Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 815

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2020         05         05                                   2020/ШЦТ/815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Л.Галав,   

Нарийн бичгийн дарга  Г.Хулан,

Шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Ш-д холбогдох эрүүгийн 2006 00000 0854 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хоёр ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Жавхлант гудамж, 09-08 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 34 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  регистрийн дугаартай, Б овогт М-н Ш.   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон зоорийн 34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Энхжингийн үснээс зулгааж, баруун шанаа руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 0854 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.Ш нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2015 оноос хойш Ш гэх залуутай 5 сар орчим хамтран амьдраад тухайн ондоо жирэмсэн болсон. Ш хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй ба надад “хүүхдээ авахуул” гэж хэлж байсан. Тухайн үедээ хүүхдээ авахуулахгүй гээд Ш-с салаад тусдаа амьдарсан. Намайг  5 сартай байхад Ш над дээр ирээд хүүхдээ авахуул гэж хэлээд зодож байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би Ш-с бүр мөсөн салаад Сүхбаатар аймаг руу явж амьдарсан. Түүнээс хойш Ш-той хааяа Фэйсбүүкээр харьцаж байгаад 2019 оны 11 дүгээр сард дахин уулзаж,  бид хоёр эвлэрсэн. Би охиноо аваад Ш-ын гэрт ирсэн ба Ш-ын ээж Туяа, дүү Цэцэгээ нартай хамт амьдарсан. Ш-ын дүү Цэцэгээ нь чиний хүүхэд манай ахын хүүхэд мөн, биш гэдгийг бид нар яаж мэдэх юм гэх мэтчилэн хэл амаар доромжилдог байсан. Би тухайн үед цайны газарт ажилладаг байхад Ш намайг хардаж, хэл амаар доромжилдог байсан. Би 4 настай охин Нарантуяаг Ш-ын гэрт үлдээж, өөрөө Улиастайд амьдарч байгаад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ш руу утсаар залгаж хүүхдээ авъя гэхэд Ш би хүүхдээ чамд өгч явуулахгүй, аль эсвэл чи өөрөө ирээд энд амьдарч гэж хэлэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 34 тоотод байрлах Ш-ын гэрт би 21 цаг 00 минутын орчим очиж хүүхдээ авч явахаар хувцаслаж байх үед Ш хүүхдээ өгч явуулахгүй гээд бид хоёр маргалдаж, миний гарнаас хүүхдийн хувцсыг булааж авсан ба нэг гараараа намайг үсдэж, нөгөө гараараа миний баруун хацран тус газарт нэг удаа цохисон. Миний толгойг доош дарж, миний цээжин тус газарт 1 удаа цохисон. Тухайн үед Ш-ыг миний цээж рүү гар, хөлийн алингаар цохисныг мэдэхгүй байна. Би гэрээс гарч зугтаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх 15-18/,

 

Гэрч М.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 04-34 тоотод оршин суух гэртээ амарч байтал гаднаас манай ахтай үерхдэг байсан охин болох Энхжин орж ирээд хүүхдээ авна гэхээр нь би болон манай ах Ш, ээж Туяа нар ийм орой болсон хойно хүүхэд өгч явуулахгүй, ийм орой болсон хойно болон өвчин гарсан байх үед хүүхэд өгч явуулахгүй гэхэд чамд хамаагүй гэж хэлээд хүүхдийнхээ хувцсыг аваад гарах гэхэд нь манай ах Ш түүний гарнаас татаад цааш түлхэхэд баруун гараараа нүүр лүү нь 1 удаа алгадсан чинь Энхжин цагдаа дуудна гэж хэлээд гарч яваад төд удалгүй 23 цаг 30 минутын орчим цагдаа нар дагуулаад буцаж ирсэн” гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны 3831 дугаартай:

Б.Энхжингийн биед баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,

 

Шүүгдэгч М.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой 22 цаг 30 минутын орчим миний хамтран амьдрагч эмэгтэй Энхжин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 34 тоотод байрлах манай гэрт хүүхдээ авна гэж ирсэн. Би шөнө болсон хойно хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ? Маргааш ирээд аваад яв гэтэл Энхжин надад хандаж чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд хүүхдээ хувцаслаад аваад явах гэхээр нь би хүүхдээ Энхжингээс булааж аваад цээжин тус газарт нь гараараа 1 удаа түлхэхэд Энхжин газар унасан ба босоод ирэхээр нь баруун талын хацарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд Энхжин цагдаа дуудлаа гээд гэрээс гарч гүйгээд хэсэг хугацааны дараа гаднаас 2 цагдаагийн хамт орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 44/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Мөнхдэлгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 50-51/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ш нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Ш-ын хамтран амьдрагч Б.Энхжингийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Энхжин нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч М.Ш нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-н Ш-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш хувийн баталгаа гарагах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ