Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 216/МА2017/00002

 

Г.Б нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 134/ШШ2017/00005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б овогт Г Б /РД:, утас:/ нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Б С З д Т газарт /Хуулийн этгээдийн РД:/ холбогдох 

 

Онгоцны тийзний зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн  138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид төлөх  522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Наранхүү,

Нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Говьсүмбэр аймгийн Б с З д Т г 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд орж ТЗ-6-1-д зааснаар цалинждаг байсан. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Г.Б намайг  ажлаас үндэслэлгүйгээр халсан. Би дээрх тушаалыг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай магадлалаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б намайг Б сумын З д Т газрын, Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилсон. Би Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаад Америкийн нэгдсэн улс руу 6 сарын хугацаатай аялалын журмаар явсан. Намайг Америкийн нэгдсэн улсад аялж байх үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарсан ба  2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б с З д Т г дарга Б.У миний фейсбүүк хаягаар шүүхийн шийдвэр гарч таныг ажилд тань буцааж томилохоор болсон гэсэн. Би Америкийн нэгдсэн улс руу 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нислэг хийж 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас Бээжин-Улаанбаатар чиглэлээр ирэхээр тийзээ авсан байсан. Уг шугамаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу цагаан сарын баярын шинийн хоёрны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор Монгол улсад ирж Б с Зд Т г дарга Б.У гар утас руу нь залгаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.У даргатай очиж уулзахад таныг ажил тасалсан үндэслэлээр ажлаас тань халсан гэж хэлэхэд нь би ажлаасаа халагдсан болохоо мэдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны Б/07 дугаар тушаалаар намайг ажлаас халсан байсан. Би Г аймгийн Б с З д Т г даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажилгүй болоод Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж 522 288 төгрөг авсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарснаар 522 288 төгрөгийг Нийгмийн даатгалын газарт буцааж төлөхөөр болсон. 2015 оны 06 дугаар сараас, 09 дүгээр сар, 2016 оны 02-03 дугаар сарыг хүртэл сайн дурын даатгалд сар бүр 23040 төгрөгийг төлж байсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар цалин бодохдоо миний өдрийн хоолны мөнгийг бодож олгоогүй, мөн цалин бодож олгохдоо миний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг суутгаж авсан боловч, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Би 2016 оны 03 дугаар сард бие өвдөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болж эрүүл мэндийн даатгалд 49920 төгрөг төлсөн, Г аймгийн Б с З д Т г даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаал шийдвэрээс болж миний бие цаг хугацаа, явдал чирэгдэл, хөрөнгө мөнгөөр хохирсоор байна. Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Г.Б өөрийн нэрийн өмнөөс захиргааны хэргийн шүүхэд төлөөлж /анхан шат болон давж заалдах шат, хяналтын шат/  нэхэмжлэгч этгээдийн  эдэлдэг хуульд заасан бүрэн эрхийг олгож итгэмжлэл үлдээсэн байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаал гарсныг надад Америкийн нэгдсэн улсад байхад мэдэгдсэн бол өөрийн төрсөн дүү болох Г.Б нэхэмжлэлээ гаргуулж Америкийн нэгдсэн улсад 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байж болох байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг надад мэдэгдээгүй учраас Монгол улсад ирэх нисэх онгоцны тийзний зардал 650 доллар болон англи хэл сурч боловсрох нөхцөл байдлаар хохироод байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад ирсэн нисэх онгоцны тийзний зардал 650 доллар буюу 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 49 920 төгрөг, сайн дурын даатгалд 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 2015 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны мөнгө 305 280 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас мөн оны 06 дугаар сар хүртэлх өдрийн хоолны мөнгө 228 960 төгрөг, Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газарт төлөх 522 288 төгрөг, нийт 2 555 738 төгрөгийг Г аймгийн Б сумын З д Т г гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Б эргээд ажилдаа орно гэсэн ойлголттой Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улс руу зорчин ирсэн. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.У гэрт очиж уулзахад ажил тасалсан учир таныг ажлаас халсан гэж хэлсэн. Энэ тухай 2016 оны 02 дугаар сарын 08-аас өмнө хэлсэн бол нисэх онгоцны билетээ 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой байсан. Ирээд ажилдаа орно гэж бодож байсан учраас нисэх онгоцны билетийн мөнгөөрөө хохирч санхүүгийн хүнд байдалд орсон.

Иймд Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн болохоор 650 долларыг нэхэмжилж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын хураамж 49920 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь шүүхээс шийдвэр гарч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг цалингаас нь суутган авч бичилт хий гэж Б сумын  д Т газарт үүрэг болгосон боловч Америкийн Нэгдсэн Улсаас Г.Б ирээд бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр 2016 оны 02 дугаар сард очиход эрүүл мэндийн даатгалын 49920 төгрөг төлөгдөөгүй байсан тул өөрөө 49920 төгрөгийг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар ажилгүй болсон учраас нийгмийн даатгал тасалдана гэсэн үүднээс сайн дурын даатгалд 138240 төгрөгийг төлсөн. Үүнийг Б сумын З д Т газрын буруутай үйл ажиллагаанаас болоод хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа.

Мөн өдрийн хоолны мөнгө 534240 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь Г.Б Б сумын З д Т  Г байгаль орчны хяналтын байцаагч хийж байхдаа өдрийн хоолны мөнгө гэж дунджаар сард 40.000 гаруй мянган  төгрөг байсан. Уг мөнгийг Б сумын З д Т г гаргаж өгөх ёстой байсан боловч цалин бодох явцад уг мөнгийг гаргаж өгөөгүй. Зөвхөн үндсэн цалингаар бодсон. Нэмэгдэл мөнгө болох хоолны мөнгийг тооцоогүй. Мөн ажлаас халагдсаныхаа дараа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орохоор гарсан учраас 2016 оны 12 дугаар сард 522 288 төгрөгийг буцааж төлсөн. Үүнийг Б с З д Т газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаас халагдаж, хохирсон гэж үзээд уг байгууллагаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

    Хариуцагчийн төлөөлөгч Гр аймгийн Б С З д Т газрын дарга Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад ирсэн нисэх онгоцны билетийн зардлыг нэхэмжилсэн  байна. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Б хуучин эрхэлж байсан ажилд нь томилсон. Тухайн өдөр Г.Б мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй. Г.Б хэзээ ирэх талаараа надад хэлээгүй. Тийм учраас ажлаас халж, ажлын шаардлагаар дараагийн хүнийг ажилд томилсон. Энэ нь ажилд томилсон шийдвэрийн дагуу ирсэн болохоос биш ажлаас халсан шийдвэрийн дагуу ирж хохирол учирсан зүйл биш юм. Ажилд томилсон шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч ажил нь томилоход өөрөө 1 сарын дараа ирсэн. Энэ нь Г.Б өөрийнх нь буруутай үйлдэл болохоос биш ажил олгогчийн зүгээс гарсан буруутай үйлдэл биш юм.

Мөн эрүүл мэндийн даатгалын мөнгө 49920 төгрөг болон сайн дурын даатгал 138240 төгрөгийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаартай  магадлалаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж нөхөн бичилт хийлгэх, ажиллаагүй хугацааны цалинг олго гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу уг шийдвэрийг биелүүлсэн. Ийм учраас уг мөнгийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх ёсгүй, нийгмийн даатгалын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хоолны мөнгө 534240 төгрөгийг нэхэмжилсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т хоолны мөнгө цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй гэж заасан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд хоолны мөнгө гэж ороогүй. Тийм учраас хоолны мөнгийг олгох үндэслэлгүй.

Ажилгүйдлийн тэтгэмж 522288 төгрөгийг Г.Б өөрөө авсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө авч явсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг Г.Б төлсөн. Тийм учраас нийгмийн даатгалаас авах ёстой мөнгийг авсан. Ажил олгогчийн зүгээс ажилгүйдлийн тэтгэмжийг бүтэн өгсөн учраас нийгмийн даатгалд төлөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал юм. Үүнийг тамгын газар төлөх ёстой мөнгө биш гэсэн тайлбарыг хэлмээр байна гэжээ.

 

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар Г.Б нэхэмжлэлтэй Г аймгийн Б сумын З д Т г холбогдох онгоцны тийзний зардал 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгал 49 920 төгрөг, сайн дурын нийгмийн даатгал 138 240 төгрөг, өдрийн хоолны мөнгө 534 240 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 522 288 төгрөг, нийт 2 555 738 /хоёр сая таван зуун тавин таван мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 55 842 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа давж заалдах  гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэргийн баримтанд буруу дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасны улмаас Г.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо хэмээн үзэж байна.

Учир нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б Г аймгийн Б с З д т г “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг магадлалийн дагуу Г аймгийн Б сумын З д Т г даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Г.Б “газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон болно. Тухайн үед Г.Б Амеркийн нэгдсэн улсруу 6 сарын хугацаагаар аялалын журмаар очсон байсан.

Ажилд эгүүлэн томилсон гэсний дагуу Г.Б 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр АНУ, Бээжин-Улаанбаатар чиглэл таарч уг шугамаар 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын цагаан сарын баярын шинийн 2-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор Монгол улсад ирж Б с З д т гдарга Б.У гар утасруу залгаж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.У даргатай очиж уулзахад “таныг ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан” гэж хэлэхэд ажлаас халагдсан болохоо мэдсэн. Г.Б нь Говьсүмбэр аймгийн Б с З д Т г даргын 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар болон 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалуудаас болж өөрийн хөдөлмөр эрхлэх болон түүнтэй дагалдах эдийн засгийн баталгаагаар хохирч байгаа юм.

Ажил олгогчийн дээрх хууль бус үндэслэлгүй тушаалуудыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хүчингүй болгосон.

Нэгэнт ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилтанд учирч буй эдийн засгийн хохирлыг ажил олгогч хариуцах ёстой Хөдөлмөрийн хуулийн болон Төрийн албаны хуулийн үндсэн зарчим байдаг. Г.Б ажилд эгүүлэн томилсон хэмээн худал хэлэн АНУлсаас дуудан авчруулсан хэрнээ хүрэлцэн ирэхэд ажлаас халсан тушаал хүлээлгэн өгсөн, энэ бол ажил олгогчийн зүгээс Г.Б учруулж буй эдийн засгийн хохирол болно.

Хохирлыг буруутай этгээд хариуцан төлөх үүрэгтэй учир Иргэний хуулийн хохирол төлүүлэх зохицуулалтын дагуу онгоцны тийзийн зардлыг Б сумын З д Т г хариуцан төлөх ёстой.

Баянтал сумын засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаалын дагуу ажилгүй болсон Г.Б нь Говьсүмбэр Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжид 522288 төгрөг авсан бөгөөд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлал гарснаар 522288 төгрөгийг Нийгмийн даатгалын газарт буцаан төлөхөөр болсон.

Г.Б нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн ажилгүйдлийн тэтгэмж төлсөн бөгөөд нийт 138240 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид төлсөн.

 Ажлаас үндэслэлгүй халагдсан хугацаанд Г.Б бие өвдсөн ба эмнэлэгт үйлчилгээ авахаар очиход эрүүл мэндийн даатгал төлөөгүй үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тул арга буюу 49920 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн.

Ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийн дагуу олгохоор шийдвэрлэсэн боловч сар бүр олгодог хоолны мөнгийг орхигдуулсан учир 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 сар хүртэлх хугацааны хоолны мөнгө 534240 төгрөгийг авалгүй хохирч байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Төрийн захиргааны албан хаагч Г.Б үндэслэлгүйгээр ажлаас халж гэрээний үүргээ зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Г.Б ажилд эгүүлэн томилох  агуулга бүхий шийдвэр, магадлалуудаас тодорхой харагдаж байна. Ажил олгогчийн буруутай шийдвэрээс болж ажилтан Г.Б дээрх хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүрэг гүйцэтгэх ёстой этгээд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн хохирлыг иргэний хуульд заасан үүргийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх боломжтой болно.

Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас Г.Б учирсан дээрх хохирлыг иргэний хуульд заасан хохирол төлүүлэх үндэслэлээр бүрэн шийдвэрлэх боломжтой хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Давж заалдах шатны шүүх зохигч талуудын гомдлын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүгдийг нь шинэчлэн судалж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй билээ.

Иймд дээрх байдлыг үндэслэн  анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 134/шш2017/00005 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г аймгийн Б с З Д Т г холбогдуулан ажил олгогчийн буруугаас учирсан хохирол гэж АНУ-аас Монгол улсад ирсэн нисэх онгоцны тийзний зардал 650 ам.доллар буюу 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 49920 төгрөг, сайн дурын даатгалд төлсөн 138240 төгрөг,  2015 оны 05-р сараас 12 сар хүртэлх өдрийн хоолны мөнгө 305280 төгрөг, 2016 оны 01-р сараас 06-н сар хүртэлх өдрийн хоолны мөнгө 228960 төгрөг, Нийгмийн даатгалын хэлтэст төлөх 522288 төгрөг нийт 2 555 738 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба  хариуцагч тал уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу  хэргийг хянан  үзэхэд :   

 

  Нэхэмжлэгч Г.Б нь Г аймгийн Б  С  З д т г "газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч”- аар ажиллаж байгаад тус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар 06-ний өдрийн Б/30 дугаар  тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба уг тушаалыг эс зөвшөөрч гаргасан түүний нэхэмжлэл, гомдлын дагуу түүнд холбогдох хэрэг нь Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр  тус тус хянан шийдвэрлэгджээ./хх-14-20/

 

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар шийдвэр/магадлал/-ийн дагуу хариуцагч буюу ажил олгогч Баянтал сумын Засаг Даргын Тамгын Газрын  даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Б урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.

 

Энэ хугацаанд нэхэмжлэгч Г.Б нь  аялалын журмаар АНУ-руу явсан   Монгол улсад байгаагүй байна.

 

  Гэвч  Б с З д т газрын дарга Б.У гэгч нь нэхэмжлэгчийн фэйсбүүк хаягаар түүнийг ажилд нь эгүүлэн томилсон тухай мэдэгдсэн гэх ба үүний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23.00 цагт  Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор АНУ-аас Монгол улсад ирж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б сумын З д т г очиж уулзахад нь түүнийг “ажил тасласан “үндэслэлээр 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б/07 дугаар тушаал гаргаж  ажлаас нь халсан тухай  тэрээр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн байна.  /хх-1-2, 4, 31,40-41/ 

 

 Ингээд нэхэмжлэгч нь ажил олгогчийн дээрх Б/07 дугаар тушаалыг эс зөвшөөрч Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр хариуцагч буюу ажил олгогч Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 661945 төгрөгийг хариуцагчаас гаргуулах /үүнийг 2015 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсон/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх- 65-77/

 

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх шүүхийн 07 тоот шийдвэрийг эс зөвшөөрч  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 622 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцохоор өөрчлөлт оруулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж ... шийдвэрлэсэн байна. /хх-78-85/ 

 

Дээрх үйл баримт тогтоогдсон, зохигч талууд энэ талаар маргаагүй болно.

 

 Үүний дараа нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруутай шийдвэртэй холбоотой өөрт учирсан хохирол гэж  онгоцны тийзний зардал болох 1 311 050 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 49920 төгрөг, сайн дурын даатгалд төлсөн 138240 төгрөг, хоолны мөнгө нийт 534240 төгрөг, Нийгмийн даатгалын хэлтэст буцаан төлсөн ажилгүйдлийн тэтгэмж 522288 төгрөг, нийт 2 555 730 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх ба  хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

 Учир нь хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч Г.Б нь ажлаас халсан ажил олгогчийн Б/30 тоот шийдвэр гарсныг эс зөвшөөрч өөрийгөө төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасны дараа тэрээр аяллын журмаар АНУ-д зорчиж явсан байх бөгөөд энэ хугацаанд нь түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 553 дугаар магадлалаар тогтоогдож байна./хх-14-20/

 

Нэхэмжлэгч  нь Захиргааны хэргийн шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон талаар мэдэж ажилдаа орохоор АНУ-аас Бээжин-УБ чиглэлийн нисэх онгоцоор Монгол улсад 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 23 цагт ирсэн/хх-40-41/  байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянтал сумын Засаг даргын тамгын газарт очиход нь түүнийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 тоот тушаалаар “ажил тасласан” гэх  үндэслэлээр ажлаас халсан”  болохыг тэрээр мөн өдрөө мэдсэн байна.

 

 Үүний улмаас нэхэмжлэгч нь  ажил олгогчийн дээрх Б/07 тоот тушаалыг эс зөвшөөрч  Захиргааны хэргийн  шүүхэд хандаж  ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож шийдвэрлүүлсэн болох нь хэргийн 65-77, 78-85 дугаар талд авагдсан  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байна.

 

  Түүнчлэн  нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан байх бөгөөд улмаар өөрийгөө төлөөлүүлж итгэмжлэлээр  төлөөлөгч томилсон хэдий  боловч тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар хуулийг  хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх  үүргээ биелүүлээгүй, улмаар төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг хэрэгжүүлээгүй  байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан үүргээ биелүүлэх үүднээс өөрөө илүү санаачлагатай, хариуцлагатай хандаж, ажил олгогч буюу Баянтал сумын Засаг даргын тамгын газартай харилцаа холбоотой байж өөрийн гаргасан гомдлын талаарх эцсийн шийдвэр хэрхэн яаж гарсан, хэзээ хэрхэн ажилдаа эргэж орох хугацааны талаар асууж тодруулаагүй, үүнийг нотолсон  баримт хэрэгт авагдаагүй  байна.

 

  Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.7 дахь хэсэгт зааснаар төрийн албанд “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангаж өгөх бөгөөд энэхүү  бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцан арилгах  зарчим үйлчилдэг.

 

Хуулийн 28 дугаар зүйлд төрийн албан хаагчийн цалин хөлсний талаарх зохицуулалтыг тусгасан байх ба төрийн албан хаагч нь тухайн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нөхцөлд л түүнд төрөөс цалин хөлс олгогдох учиртай.

 

Иймд  нэхэмжлэгчийн АНУ-аас буцаж ирсэн нисэх онгоцны тийзний 1 311 050  төгрөгийн зардлыг ажил олгогч хариуцан төлөх үндэслэлгүй, уг зардлыг түүнд учирсан хохирол гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш  байна.

 

 Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлд зааснаар  40 хоногийн хугацааны 522288 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан болох нь хэргийн 5 дугаар талд авагдсан “ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт” гэх баримтаар тогтоогдож байна./хх-5-6/

 

Хэргийн 14-20 дугаар талд авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 553 дугаар магадлалаар ..., ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасны дагуу олгох,...ыг  хариуцагчид даалгаж  шийдвэрлэсэн.

 

Хэргийн 45 дугаар талд авагдсан “төлбөрийн хүсэлт 2015 оны 12 дугаар сарын 25 өдөр №465” гэсэн  баримтаар  Баянтал сумын Засаг даргын тамгын газраас 3 092 022 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б  шилжүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй .

 

Хэргийн 47 дугаар талд нэхэмжлэгчийн цалингийн тооцооны хүснэгт авагдсан байх ба  уг хүснэгтээс үзэхэд 2015 оны 05 сараас 12 сарыг дуусталх хугацааны цалинг тусгасан, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл суутгагдсан байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд  хариуцагч буюу ажил олгогч нь ажилтныг хууль бусаар ажлаас халсан шийдвэр гаргасан хариуцлагаа хүлээн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Г.Б  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг нөхөн олгосон, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж тооцсон байх тул ажилгүйдлийн тэтгэмжийг давхардуулан олгох үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын газарт дээрх ажилгүйдлийн тэтгэмжийн 522288 төгрөгийг буцаан төлөхөөр болсон гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн  уг мөнгийг  нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын газар   нэхэмжилсэн  нь  тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж явах хугацаанд нийгмийн даатгал завсардах байсан учир сайн дурын даатгалд  нийт 138240 төгрөг төлж байсан гэж тайлбарладаг.

 

Нийгмийн даатгалын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол улсын иргэн, ...энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болохыг хуульчлан зохицуулсан.

 

  Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрийн хүсэл зориг болон  сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж 138240 төгрөг төлж байжээ.   

 

  Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн тайлбартаа  138240 төгрөг төлсөн лавлагааг хавсаргав /хх-32/ гэсэн байх  боловч энэ нь  хэрэгт авагдаагүй байна.

 

 Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халсан буруу шийдвэр гаргасныхаа төлөө ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээсээ шимтгэл тооцон нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байх тул ажил олгогч дээрх 138240 төгрөгийг хариуцан арилгах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

 Хэргийн 14-20 дугаар талд авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 553 дугаар магадлалаар ... эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж  шийдвэрлэжээ.

 

 Хэргийн 45 дугаар талд авагдсан төлбөрийн хүсэлт, 47 дугаар талд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэргээр ажил олгогч нь шүүхийн шийдвэрт заасны дагуу үүргээ гүйцэтгэж, түүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, олговрыг олгосон болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогчоос түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон олгосны дараа эрүүл мэндийн даатгалд 49920 төгрөг нэмж төлсөн/хх-37/ явдалд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч буюу ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 533 дугаар шийдвэр/магадлал/-ийн биелэгдээгүй хэсгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, шүүгчийн захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан гүйцэтгүүлэх боломжтой юм.

 

Хэргийн 14-20 дугаар талд авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 533 дугаар магадлал, хэргийн 65-77 дугаар талд авагдсан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаар шийдвэр, хэргийн 78-85 дугаар талд авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 622 дугаар магадлал зэргээр нэхэмжлэгч Г.Б ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль, тогтоомжид заасны дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

 Төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхийг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт,

 

 Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх болохыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус хуульчлан зохицуулснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд  ажилтанд олгогдох “нэмэгдэл” болон “нэмэгдэл хөлс”-нд ямар, ямар хөлс  хамаарах, түүнийг хэрхэн яаж тогтоох, хэрхэн  олгох талаар зохицуулсан байх бөгөөд  энэхүү “нэмэгдэл” болон “нэмэгдэл хөлс”-нд  “хоолны мөнгө” хамаарах талаар зохицуулаагүй байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд  оруулахгүй байхаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн хоолны мөнгө 534240 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж  үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Харин хариуцагчийн өмгөөлөгч П.Наранхүү нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд ...гэм хорын асуудал дурдсан  нэхэмжлэлтэй маргааныг хуулиар тогтоосон журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн  хүсэлт гаргажээ.  /хх-99/

 

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь  хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх-100/ атлаа дээрх маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэсэн, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан “ гэрээний тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн Иргэний хуулийн гэрээний харилцааны зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох зүйл, заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 134/ШШ2017/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар ...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                       ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                                      ШҮҮГЧ                              Х.БАЙГАЛМАА