| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0792/Э |
| Дугаар | 818 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 818
2020 05 05 2020/ШЦТ/818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2006 01375 0848 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Д, 1964 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кип атоматикын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, хоёр удаагийн ял шийтгэлтэй,
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 01 тоотод оршин суух гэртээ иргэн П.Баярсайхантай маргалдан маргах явцдаа зүүн гар руу хутгаар хатгаж зүүн бугалганд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа” гэв.
Хохирогч П.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед өөрийн найз болох Дагвадоржийн гэрт орж ирсэн. Тэгээд бид хоёр хамт архи уусан ба хоорондоо архи ууж байгаад муудалцаад ширээн дээр байсан жижиг хутгыг аваад миний зүүн гар талын булчин хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот гэртээ...хоёулаа цуг манай гэрт архиа уусан. Баярсайхан ах нилээн согтоод гэнэт миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөний шургуулганаас жижиг хутга гаргаж ирээд Баярсайханы хэвлий хэсэгт хутгалчих шиг болсон. Болсон үйл явдлыг би тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4256 тоот дүгнэлтэд:
1. П.Баярсайханы биед зүүн бугалганд сорви тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 18-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 01 тоотод оршин суух гэртээ иргэн П.Баярсайхантай маргалдан маргах явцдаа зүүн гар руу хутгаар хатгаж зүүн бугалганд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч П.Баярсайханы: “...би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед өөрийн найз болох Дагвадоржийн гэрт орж ирсэн. Тэгээд бид хоёр хамт архи уусан ба хоорондоо архи ууж байгаад муудалцаад ширээн дээр байсан жижиг хутгыг аваад миний зүүн гар талын булчин хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Дид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.Баярсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.Дид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Д- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Дид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР