Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0133/з |
Дугаар | 221/МА2021/0427 |
Огноо | 2021-08-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0427
“Б М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй, “Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч К.Н, О.Э нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0303361 дүгээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Б М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Б М” ХХК-ийн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “...актыг гаргахдаа өөрт байх ёстой нотлох баримт буюу татварын системд бүртгэгдсэн төлбөрийн даалгаврыг тооцоогүй, мөн гаалийн байгууллагаас авсан мэдээ нь санаатай эсхүл санаандгүйгээр өндөр дүнтэй мэдээллийг орхигдуулсан буюу 92797977,92 төгрөгийн мэдээллийг 44383142,13 гэж тооцсон, тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.5-д заасныг зөрчсөн зэрэг нөхцөл байдлуудад шүүхээс хууль ёсны үнэлэлт дүгнэлт гаргалгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч К.Н, О.Э нар “Б М” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацааны татварын ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт хийж, 2018 онд 67635800,00 төгрөгийн борлуулалтын орлогоос 40803300,00 төгрөгийн өртгийг хасч тооцон үлдэх 26827500,00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж татвар ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 2682750,00 төгрөгийн нөхөн татвар, 804825,00 төгрөгийн торгууль, 536550,00 төгрөгийн алданги, нийт 4024125,00 төгрөгийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0303361 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан байна.
Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч анхан шатны шүүхэд дээрх актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...системд бүртгэгдсэн төлбөрийн баримтыг тооцоогүй, гаалийн байгууллагаас авсан мэдээ нь өндөр дүнтэй мэдээллийг орхигдуулсан, шийтгэлийн хуудасны огноог буруу бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг зөрчсөн илт хууль бус акт юм” гэж тайлбарлан маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан бөгөөд илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгоно.
Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргасан тохиолдолд уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 06/5663, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2019 оны 07/2312 дугаар албан бичгүүд, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24190800226 дугаар томилолтын дагуу дээрх шалгалтыг хариуцагч нар хийсэн байх бөгөөд шийтгэлийн дууссан дахь огноог “2018” гэсэн нь техникийн алдаа болохоос “хуульд нийцсэн байх боломжгүй” гэж дүгнэлт хийхүйц алдаа биш юм.
Мөн хариуцагч нар хуульд заасан хяналт шалгалт явуулах үндэслэлийн дагуу хяналт шалгалтыг явуулсан нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн гомдол гаргагч нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 229036,4 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 44190053,59 төгрөгийн тус тус гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх бөгөөд “Б М” ХХК-ийн гаргасан “...гаалийн байгууллагаас авсан мэдээ нь өндөр дүнтэй мэдээллийг орхигдуулсан” гэж үндэслэл нь захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргах үндэслэлд хамаарахаас маргаж буй актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахааргүй.
Энэ тохиолдолд хариуцагч нар гомдол гаргагчид шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг оногдуулсан буюу биелүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн заалтыг орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, “Б М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР