| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0659/Э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Г, Н.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00304 0516 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.Г, 1976 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 40-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /
Шүүгдэгч Монгол улсын иргэн Н.С, 1972 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 6-68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-208б тоотод маргалдах явцдаа Н.Сийн бие рүү хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-208б тоотод маргалдах явцдаа М.Гийг өшиглөх, цохих зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн, 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 48-208б тоотод танил дүү Одбаатарын гэрт эгч Болормаа, нөхөр Алтангэрэл, Одбаатарын 2 найз байсан. Тэднийд нэг шил архи тойруулаад ууцгааж байсан. Г гаднаас цасны баярт явчихаад орж ирлээ гээд согтуу нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд эгч ирсэн сууж байгаа юм уу гэж надад хэлсэн. Тэнд байсан эрэгтэйчүүдийг лалрын гэж хараагаад байхаар чи яасан хаашаа юм, айл гэрийн нөхрийг есөн шидээр нь дуудаад байх юм гэж хэлсэн. Г лалрын авгай минь чи надад багадана шүү гэж хэлээд нүүр маажсан. Би урдаас нь баруун гараараа нүүр рүү нь түлхсэн. Тэгээд Гийн хамт гэрээс нь гараад хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад хоёулаа хэрэлдэхээ больё гэж хэлээд орж ирсэн. Тэгээд ширээний хоёр талд сууж байсан. Г босоод хутга аваад баруун дал, суга орчим хутгалсан. Сугалж аваад дахин хутгалах гэж байхад Одбаатарын найз Жак гэх залуу гарнаас барьж болиулаад хутгыг нь булааж авсан. Тэгээд цагдаа дуудаад би эмнэлэг явсан. Баруун далан дээр зүсэгдсэн шархтай. Баруун хацарт маажсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед Г учруулсан. Г нь намайг хутгалсаны маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цагийн үед Г нөхөр болон охинтойгоо хамт явж байгаад надтай гудамжинд таараад надаас уучлалт гуйгаад та миний нүдийг хөхрүүлчихсэн байна лээ гэж хэлээд нүдээ үзүүлэхэд Гийн нүд нь жоохон хөхөрчихсөн байсан. Шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн зовхин цус хуралт гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг нь хэн учруулсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/,
Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед С эгч учруулсан. С намайг гэрээс чирч гаргаад миний хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөхөд Отгонбаяр, Жак хоёр ирж салгасан. Тэгээд би буцаад гэрт орчихоод Отгонбаяртай хамт гарч явах гэтэл С эгч миний үснээс татаж газарт унагаагаад нуруу руу өшиглөсөн. Тэгээд би босох гэтэл шалан дээр миний хажууд бор өнгийн иштэй том хутга байхаар нь авч С эгчийн нуруунд нь нэг удаа хатгасан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь С эгч учруулсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Сийн биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь би учруулсан нь үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/
Гэрч Н.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Караокед 4-5 уулаа 1 шил архи хуваан уусан. Г нээх их согтоогүй байсан. Би Гийг хүргэж өгөхөөр гэр рүү явсан. Тэгтэл Гийн утас нь дуугараад манай танил эгч ороод ир гээд байна, замаараа ороод гаръя гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг айлд ороход 14-15 эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд согтуу байсан. С гэх эмэгтэй нилээн согтуу байсан ба эхлээд юм хэлэхгүй байж байгаад сүүлдээ Г рүү чи эндэхийн атмаан болчихсон юм уу гэж хэлээд агсарч эхэлсэн. Тэгээд С гэх эмэгтэй Гийг үсдэж дараад нүүр гэдэс рүү нь цохиж, өшиглөөд байсан. Би Гийг салгаад аваад гарсан. Гадаа гарахад нэг залуу цуг гарч ирсэн бөгөөд тэр хоёр нийлээд тамхи татсан. Удалгүй С гарч ирээд агсам тавиад байсан ба Г дайрахад би голоор нь орж салгасан. Тэгтэл намайг 2-3 удаа цохиж аваад байсан. Тэгтэл нэг өндөр биетэй залуу над руу дайрахаар нь би гараад зугтаачихсан. Гудамжны үзүүр орчим явж байгаад Г ганцааранг нь үлдээчихсэн гэх байх гэж бодоод буцаад орсон. Бүгдээрээ архиа уугаад сууцгааж байсан. Би үүдний гал тогооны өрөө орчим хүлээгээд сууж байсан. С гэх эмэгтэй нөгөө талын өрөөнд бас орилоод байсан. Гийг явъя гэхэд гал тогооны өрөө рүү нь хүрч ирсэн. С гэх эмэгтэй араас нь гарч ирээд Гийг үсдэж дарж унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Цаанаас нь нэг эрэгтэй хүн ирээд Сийг татаж салгасан. Г босож ирэхдээ хутга авсан байсан юм шиг байсан. Г С рүү очоод нуруунд нь хутгалсан байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед Гийн нүд нь хөхрөөд хоолой нь улаан болсон байсан. С гэх эмэгтэй Г рүү чи хэзээ ийм болсон юм гээд агсам тавиад цохиж аваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч Б.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г том өрөө рүү гараад шүүгээ онгойлгож байсан. Тэгтэл хутга гаргаж ирээд Сийн нуруу руу далны доод талд хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч П.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г хутга аваад Сийн нуруу руу хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1256 тоот дүгнэлтэд:
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” Гэх дүгнэлт. /хх-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1343 тоот дүгнэлтэд:
1. Н.Сийн баруун даланд хатгагдсан шарх, хацар, цээж, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт. /хх-ийн 31-32/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 49/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46, 50/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-208б тоотод маргалдах явцдаа Н.Сийн бие рүү хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Н.Сийн: "...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...Гийн хамт гэрээс нь гараад хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад хоёулаа хэрэлдэхээ больё гэж хэлээд орж ирсэн. Тэгээд ширээний хоёр талд сууж байсан. Г босоод хутга аваад баруун дал, суга орчим хутгалсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Энхжаргалын: “...Г том өрөө рүү гараад шүүгээ онгойлгож байсан. Тэгтэл хутга гаргаж ирээд Сийн нуруу руу далны доод талд хутгалсан.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 48-208б тоотод маргалдах явцдаа М.Гийг өшиглөх, цохих зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч М.Гийн: "...Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь С эгч учруулсан. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Сийн биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь би учруулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг, болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Г, Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Г, Н.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримт бүхий 384.415 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Н.Сээс, хохирогч Н.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримт бүхий 139.150 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч М.Гээс гаргуулахаар тус тус шийдвэрлэв.
Мөн хохирогч Н.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч М.Г, Н.С нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Г, Н.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Гийг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Н.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж торгох ялыг ялгамжтай оногдуулсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
- Н.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Гийг 1000 (мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Сийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Г, Н.С нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Сээс нийт 139.150 /нэг зуун гучин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Гт,
- М.Гээс нийт 384.415 /гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж Н.Ст тус тус олгосугай.
6. Хохирогч Н.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Г, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР