Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 776

 

2020.04.28                                  2020/ШЦТ/ 776

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Ц.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Зт, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б.Цт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05671 0475 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.З, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Энгүүн үйлс ХХК-ийн туслах ажилтан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 11 дүгээр гудамж, 190 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Ц /өмнө нь Боржигон овогт Баярцогтын Ганцогт гэх нэртэй байсан/ 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хаш-Өндөр Хайрхан ХХК-д мах ангилагч ажилтай, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай Дөл 03-03 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Ц.З нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Цтой үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний толгой тус газар нь цохиж, түүний биед чамархайн няцарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Зтай үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний толгой тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсч, түүний биед зүүн зулай, чамархай ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн ханын хугарал, гайморын хөндийн урд, ар, дотор ханын хугарал, зовхи, хацрын цус хуралт, дух, эрүүний няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэв.

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэв.

Хохирогч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр найз Г.Сайнбаяр болон түүний онжав гэх залуу, бас онжавынх нь найз гэх залуутай дөрвүүлээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Г.Сайнбаярын машинд ууж байсан. Би Г.Сайнбаярын онжавын найзтай хамт машины арын суудал дээр сууж байсан. Г.Сайнбаяр нь онжавтайгаа хамт гадаа зогсож байсан. Г.Сайнбаярын онжавынх нь найз гэх залуу шоронгийн талаар онцгүй юм яриад байсан. Тэрнээс болж би түүнтэй ам мурийсан. Архиа дууссаны дараа онжавынх нь найз намайг нудраад “хоёулаа ийшлье” гэхээр нь машинаас буугаад араас нь дагасан. Тэгээд урд талын гудамжинд хоёулаа зогсож маргалдсан. Гэтэл тэр залуу гэнэт миний толгойн зүүн талаар маш хүчтэй цохисон. Газраас чулуу аваад цохих гээд чадаагүй газар унасан. Намайг унасны дараа миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Нэг мэдэхэд би хөдөлж чадахгүй сууж байсан. Миний хамар, толгой, эрүү, дух орчимоос цус гарсан байдалтай, баруун гараараа газар тулаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр Ц.Түвшинтөр гэх залуутай танилцсан. Бид 2 хоёулаа шарталтын байдалтай явж байгаад таарч танилцсан. Тэгээд Ц.Түвшинтөр нь Г.Сайнбаяр гэх найзтайгаа утсаар яриа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр Г.Сайнбаяртай уулзсан. Г.Сайнбаяр нь Ц.З гэх залуутай хамт байсан. Тэгээд бид 4 танилцаад дээшээ Цахлайн гудамж руу өгсөөд Г.Сайнбаярын гэрийн гадаа очиж 2 шил архи уусан. Бид нар ярилцаад архи ууж сууж байх үед Г.Сайнбаярын дууны өнгө жоохон чангараад “хүн шиг ууж чадахгүй бол зайл” гэх зэргээр бид нарын дунд яриад байсан. Тэгэхээр нь би ганцаараа зам уруудаад алхсан чинь Ц.З гүйгээд ирсэн. Тэгснээ “хоёулаа буцаад очьё, хамт ууя” гэхээр нь “би үгүй” гэсэн. Тэгсэн чинь намайг татаж чангаагаад явъя гээд байхаар нь миний уур хүрээд “чи зайл л даа пизда минь” гээд хэлчихсэн чинь “юу гэнээ” гээд тэгээд хэрэлдээд үзэх үү, үзье болоод зууралдаж газар ойчиж өнхрөлдсөн. Энэ үедээ Ц.З миний толгой руу чулуугаар цохисон. Би ухаан алдчихсан. Тэгээд сэрээд хартал Ц.З надаас нилээн холдчихсон алхаж байхаар нь би хойноос нь орилж гүйж очоод, түүний гэдэс рүү тийрсэн чинь газар унасан. Тэгээд толгой руу нь 4-5 удаа дэвссэн. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд миний толгойны зулайн зүүн хэсэгт хагарч цус гарсан байсныг боолт хийгээд эрүүлжүүлэхэд хийсэн. Ц.Зыг эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Ц.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 13 цагийн үед ГССҮТ-өөс манай найз Ц.Зыг хүн зодсон бөгөөд гэмтэл учран эмнэлэгт хүргэгдсэн байна гэж мэдэгдсэн. Ингээд 20 цагийн үед ГССҮТ-д очиход Ц.З бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан. Ингээд юу болсон талаар асуухад Ц.З найз Г.Сайнбаяр гэх залуутай хамт дөрвүүлээ пиво уусан гэсэн. Ингээд пиво ууж дуусгасан бөгөөд Г.Сайнбаяр нь онжавтайгаа гэртээ үлдээд харин Ц.З нь  Г.Сайнбаярын онжавын найз гэх үл таних залуутай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудал руу алхсан гэсэн. Ингээд явж байтал тус үл таних залуутай маргалдсан гэсэн. Тэгтэл Г.Сайнбаярын онжав гэх залуугийн найз үл таних залуу газраас чулуу аван Ц.Зын толгой хэсэгт нь цохьсон бөгөөд Ц.З ухаан алдаж унаад ГССҮТ-д хүргэгдсэн гэсэн. Тэрээр чулуугаар толгой руу нь нэг удаа цохьсон гэсэн. Мөн унасных нь дараа олон удаа цохьсон гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Г.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз Ц.З, онжав Ц.Түвшинтөр, мөн түүний найз гэх нэрийг үл мэдэх залуутай орой 18 цагийн үед манай гэрийн гадаа архи ууж эхэлсэн. Ингээд ууж байтал манай найз Ц.З болон Түвшинтөрийн найз нар хамт машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд эргэж ирээгүй алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Ц.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдрийн өглөө шартсан байдалтай Монгол 3 дугаар сургуулийн орчим ТҮЦ-д Б.Ц гэх залуутай танилцсан. ...Г.Сайнбаярын гэр рүү хамт очсон. ...Г.Сайнбаяр нь Ц.З гэдэг найзтайгаа хамт байсан. Тэгээд бид 4 дэлгүүрээс 1 шил архи аваад Г.Сайнбаярын гэрийн гадаа очиж түүний машинд суусан. Тэнд 1 шил архи уучихаад Жанжин клубын орчим очиж онжав Бааскатай уулзаж 1 шил архи уусан. Тэгээд буцаад Г.Сайнбаярын гэрийн гадаа очсон. Дахиад 2 шил архи уусан. Энэ үед Б.Ц явлаа гээд машинаас буугаад алхсан. Араас нь Ц.З буугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Б.Мянган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүний их эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр дуудлаганд 15 цаг 20 минут гэж очсон. Тэгэхэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 9 дүгээр гудамжинд 2 согтуу залуу зодолдсон байдалтай 2 залууийн толгойноос нь цус их гарсан байсан. Тэгэхэд би эхлээд Баярцогт овогтой Ганцогтоос юу болсон талаар асуухад хүнд толгой руугаа цохиулаад толгойноос цус гарлаа гэж хэлж байсан. Би тухайн залуугийн биед үзлэг хийхэд биеийн байдал дунд, ухаан санаа согтуу, орчиндоо харьцаатай, үг яриа олширсон, нүүр царайн зовиурлангуй, хүүхэн хараа хэвийн, гэрлийн урвалттай, эвэрлэгийн рефлекс нэмэх, зүрхний авиа тод, хэм жигд, пульс 82, хүчдэл дүрэлт сайн, АД110-70, амьсгал 19, уушги чагналтаар цулцангийн амьсгалтай, хэвлийгээр зөөлөн эмзэглэл үгүй, толгойн зүүн чамархай дээд хэсэгтээ 1-2 см зүсэгдсэн шархтай байсан. Тэгэхээр нь би шархыг нь цэвэрлээд боолт хийж эргүүлийн цагдааа нарт хүлээлгэн өгсөн. Харин түргэний машин руу оруулсан Цагаанцоож овогтой З 30 настай, эрэгтэйгийн биед үзлэг хийхэд толгой хүчтэй хатгуулж өвдөнө, дотор муухайрч огиж бөөлжинө, толгойноос цус гарсан зовиуртай байсан. Өвчний түүх нь хүнтэй зодолдож байгаад толгой руугаа цохиулаад их хэмжээний цус гарахаар нь түргэн дуудсан гэсэн. Үзлэгт биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, үг яриа хэвийн, нүүр царай зовиурлангуй, хүүхэн хараа гэрлийн урвалттай, эвэрлэгийн рефлекс хэвийн, зүрхний авиа тод, хэм жигд, пульс 77, хүчдэл дүүрэлт сайн АД 120-80-тай амьсгал 21-тэй чагналтаар 2 талын уушги цулцангийн амьсгалтай, хэвлийн тэмтрэлтээр зөөлөн, эмзэглэлгүй, онош нь чамархайн зүүн талд 1 см зүсэгдсэн шархтай, гавал тархины битүү гэмтэл гэсэн оноштой ГССҮТ-д биеийн байдлыг хянан хүргэж өгсөн. Б.Ганцогт болон Ц.З нар харилцан зодолдсон гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Г.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Нийтийн тээврийн хэв журам хамгаалах тасагт Эрүүгийн офицер ажил хийдэг. Тэгэхэд 15 цагийн орчим гудамжинд зодоон болоод байна гэсэн дуудлаганд очсон. Тэгэхэд гудамжинд 2 согтуу залуу толгойнууд нь цус болсон байдалтай Б.Ганцогт, Ц.З гэх 2 залуу байсан. Б.Ганцогт гэх залуугийн толгой нь хагарсан цус гарсан байсан тул 103 эмч залуу толгойг нь цэвэрлээд боолт хийгээд надад хүлээлгэн өгсөн. Харин Ц.З нь энэ залуу намайг зодсон гээд Б.Ганцогт руу зааж байхаар нь бид нар саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Ц.Зын ойр орчим маш их цусаар будагдсан байдалтай байсан. Намайг чулуугаар толгой руу цохиж гэмтээсэн гэж хэлж байсан. Тэгээд 103 эмч толгойдоо хүнд гэмтэлтэй гээд машинаараа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Шинжээч эмч Ж.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Цын биед үүссэн чамархайн няцарсан шарх гэмтэл нь нүдний хараанд нөлөөлөхгүй... үзүүлэгч Б.Цын биед үүссэн хуучин гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11227 тоот дүгнэлтэд: 

1. Ц.Зын биед зүүн зулай, чамархай ясны хугарал, хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зүүн нүдний ухархайн ханын хугарал, гайморын хөндийн урд, ар, дотор ханын хугарал, зовхи, хацрын цус хуралт, дух, эрүүний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14564 тоот дүгнэлтэд: 

1. Б.Цын биед чамархайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 35/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56, 67/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 66/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 65/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч  Ц.З нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Цтой үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний толгой тус газар нь цохиж, түүний биед чамархайн няцарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,

Гэрч Б.Цын: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ...би ганцаараа зам уруудаад алхсан чинь Ц.З гүйгээд ирсэн. Тэгснээ “хоёулаа буцаад очьё, хамт ууя” гэхээр нь “би үгүй” гэсэн. Тэгсэн чинь намайг татаж чангаагаад явъя гээд байхаар нь миний уур хүрээд “чи зайл л даа пизда минь” гээд хэлчихсэн чинь “юу гэнээ” гээд тэгээд хэрэлдээд үзэх үү, үзье болоод зууралдаж газар ойчиж өнхрөлдсөн. Энэ үедээ Ц.З миний толгой руу чулуугаар цохисон.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14564 тоот дүгнэлтээр,

Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Зтай үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний толгой тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсч, түүний биед зүүн зулай, чамархай ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн ханын хугарал, гайморын хөндийн урд, ар, дотор ханын хугарал, зовхи, хацрын цус хуралт, дух, эрүүний няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ц.Зын: “...Г.Сайнбаярын онжавынх нь найз гэх залуу шоронгийн талаар онцгүй юм яриад байсан. Тэрнээс болж би түүнтэй ам мурийсан. Архиа дууссаны дараа онжавынх нь найз намайг нудраад “хоёулаа ийшлье” гэхээр нь машинаас буугаад араас нь дагасан. Тэгээд урд талын гудамжинд хоёулаа зогсож маргалдсан. Гэтэл тэр залуу гэнэт миний толгойн зүүн талаар маш хүчтэй цохисон. Газраас чулуу аваад цохих гээд чадаагүй газар унасан. Намайг унасны дараа миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Нэг мэдэхэд би хөдөлж чадахгүй сууж байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Амартүвшингийн: “...Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Нийтийн тээврийн хэв журам хамгаалах тасагт Эрүүгийн офицер ажил хийдэг. Тэгэхэд 15 цагийн орчим гудамжинд зодоон болоод байна гэсэн дуудлаганд очсон. Тэгэхэд гудамжинд 2 согтуу залуу толгойнууд нь цус болсон байдалтай Б.Ганцогт, Ц.З гэх 2 залуу байсан. Б.Ганцогт гэх залуугийн толгой нь хагарсан цус гарсан байсан тул 103 эмч залуу толгойг нь цэвэрлээд боолт хийгээд надад хүлээлгэн өгсөн. Харин Ц.З нь энэ залуу намайг зодсон гээд Б.Ганцогт руу зааж байхаар нь бид нар саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Ц.Зын ойр орчим маш их цусаар будагдсан байдалтай байсан. Намайг чулуугаар толгой руу цохиж гэмтээсэн гэж хэлж байсан. Тэгээд 103 эмч толгойдоо хүнд гэмтэлтэй гээд машинаараа аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11227 тоот дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж шүүгдэгч Ц.Зт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт шүүгдэгч Б.Цт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ц.Зт эмчилгээний зардалд 1 сая төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдав.

Хохирогч Ц.З нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчилүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Ц.З, Б.Ц нар харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Ц.Зт холбогдох хэргийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл.

Мөн шүүгдэгч Ц.Цт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Б.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялаас Ц.Зыг чөлөөлсүгэй,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Цт 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.З, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ц нь хохирогч Ц.Зт 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ц.З нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ц.Цт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР