Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/3258/И |
Дугаар | 001/ХТ2018/01034 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01034
Ч.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар магадлалтай,
Ч.Сгийн нэхэмжлэлтэй
ХСУХАТАҮЗЗд холбогдох
Зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С нь ХСУХАТАҮЗЗд нягтлан бодогч албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Ч.С нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын тайланг цаг хугацаанд нь гарган ажиллаж байгаа бөгөөд тус зөвлөлийн даргын сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ХСУХАТАҮЗЗийн даргын сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот Зохицуулах зөвлөлийн 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг ирүүлэхийг шаардсан албан бичгийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаараар картлагдаж, Зохицуулах зөвлөлийн даргад танилцагдаж холбогдох албан тушаалтанд цохогдсон. Тус Зохицуулах зөвлөлийн нягтлан Ч.С нь ээлжийн амралт биеэр эдлэх тооцооны хуудсын дагуу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдлэх байсантай холбогдуулан, мөн Улсын их баяр наадам олон хоног үргэлжлхийгтооцож дээрх бичгийн хяналтын картын удирдлагын заалт хэсэгт уг асуудлыг хариуцсан нэгж болох эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Е.Доржбат болон нягтлан бодогч Ч.С нарт 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон. Зохицуулах зөвлөлийн дарга нь Хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.2-т заасны дагуу нягтлан бодогч Ч.Сгийн ээлжийн амралт эдлэх хугацаа болон Улсын их баяр наадам болох хугацааг тооцон үзэж түүнд хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрхтэй. Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 1.9-д заасны дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл уг асуудлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй нягтлан бодогч Ч.С нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул Зохицуулах зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны Б/29 тоот тушаалаар Ч.Сд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 2.1.4, 2.1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 16.3-т заасныг болон Даргын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн даргын 2117 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд нягтлан бодогч ажилтай Ч.Сд сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар ХСУХАТАҮЗЗийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дугаар Нягтлан бодогч Ч.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.С улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Ч.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, Ч.Сд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргалаа. Юуны өмнө Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн шүүхийн шийдвэр гаргасныг дурьдах зүйтэй байна. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн хавтас хэрэгт авагдсан бүртгэл хяналтын карт нь байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан учраас маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг 2017 оны хагас жилийн санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлж хүргүүлсэн нь бүртгэл хяналтын карт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн бүртгэл хяналтын картыг үндэслэн шийдвэр гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Сд сануулах сахилгын шийтгэл ногдуулах болсон нилээдгүй олон үндэслэлийг тодорхойлж дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянаж хэргийг шийдвэрлэхгүйгээр анхан шатны шүүхэд буцаасан гэж үзэж байна. Мөн магадлалд “Талуудаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтын хуулбарыг гарган өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл эх хувийг шаардан авах эрхтэй талаар зохицуулсан байгааг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэсэн дүгнэлт хийжээ. ИХШХШТХ-ийн 44.2-д “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээс нотлох баримт шаардах эрхийг зохицуулсан заалт болохоос биш зохигчдын гарган өгсөн баримтыг зөвтгөх, хуулийн шаардлагад нийцүүлэх үүрэгтэй гэж заагаагүй байна. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмыг удирдлага болгох төдийгүй зохигч нар өөрсдийн нэхэмжлэл түүний үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлох үүрэг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгч талуудын мэтгэлцэх боломжоор хангаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудаа гарган өгөх боломжит хугацааг олгосон байна. Харин тэдгээрийн гарган өгч буй нотлох баримт бүрийг хуулийн шаардлагад заавал нийцүүлж нэхэмжлэл, татгалзлыг нотлоход нь туслах учиргүй юм. Харин зөвхөн шүүхээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нотлох баримтыг гаргуулах, мөн нотлох баримтын эхийг шаардах эрхтэй юм. Иймээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хуульд заасан эрхээ зайлшгүй хэрэгжүүлэх ёстой байсан мэтээр ИХШХШТХ-ийн зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан бусад баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуулийн болон бодит үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм. Хавтас хэргээс үзэхэд ХСУХАТАҮЗЗийн даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэлийг зөв хэрэглэсэн, сахилгын шийтгэл нь зөрчилтэй нь нийцсэн, бодит үндэслэлтэй гарсан гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч ХСУХАТАҮЗЗд холбогдуулан Зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дүгээр тушаалд заасан зөрчил буюу “Ч.С нь ...байгууллагын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж, 2017 оны 7 сарын 10-ны дотор Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэхийг даалгасан удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй” гэх зөрчлийн үндэслэл болсон “Бүртгэл хяналтын карт“ гэх бичгийн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, уг баримт нь удирдах албан тушаалтнаас ажилтанд хэзээ тухайн үүрэг, даалгавар өгснийг нотлоход ач холбогдолтой байх тул зөрчлийг арилгуулах талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг залруулах боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна. Ажил олгогчийн тушаалын үндэслэл бусад баримтаар хангалттай нотлогдоно гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА