Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

    2020           04        14                                            2020/ШЦТ/359

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч А.Баясгалан /томилолтоор/,

Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Л.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2942/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А.Д-д холбогдох эрүүгийн 1905041690341 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... курсын оюутан, ам бүл ......, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: /, урьд ял шийтгэлгүй, У овогт А.Д.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Д  нь 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо Це пабын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Д.Б ийн зүүн гуяны гадна дунд хэсэгт хагархай шилээр 2 удаа хатгаж шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Б ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/,

 

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Э гэх найзын төрсөн болсон. Тэгээд манай найз болох Л бид хоёр модны 2-ын ойролцоох нэрийг сайн мэдэхгүй байна нэг пабад ороод Evok нэртэй 1 литрийн архийг 15, 16-лаа хуваагаад нэг нэг хундганд жоохон жоохон хийгээд тулгаж уусан. Тэмүүжин, З, Д, Б, Э, А, Л бид хэд гадаа гараад тамхи татаад зогсож байтал Л утсаар ярих гээд цаашаа яваад алга болсон. Тэр хооронд Д ах, Д-н хамт машинтай ирээд бид нараас Л  хаана байна, алнаа пиздааг гээд орилоод байсан. Л  гараад ирэхэд Д  гэх залуу Л ийг чи намайг лалар гэдэг юм уу гээд баруун гараараа нүүр хавьцаа цохисон, Л  хойшоо ухарсан. Тэгэхэд Д гэх залуу яаж байна гээд том дуугарахаар нь би Д  гэх залууд наадуул чинь найзууд юм чинь учираа олчихноо, та битгий дундуур нь ороо гэж хэлсэн. Д  Т-г нүүр рүү нь баруун гараарай 1 удаа цохисон. Тэгээд З хажуу талаас нь яаж байгаа юм бэ наадах чинь яагаачгүй гэж хэлтэл чи ер нь яадаг болчихсон юм бэ гээд З-н нүүр рүү баруун гараараа бас нэг удаа цохисон. Би өөрөөс нь нилээн зайтай зогсож байхад над дээр ирээд чи пиздаа минь яагаад байгаа юм гээд нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь нэг удаа цээж рүү нь түлхсэн тэгсэн чинь шил бариад газар хагалаад намайг хатгах гээд араас хөөхөд нь би дээшээ зугтаасан. Шатаар нь дээшээ гараад орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан болохоор орж чадахгүй шатан дээр нь зугтаах гээд зогсож байтал тэр 2 над дээр тулаад ирчихсэн Дархан-Эрдэнэ нь намайг баруун гараараа миний нүүр рүү 1 удаа цохиж байх хооронд Д  доогуур миний гуя руу шилээрээ 2-3 удаа хатгаад зугтаад гүйсэн. Би гуяаа хартал цус гарч байсан, буцаад караокены нойлд ороод өмдөө тайлаад гуяаа хартал аймар том ангаасан байсан. ...Манай найз Д  гэх залуу гартаа шил барьж байгаад миний гуя руу хатгасан. Өөр хэн ч миний биед халдаж зодоогүй. Тухайн үед би согтуу байсан, дээрээс нь хөлөө гэмтээсэн болохоор уур хүрээд Дархан-Эрдэнэ миний нүүр рүү гараараа цохисон гээд хэлчихсэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13, 14-15 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн шинжээчийн №12766 дугаартай “…Д.Б ийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Шүүгдэгч А.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн найз Энхдэлгэрийн төрсөн өдөр дээр Модны хоёрын Tse нэртэй пабын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй пабад очиход гадаа Э, Б , Д, Л  нар тамхи татаад юм яриад зогсож байснаа Б , Д нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Би голоор нь орж салгаж байгаад Б тэй муудалцсан. Тэгээд газар байсан хагархай пивоны шил аваад Б ийг айлгах гээд зүүн гуя руу нь хагархай шилээр хоёр удаа хатгасан. Б ийн зүүн гуянаас цус гараад бид нар аваад Гэмтлийн эмнэлэг очиж оёдол тавиулаад дараа нь цагдаагийн хэлтэс дээр дуудагдсан. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Найзтайгаа сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал болох 850.000 төгрөгийг бүрэн төлж  барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Хохиролд 840.000 төгрөг төлсөн, манай найз гомдолгүй гэсэн байгааг харгалзаж үзнэ үү...” гэх мэдүүлэг,

 

Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 57 тал/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Я.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д  нь одоо .... ухааны их сургуульд сурдаг. Хувь хүнийхээ хувьд төлөв зантай, бусдад их нийтэч, эвтэй харьцаатай, гадуур дотуур тэнээд байдаггүй, найз нөхөдтэй нэр хүндтэй сайн хүү...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 34 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 41 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 55-69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 17-18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

                                                                          

Шүүхийн дүгнэлт:       

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар найз нөхдийн харилцаатай байх ба хэрэг учрал болсон Энхдэлгэр гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие биеэ үл хүндэтгэсэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч А.Д  нь хохирогч Д.Б ийн зүүн гуя хэсэгт шилны хагархайгаар цохиж, эрүүл мэндэд нь шарх гэмтэл учруулжээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 12766 дугаар дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Д ийн хохирогч Д.Б ийн зүүн гуя хэсэг рүү шил хагалж хатгасан үйлдэл, хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл буюу зүүн гуяны гадна дунд хэсэгт 1,0*0,2 см, 8,0*0,2 см бүхий шарх гэмтэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул шүүгдэгч А.Д ид холбогдуулан прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнэнэ.

 

 Иймд шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Д  нь хохирогч Д.Б  хохиролд тооцож 840.000 төгрөг нөхөн төлсөн болох нь түүний Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 840.000 төгрөг хохирогчид шилжүүлсэн /хх-ийн 57 тал/ баримтаар, мөн хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлэг, хүсэлтээр нотлогдсон.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан шүүгдэгч А.Д оос гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Д  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Д-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Б  хохиролд тооцож 840.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА