Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

    2020       04          09                                           2020/ШЦТ/343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Т.Серикжан,

Хохирогч Б.О ,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 2003000740089 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн “Зуунмод” суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Цэргийн хотхоны .... тоот оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны .... тоотод амьдардаг гэх,  дугаарын регистртэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Новогт Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Б нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө” кино театрын зүүн талын замд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны шилжих шөнө 2 цаг 34 минутын үед “Toyota prius-20” загварын 24-72 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад /зохицуулалтын явган гарцаар/ зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О , Г.Э-д нарыг мөргөж, Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “....осол болсон замын нөхцөл байдал нь асфальт, халтиргаатай, хөлдүү, зохицуулдаг уулзвар дээр явган хүний гарцтай, суурингийн дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, ...осол болсон зам гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 5 эгнээгээр зорчдог зам, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. “А" үсгээр эхний явган зорчигч автомашинд мөргүүлсэн гэх цэг, “Б” үсгээр ...автомашинд мөргөгдөн газар унасан цэг, “3” тоогоор дараагийн явган зорчигч автомашинд мөргөгдсөн цэг, “4” тоогоор ...автомашинд мөргүүлж, газар унасан цэг...” гэх тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

                Зам тээврийн ослын үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 тал/,

            Хохирогч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз бид хоёр зам руу орох гээд уулзвар дээр ирэх үед явган талд улаан гэрэл асаж байхаар нь бид хоёр гэрэл солигдохыг хүлээж байгаад явган талд ногоон гэрэл асахаар нь зам руу орсон. Зам руу дөнгөж ороод нэг, хоёр алхаж байтал замын зүүн гар талаас нэг машин баруун эргэж орж ирээд бид хоёрыг мөргөсөн. ...Энэ ослоос болж нуруундаа гэмтэл авсан. Эрүүл мэндээр хохирсон тул гэм буруутай жолоочоос эмчилгээний хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ ослоос болж эрүүл мэндээрээ хохирсон. Ажилгүй болсон. Би сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Жолоочийг дахин ийм болгоомжгүй үйлдэл гаргахгүй байх, үүнээс болж хүний амьдрал өөрчлөгддөг гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Би эмчилгээний бодит гарсан зардалд 1.030.780 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1.100.000 төгрөг, ирээдүйд эмчилгээнд хийгдэх зардалд 1739.000 төгрөг, нийт 3.869.780 төгрөг нэхэмжилсэн. Жолооч надад бэлнээр 500.000 төгрөгөөр нэг удаа, 1.500.000 төгрөгөөр нэг удаа нийт 2 сая төгрөг хохиролд төлсөн. Мөн даатгалын компаниас 1.500.000 төгрөг авч өгсөн. Нийтдээ 3.528.149 төгрөг төлсөн тул хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэж байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

           

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шөнө 02 цаг 34 минутын үед би, найз Б.О ийн хамт Баянгол дүүргийн “Өргөө” кинотеатрын ...зүүн талаас баруун гал руу нь зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн гар талаас хөх өнгийн “Тоёота-Приус-20” маркийн машин баруун тийш эргэж байхдаа манай найз бид хоёрыг мөргөж газар унагасан. Тэгээд би түрүүлж босоод хартал манай найз эмэгтэй тэр машины урд зам дээр хэвтэж байхаар нь би нөгөө машины жолоочтой хамтарч өргөж босгоод нөгөө машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. ...Манай найз бид хоёрыг зам руу орох гээд уулзвар дээр ирэх үед явган хүний талд улаан гэрэл асаж байхаар нь бид хоёр гэрэл солигдохыг хүлээж зогсож байгаад явган хүний талд ногоон гэрэл асахаар нь зам руу орсон, тэгээд зам руу дөнгөж ороод нэг, хоёр алхаж явтап замын зүүн гар талаас нэг машин баруун эргэж орж ирэхдээ ...хурдтай орж ирээд бид хоёрыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Иргэний хариуцагч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ машин манай нөхөр бид хоёрын эзэмшлийн автомашин байгаа юм. Энэ машиныг манай нөхөр бид хоёр анх 2019 оны 5-р сард Да Хүрээ техникийн захаас танихгүй хүнээс худалдаж авч байсан. Анх худалдаж авсанаас хойш өдийг хүртэл энэ машиныг манай нөхөр Н.Б унаж хэрэглэдэг юм. Анх энэ машиныг худалдаж авахдаа урьдчилгаа мөнгийг нь манай нөхөр бид хоёр төлөөд үлдсэн мөнгийг нь Нэт Капитал Лизинг ХХК-аас зээл авсан юм. Тэгээд одоохондоо энэ машин Нэт Капитал Лизинг ХХК-ны нэр байгаа юм. Манай нөхөр бид хоёр зээлээ хэвийн төлөөд явж байгаа. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Т-н 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1511 дугаартай “...Б.О ийн биед сээрний 7 дугаар нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-56 тал/,

Техникийн шинжээч Н.Ш-н 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаартай “...“Тоёота-Приус-20” маркийн 24-72 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “...Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа зорчигчид зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 80-81 тал/,

            Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01-р сарын 13-ны өдрийн шөнийн 02 цаг 34 минутийн үед Тоёота-Приус-20 маркийн 24-72 УБУ дугаартай автомашинаа бариад 3-р хорооллын эцэс рүү гэр лүүгээ харих гэж явж байсан. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын Номин худалдааны их дэлгүүрийн урд талын замаар зүүнээсза баруун тийш замынхаа 1-р эгнээгээр 20-30 км / цагийн хурдтай явж байгаад Номин их дэлгүүрийн урд талын уулзвар дээр ирэх үед улаан гэрэл асч байхаар нь гэрэл солигдохыг хүлээж зогссон. Удалгүй гэрэл солигдож үед ногоон болон баруун гар тийш эргэх нэмэгдэл секц ногоон асахаар нь хөдөлтөл уулзвараар баруун гар тийш эргэж байтал гэнэт замын зүүн талаас эмэгтэй эрэгтэй хоёр хүн миний машины урдуур зам хөндпөн орж ирэнгүүт нь тоормос гишгээд машин зогсох үед эмэгтэй хүн нь миний машины урд хэсэгт мөргөгдөөд газар унасан, харин эрэгтэй хүн нь миний машины баруун урд крылонд нь шүргүүлсэн. Тэгэнгүүт нь би машинаасаа гараад хартал эмэгтэй хүн нь машины урд талд хэвтэж байхаар нь би хамт явсан залуутай нь тэр эмэгтэйг өргөж босгоод шууд машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-96 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр харих гэж явж байхад тус хэрэг гарсан. Би 5-6 жил машин барьж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг /хх-ийн 23-27, 52 тал/ тус тус шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б нь хувь хүний зан чанарын хувьд элдэв муу ааш зан чанар байхгүй, хүнд тусархаг, нөхөрсөг, хүний төлөө л гүйж явдаг хүн. ...Хорт муу зуршил байхгүй, архи огт хэрэглэдэггүй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/, гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Б нь зан чанарын хувьд аливаа муу ааш зан байхгүй, хүнд их тусархаг нөхөрсөг, хүний төлөө л гэсэн сэтгэл гаргаж явдаг. ...Манай ах сийлбэрчин гарын дүүтэй хүн байгаа юм, тогтсон гэр бүл бүлдээ халамжтай тийм л хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96-97 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 98-99 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 102-103 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 105 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 106 тал/, тээврийн хэрэгслийн шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 107 тал/, нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 108 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 49-50 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б  нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Өргөө” кино театрын зүүн талын замд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны шилжих шөнө 2 цаг 34 минутын үед “Toyota prius-20” загварын 24-72 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зохицуулалтын явган гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О , Г.Э нарыг мөргөж, Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны шилжих шөнө 2 цаг 34 минутын үед зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Н.Б гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “...Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа зорчигчид зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Б г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу сээрний 7 дугаар нугаламын шахагдсан хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1511 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б гийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны шилжих шөнө 2 цаг 34 минутын үед өөрийн эзэмшлийн “Тоёота-Приус-20” загварын 24-72 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч буюу хохирогч Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол, хор уршигт тооцож 3.869.780 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Н.Б  нь нийт 3.528.149 төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Б  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б  нь ............ оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ...........8 тоотод түр оршин суудаг ба урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Б д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн болон хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул хуулинд заасан дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болохыг тайлбарлаж байна.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Б д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О-т 3.528.149 төгрөгийг хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА