| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0767/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 794
2020.04.30 2020/ШЦТ/ 794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 019171 1029 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.М, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутлын засварчин мэргэжилтэй, хувиараа гутал засдаг, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монел 3 дугаар гудамжны 49 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 23:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 44б байрны 56 тоотод Т.Амарбаясгалантай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч Т.Амарбаясгалангийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа” гэв.
Хохирогч Т.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний 23 цаг өнгөрч байх үед найз Г.Ариунчимэг /Ариука/-тай хамт Нарантуул захын ар талын Шилэн захын тэнд байдаг нэг байрлуу очсон. Тэгээд байж байсан чинь Г.Ариунчимэг /Ариука/ найз залуутайгаа маргалдаад, 00 өрөөнд орилолдоод байсан. Тэгээд би очоод салгах гэж байсан чинь тэр залуу миний үснээс баруун гараараа зулгаасан. Дараа нь зүүн гараараа миний нүд орчимд 2 удаа цохисон хавирга, нуруу, нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу миний зүүн талын нүд рүү гараараа цохисны дараа миний нүд хөхөрч хавдаад тагларсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,
Гэрч Г.Ариунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т.Амарбаясгалан /Баясаа/ Г.Мтай хэрүүл маргаан болоод түүний цээж, хүзүүний арын хэсгийг нь гараараа маажсан. Тэгээд Г.М уурлаад “чамд хамаагүй” гээд тэрнийг цааш нь түлхсэн чинь тэр буцаж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь Г.М уурлаад эргэж хараад Т.Амарбаясгалан /Баясаа/-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Миний харснаар тэрний нүд нь хөхрөөд хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Яллагдагч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэрний нүүр шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би уг эмэгтэйн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь төлж барагдуулж өгсөн. Мөн бид биенээсээ уучлалт гүйж эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4696 тоот дүгнэлтэд:
1.Т.Амарбаясгалангийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүний цохилтоос үүсч болно.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-ийн 28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 23:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 44б байрны 56 тоотод Т.Амарбаясгалантай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан улмаар түүний тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч Т.Амарбаясгалангийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Т.Амарбаясгалангийн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний 23 цаг өнгөрч байх үед найз Г.Ариунчимэг /Ариука/-тай хамт Нарантуул захын ар талын Шилэн захын тэнд байдаг нэг байрлуу очсон. Тэгээд байж байсан чинь Г.Ариунчимэг /Ариука/ найз залуутайгаа маргалдаад 00 өрөөнд орилолдоод байсан. Тэгээд би очоод салгах гэж байсан чинь тэр залуу миний үснээс баруун гараараа зулгаасан. Дараа нь зүүн гараараа миний нүд орчимд 2 удаа цохисон хавирга, нуруу, нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу миний зүүн талын нүд рүү гараараа цохисны дараа миний нүд хөхөрч хавдаад тагларсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Ариунчимэгийн: “...Т.Амарбаясгалан /Баясаа/ Г.Мтай хэрүүл маргаан болоод түүний цээж, хүзүүний арын хэсгийг нь гараараа маажсан. Тэгээд Г.М уурлаад “чамд хамаагүй” гээд тэрнийг цааш нь түлхсэн чинь тэр буцаж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь Г.М уурлаад эргэж хараад Т.Амарбаясгалан /Баясаа/-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Миний харснаар тэрний нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Амарбаясгалан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Г.М хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Мд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР