Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

    2020          04         21                                         2020/ШЦТ/392

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 2005009670514 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн... настай эрэгтэй, дээд боловсролтой, Жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... эхнэр, .... хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо Цахилгаан станцын ......  тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ...... дугаар байрны ...... тоотод түр оршин суудаг, /РД: / улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Б .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2020 оны 3 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.А-г бусадтай хардан хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:   

 

Иргэн Т.А-с цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 03-ны шөнө манай нөхөр Б  01 цагийн үед архи уучихсан гэрт орж ирсэн. Тэгээд намайг хардаад бид хоёр маргасан. Тэгэхэд Б  миний шилбэ хөл хэсэг рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгээд хэвлий хэсэг рүү, мөн толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд хүүхэд сэрсэн. Би хүүхдээ тэврээд байж байхад дахиад намайг цохих гэхээр нь би бултсан. Тэгээд манай ээж жижиг өрөөнд унтаж байсан. Би ээжийг цагдаа дууд гэсэн. Тэгээд манай ээж цагдаа дуудах гэхэд ээжийн гар утсыг авчихсан. Тэгэхэд ээж эрүүлдээ учраа олчихоо гээд манай нөхөртэй ярилцаж байсан. Гэмтлийг манай нөхөр Б  учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б той эвлэрч, одоо хамт амьдарч байгаа..” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7, 19-20 тал/,

 

Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 03-нд би А-н гэрт хүүхдийг хараад хэд хонож байсан. Тэгэхэд манай хүргэн Б  шөнө орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргаад байгаа бололтой байсан. Тэгээд А.У намайг дуудаад цагдаа дууд гэсэн. Би цагдаа дуудах гэхэд Б миний утсыг аваад намайг түлхээд гараад явсан. А-н хөл дээр нь хоёр гурван газар хөхөрсөн шалбарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №3253 дугаартай “...Т.А биед хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

                                     

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 55, 56 тал/,

 

Яллагдагч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гадуур явж байгаад гэртээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо .... тоотод ороход эхнэр А утсанд янз бүрийн мессеж ирсэн байсан. Би уг мессежийг хараад ...бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа хардан маргалдаж ...би биеэ барьж дийлэхгүй эхнэрийхээ хөл рүү цохиж гараараа нэг удаа цохиж түлхсэн. ...Би эхнэрийнхээ биед гэмтэл шарх учруулсан гэм буруугаа ухаарч байгаа бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би эхнэртэйгээ өмнө маргаж ямар нэгэн зөрчилдөөн гаргаж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд буюу эхнэр Т.А г бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 39 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.А г бусадтай хардан хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт, цус хуралт”  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

 

Хохирогч Т.А ы биед учирсан дээрх гэмтэл хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 3253 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь нотлогдсон байх ба шүүгдэгч Г.Б ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Г.Б , хохирогч Т.А  нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2015 оноос эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч Т.А г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б ийн хохирогч буюу эхнэр Т.А г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б  нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй ба хэргийн 56 дахь талд авагдсан хохирогч Т.А прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Б оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Б ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон ялын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ялтан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан болохыг шүүгдэгч Г.Б-д тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б ид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Т.А  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА