлаад өгөөчээ бид нар жаахан хүүхэдтэй яараад байна гэхэд тэр ах манай эхнэрийг хараалын үгээр пизданууд минь та нарын зогсоол дээр би машинаа тавьсан юм уу, би энэ машиныг үнэтэй авсан, машинаа хаана тавихаа та нараар заалгахгүй гээд байсан тэгэхэд нь би ахаа та машинаа 5 метр холдуулаад өгөөчээ гэж гуйж үзсэн. Тэгэхэд тэр ах манай эхнэр рүү дайраад машинаа холдуулахгүй байсан. Би тэгэхээр нь машины урд шилийг нь хучсан байсан хучлагыг нь холдуулсан чинь тэр ах намайг замдаад цохисон. Тэгэхээр нь би бултаад замдалцаж байхдаа өөрийгөө хамгаалж зүүн гараараа баруун шанаа орчим нь 1 удаа цохисон. Би тэр ахыг тайвшруулж аргадах гээд зөндөө гуйсан. Тэр ах намайг өдөөн хатгаад манай эхнэр рүү дайраад байсан. Тэрний дараа манай хүүхэд уйлаад машинаас хүүхдээ аваад гаргаж ирээд хүүхдээ тэврээд ахаа нялх хүүхэд халуураад байна, би өөрөө 6 сартай жирэмсэн жаахан яараад байна та машинаа жаахан холдуулаад өгөөч гэхэд тэр ах чиний жаахан хүүхэдтэй, жирэмсэн байх нь надад хамаагүй гэсэн. Манай эхнэр тэр хүнд дөхөж очиход манай эхнэрийг түлхэхээр нь би баруун шанаанд нь 1 удаа гараараа цохисон. Тэр ах манай эхнэрт хандаж танай нөхрийг шоронгийн хадаас болгоно, танай нөхөртэй адилхан 2 бандитай, танай нөхрийг байхгүй болгоно гэж заналхийлээд манай машинд дайрч машин дотор байсан утасны дугаарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр машин таглаад тавьчихсан байсан. 10-15 минутын дараа энэ ах гарч ирсэн. Тэгээд машинаа халааж байж хөдөлнө гээд байсан. Би гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан. Хохирол төлбөр төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Л.А нь хохирогч Б.И ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 46 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 52 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 тал/, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 50 тал/, Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 51 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 55-57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Л.А, хохирогч Б.И  нар нь үл ялих зүйлээс буюу машин таглаж машинаа тавьчихаад холдуулахгүй байна гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч Л.А нь хохирогч Б.И ын нүүр, шанаа хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Л.Аын хохирогч Б.И ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2313 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.И ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт эм тариа авсан гэх 106.350 төгрөгний 4 ширхэг баримт гарган өгсөн.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.А-аас хохиролд тооцож 106.350 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.И-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн хохирогч Б.И нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.     

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж, шүүгдэгч Л.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.А-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-аас 106.350 /нэг зуун зургаан мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Б.И-д олгосугай

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск-г хавтаст хэрэгт хадгалаж, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Б.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА