Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 817

 

2020.05.05                                  2020/ШЦТ/817

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00283 0994 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.У, 1977 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1б хэсэг 1085б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1В-н 1093 тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.Бямбадоржтой маргалдан, улмаар ширээн дээр байсан хутгыг авч Бямбадоржийн баруун талын гуянд 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч Ж.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.У бид хоёр манай гэрт архи ууж хоноод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө босоод би хоол хийж идэх гээд амбаараас хөлдүү цувдаа оруулж ирсэн. Тэгээд цувдаанаасаа элэг сэмж чанаж идэх гээд хэрчиж байтал У надад хандаж, наад цувдаа чинь хөлдүү байна ш дээ гэхээр нь хэрчээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цувдаагаар хоол хийж идэх гэж байхад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд У бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон санагдаж байна. Тухайн үед бас нэлээн согтуу байсан. У бид хоёр 05-ны өглөө босчихоод дэлгүүр орж 0.75 грамм Хараа архи 1 шилийг аваад хувааж уугаад, өнөөх архи маань нэлээн дундарсан байсан. Тэгээд л У бид 2 маргалдаж, У ширээн дээр байсан хутгыг аваад баруун хөлний гуяны дотор талд 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Ж.Бямбадоржтой хамт өглөөнөөс хойш 0.75 литрийн Хараа архи уусан. 16-17 цагийн үед Бямбадорж согтоод надруу агсраад байсан. Тэгээд би тэсэхээ байгаад ширээн дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад Бямбадоржийн баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хутгалсан...Би Баянзүр дүүргийн 10 дугаар хороо 1в-н 1093 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Бямбадоржтой маргалдан, улмаас ширээн дээр байсан хутгыг авч Бямбадоржийн баруун талын гуянд 1 удаа хутгалж, тухайн гэмтлийг Бямбадоржийн биед учруулсан...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2660 тоот дүгнэлтэд: 

1. Ж.Бямбадоржийн биед баруун гуянд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх сорви гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх сорви нь хуучин гэмтэл байх ба хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1В-н 1093 тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.Бямбадоржтой маргалдан, улмаар ширээн дээр байсан хутгыг авч Бямбадоржийн баруун талын гуянд 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ж.Бямбадоржийн: “...У бид хоёр 05-ны өглөө босчихоод дэлгүүр орж 0.75 грамм Хараа архи 1 шилийг аваад хувааж уугаад, өнөөх архи маань нэлээн дундарсан байсан. Тэгээд л У бид 2 маргалдаж, У ширээн дээр байсан хутгыг аваад баруун хөлний гуяны дотор талд 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Бямбадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Ут хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ут 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР