Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

    2020       04         09                                        2020/ШЦТ/344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт А.Д-д холбогдох эрүүгийн 2005009810512  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ........ ХХК-нд ........ ажилтай, ам бүл 3, эмээ, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн ....... дугаар хороо, .........  тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, /РД: / Б овогт А.Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч А.Д нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны орой Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 9*9 нэртэй зочид буудлын гадна иргэн О.С-н биед шалтгаангүйгээр халдан толгойн тус газар эд зүйлээр цохиж, түүний биед “хуйханд шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Д-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.С ын биед шалтгаангүйгээр халдан толгойн тус газар нь эд зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч О.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр хоёр ахыг салгачихаад зогсож байтал миний баруун хойд талаас манай ажлын Д  гэх залуу чулуугаар юм уу, юугаар гэдгийг нь сайн мэдэхгүй нэг цохисон Урагшаа биеийнхээ урд хэсгээр унангуутаа дээшээ боссон чинь миний толгойн баруун ард дагз хэсгээр халуу дүүгээд байхаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан. Тэр үед толгойгоо дараад хойшоо суусан чинь Д  над руу дахиж ирээд миний урдаас заамдан авч хойш түлхээд намайг хойш нь унагаасан. ...Миний биед учирсан гэмтлийг манай ажлын Д  гэх залуу хавтан шиг чулуугаар цохиж учруулсан. ...Миний биед 129.750 төгрөгний хохирол учирсан байх ба баримтуудаа би авч ирсэн. Мөн би Номуун эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээ дууссаны дараа нотлох баримтаа гарган өгнө. ...Миний биед учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг хэрэг гарсан цагаас хойш 2 удаа уулзаж, уучлалт гуйгаад барагдуулж дууссан байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15, 77-78 тал/,

 

Гэрч Б.М-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Надад С ыг чулуугаар цохисон гэдгийг Д  өөрөө хэлсэн бөгөөд Д д болохоор Э ах хэлсэн юм шиг байна лээ. ...Бас тэр явдал болсоны маргааш Д  бид хоёр С той очиж уулзахад С  Д  намайг чулуугаар цохисон. Би бүгдийг нь санаж байгаа шүү чи болохоор миний нүүрэнд хөлөөрөө өшиглөсөн байгаа шүү гэж яриад байсан. ...А.Д хар өнгийн яак, цайвар өнгийн жинсэн өмд саарал пүүзтэй хар эрээн цамцтай байсан. ...Манай найз Д  нь баг байхын биеэ даасан тусархуу, аливаа зүйлээ бүрэн ухамсарлаж чаддаг зөөлөн сэтгэлтэй хүн байгаа. ...Хүнд амархан итгэдэг түүнээс болж хүний худал үгэнд итгээд тэр хүний үгээр үг хийх гээд байдаг сул талтай, хүнд дэндүү итгэмтгий...”гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 76 тал/,

 

Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Тэр үед маргаан ингээд салчих юм байна гэж бодсон чинь нөгөө зам гарч явсан хоёр залуу гэнэт замын урдаас буцаж ирээд жижигхэн биетэй залуу хаанаас нь юм мэдэхгүй чулуу шиг хавтгай зүйл гартаа барьж байгаад зочид буудлын урд байсан цагаан цамцтай нэг залуугийн хойноос нь цохисон. Тэр үед нөгөө цохиулсан цагаан цамцтай залуугийн толгойноос цус гарсан. Шууд тэр хүмүүс дээр очиж салгасан. ...Сүүлд чулуугаар цохиулсаны дараа бол толгойн баруун хойд тал, чихний ар хэсэгт нь 4 хуруу хэрээтэй хагарчихсан цус гарч байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

                Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон -тогтоол /хх-ийн 31-33 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3493 дугаартай “...О.С ын хуйханд шарх тогтоодлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 83, 85 тал/,

 

Яллагдагч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна. Тухайн үед би болсон зүйлийг санахгүй байсан боловч сүүлд С той уулзаад бас нөгөө хэрэг болсон газрын камерын бичлэгийг үзээд хүний биед гэмтэл учруулсанаа мэдээд маш их гэмшиж, С т учирсан хохирлыг нөхөн төлсөн. ...Цаашид алдаагаа дахин давтахгүй байхад анхаарах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1.500.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 41 тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 42 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 43-45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д-гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч А.Дгийн үйлдлийн улмаас хохирогч О.С ын биед “хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3493 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч А.Д нь хохирогч О.С ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 3 дугаар сарын 7-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.С ын биед шалтгаангүйгээр халдан толгойн тус газар нь эд зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Дг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэргийн 74 дэх талд авагдсан Б.М-г хохирогч О.С ын эрүүл мэндэд халдсан үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол төлбөрт 129.725 төгрөгний 3 ширхэг баримт гарган өгчээ. /хх-ийн 28 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д нь “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн...” гэж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.С  “...А.Д нь миний биед учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг хэрэг гарсан цагаас хойш 2 удаа уулзаж, уучлалт гуйгаад барагдуулж дууссан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Дгээс гаргуулах хохирол төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг А.Д-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Д-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Д-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

`

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА