Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 17

 

Ж.*******, Ж.*******, А.*******,

Ц.******* нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

          Ялтны өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарт холбогдох 201616000270 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                    Шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлт зээрийг 21-36 ӨМЗ, 25-39 ӨМЗ улсын дугааруудтай Даюун, Чансаа маркийн мотоциклиудаар хөөж дробинк маркийн галт зэвсгээр буудаж агнан, тээвэрлэн байгаль орчинд 5400000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарт Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

          Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “шүүгдэгч нарыг бүлэглэн, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх” үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******, А.*******, Ж.*******, Ц.******* нарыг бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, А.*******, Ж.*******, Н.******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.*******, Ц.******* нарын эзэмшлийн 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль, 25-39 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклиудыг, №00642872 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хурааж улсын орлогод оруулахыг, Ж.*******ийн эзэмшлийн дробинк маркийн бууг хурааж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах тасагт шилжүүлэхийг тус тус Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хар сүүлтийн толгойтой 3 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт төлсөн 10800000 төгрөгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Татварын хэлтсийн 5589165625 тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100110051407 тоот дансанд зөвтгөн шилжүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг барагдуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Ж.*******, А.******* нарыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар, шүүгдэгч Ц.*******, Ж.******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Улсын яллагч Б.Болор-Эрдэнээс давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч А.*******г 1 /нэг/ 5 /тав/ capын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

         Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “жил” гэх үгийг орхиж бичсэн. Шүүгдэгч *******г 1. 5 сар гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтэх хуулийг зөрчиж байна. Иймд уг шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “жил” гэсэн үг нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлт /зээр/-ийг 21-36 ӨМЗ, 25-39 ӨМЗ улсын дугаартай, Даюун, Чансаа маркийн мотоциклиудаар хөөж амьсгал бахардуулах аргаар болон дробинк маркийн галт зэвсэгээр агнан байгаль орчинд 5400000 төгрөгийн буюу үлэмж хэжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Пунсанцогвоо /хх-46/, гэрч Д.Оргилсүрэн /хх-47/, Д.Булганцэрэн /хх-48/, сэжигтэн, яллагдагч Ж.******* /хх-85-87, 98-99/, А.******* /хх83-84, 95-96/, Ц.******* /хх-89-90, 101-102/ нарын мэдүүлэгүүд, Өмнөговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн сорилтын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүн /хх-63/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авах тогтоол, эд мөрийн баримт, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарыг  бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлт /зээр/-ийг тээврийн хэрэгслээр хөөж амьсгал бахардуулах аргаар болон дробинк маркийн галт зэвсэгээр агнан байгаль орчинд үлэмж хэжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж тэдний гэм буруу, хувийн байдал үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн эд хөрөнгө хураах ял, 61 дүгээр зүйлийн тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоосон, тэнсэндсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл хүлээлгэх хариуцлагын талаарх заалтуудыг анхан шатны шүүх буруу хэрэглэснийг зөвтгөж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд улсын яллагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалт эргэлзээтэй бичигдсэнийг зөвтгүүлэх тухай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг” гэж өөрчилж, 8 дахь заалтын “шүүгдэгч А.*******г 1 /нэг/” гэсний дараа “жил” гэж, 9 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн” гэсний дараа “61.3” гэж, мөн заалтын “шүүх шийдвэрлэх” гэсний дараа “гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг” гэж тус тус нэмж, 9 дэх заалтын “болохыг” гэснийг хассугай.

 2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                            Х.ГЭРЭЛМАА