Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 412

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Н.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005002450407 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М-, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.М-нь хууль сахиулагчаар ажиллах хугацаандаа буюу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа “Иргэн Б.Э-нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 15 дугаар гудамжны нийтийн байрны 19 тоот гэрээсээ “I phone xr” маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх гомдолд Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээсэн хэрэг бүртгэлийн 190502067 дугаартай хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Б.Э-ээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин мэдүүлэг авахдаа түүний мэдүүлгийг зориуд хуурамчаар үйлдсэн, түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдсэн гэрч Э.Г-, Ц.Б-нараас авсан мэдүүлэг, Э.Г-оос гар утас хураан авсан тэмдэглэл, Ц.Б-т хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 25ж-1/3775 дугаартай албан бичгийн дагуу “Юнител” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 05-01/3918 дугаартай, “Мобиком корпораци” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18/4223 дугаартай, “Скайтел” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19/4015 дугаартай, “Жимобайл” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02/4226 дугаартай албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн лавлагаа зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М-шүүх хуралдаанд: “...Хууль сахиулагчаар ажиллаж байх хугацаандаа хэргийг шалгах явцдаа хулгайд алдсан утсыг олж эзэнд нь хүлээлгэж өгсөн. Ажил мэргэжлийн алдаа гаргасны улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 15-19 тоот нийтийн байрны 01 дугаарын өрөөнд унтаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө дүү Б.Д-гийн “I phone xr” маркийн гар утсыг хулгайд алдаад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан юм. Гэтэл мөрдөгч Д.Б-гэх хүн миний гаргасан гомдлыг шалгаад намайг утсаа аваагүй гэх шалтгаанаар өргөдлийг хаах саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байсан. Тэгээд би Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б- гэж хүнтэй уулзаад дахин шалгуулахаар болсон. Тэгээд миний гаргасан өргөдлийг мөрдөгч Мөнхболд гэж хүн шалгасан. 2 удаа мэдүүлэг өгсөн. Эхлээд намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Дараа нь би цагдаа дээр очиж дүүгийнхээ гар утас олдсон эсэхийг Н.М-мөрдөгчөөс асуусан. Мөрдөгч Мөнхболд надад нэг сонсогч бариад байх шиг байна, танай байраар сонсогч очиж байсан уу гэж надаас асуусан. Тэгэхэд нь би үгүй гэж хариулсан. Тэгээд дараа нь 2019 оны сүүлээр Н.М-мөрдөгч над руу утсаар утас чинь олдсон, ирж ав гэж ярьсан. Тэгээд би дүү Б.Д-, ээжийгээ 2 хүүхдийнхээ хамт дагуулаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Би дүү Б.Д-г дагуулаад мөрдөгч Мөнхболдын өрөөнд ороход энэ утас чинь мөн үү гээд гар утас үзүүлсэн. Тэгээд би утсыг нь мэдэхгүй учраас дүүгээ шалгаад үз гээд байж байсан чинь дүүгийн гар утасных нь шилэн наалт нь хагарсан байсан. Тэгтэл мөрдөгч Н.М-чи гараад байж бай гээд манай дүүг өрөөнөөсөө гаргасан. Тэгээд би Н.М-мөрдөгчид гар утас авсан хүнтэй уулзъя гэсэн. Тэгтэл урдаас чи тэр хүнтэй уулзаж яах гээд байгаа юм бэ, энэ утсыг чинь яг авсан хүн нь бол олдоогүй 3-4 удаа дамжаад зарагдсан. Тийм болохоор авсан хүнээс нь хурааж аваад чамд өгч байгаа болохоор тэр хүнд ч гэсэн хохиролтой байгаа гэж хэлсэн. Тэгээд мөрдөгч Н.М-дүү чинь хөдөө явах болоод мөнгөний хэрэг гараад утсаа чамд хэлэлгүй ломбарданд тавьсан утгатай мэдүүлэг бичье. Чи тэрийг нь мэдээгүй цагдаад өргөдөл гаргасан болчих. Тэгэхээр та хоёр ямарч асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр нь би дүүгийн нэр дэрэ янз бүрийн шийтгэл гээд гараад ирэхгүй биз дээ гээд Мөнхболд мөрдөгчөөс асуусан чинь тийм юм ерөөсөө байхгүй, та хоёрт ямар ч асуудал байхгүй. Энэ хэрэг нь эзэн холбогдогчгүй болчихоод байна гэсэн. Тэгээд өөрөө компьютер дээрээ мэдүүлэг бичээд хэвлээд гаргаад ирэхэд мөрдөгч Мөнхболдын дээр хэлсэн зүйлүүд нь бичээстэй байсан. Тэгээд би гарын үсэг зурсан юм. Тэгээд надаар өөрөө хэлж өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргах нь гээд хэргийг хааж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичүүлж авсан... Манай дүү бол Улаанбаатар хотод байнга оршин сууж ажилладаг, хөдөө гадаа явдаггүй хүн юм. ...манай дүү Б.Д- тэр гар утсыг худалдан авсанаасаа хойш өөрөө барьж байсан бөгөөд хулгайд алдах хүртлээ ямар нэг байдлаар барьцаанд тавьж байгаагүй... гар утсыг тухайн үед би дүүтэйгээ Мөнхболд мөрдөгчийн өрөөнд орж авсан. Ямар нэгэн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдээгүй, ямар нэгэн гомдол саналгүй, хэргийг хааж өгнө үү гэсэн бичиг хийлгэж авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ хулгайд алдсан. Энэ утсыг би “Сайн электроникс” ХХК-с 2.700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм... тэр өдрийн өглөө нь би байгууллагынхаа ур чадварын шалгалт өгөх ёстой байсан учраас өөрөө цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй, эгчээрээ өгүүлсэн юм... би энэ гар утас хулгайд алдсан хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байгаагүй, ямар нэгэн байдлаар барьцаанд тавьж байгаагүй. ...эгчийнхээ хамт мөрдөгч Н.М-ын өрөөнд орсон. Тэгтэл мөрдөгч Н.М-нь энэ утас мөн үү гээд миний хулгайд алдсан гар утсыг өгөөд үзүүлсэн. Тэр утас нь миний хулгайд алдсан гар утас мөн байсан. Тэгээд өргөдөл өгсөн хүнтэй нь уулзана чи гараад хүлээж бай гээд намайг өрөөнөөсөө гаргасан. Манай эгч намайг гарсанаас хойш 30-40 минут хиртэй нилээн удаж гарч ирээд хэргийг хаах мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан гээд миний хулгайд алдсан гар утсыг аваад гарч ирсэн. ...Эхлээд ямар утгатай мэдүүлэг өгсөнийг мэдээгүй сүүлд прокуророос намайг дуудаад манай эгч мөрдөгч Н.М-од хулгайд алдсан гар утсыг намайг ломбарданд барьцаанд тавьсан утгатай мэдүүлэг өгсөн талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 60/,

 Гэрч Ж.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хүү энэ гар утсыг Т- гэдэг эмэгтэйгээс худалдаж авсан байсан. Тэгээд ашиглаж байхад нь Баянгол дүүргийн цагдаагаас дуудаж уулзсан байсан. Тэгээд манай хүүгийн худалдаж авсан гар утас нь хулгайн гар утас болж таараад Баянгол дүүргийн цагдаагийн ажилтан хурааж авсан гэсэн. Тэр үед манай хүү тэр гар утсыг фэйсбүүкээр Т- гэдэг эмэгтэйгээс худалдаж авсан тухайгаа хэлээд тэр хүүхэнтэйгээ цагдааг нь холбож өгөөд нөгөө эмэгтэйгээс авсан гар утасныхаа оронд өөр гар утас авсан гэж байсан. Тэгээд манай хүүгээс Баянгол дүүргийн цагдаагийн ажилтан аваад гар утсыг хураан авах тэмдэглэл үйлдэж гар утсыг хурааж авсан гэж байсан. Тэр үед нөгөө эмэгтэй нялх хүүхэдтэй гээд цагдаа дээр очиж чадахгүй гэсэн гэж байсан. Тэгээд манай хүүг явуулаад дахиж дуудаагүй гэсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 71/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны хавар “Үнэгүй.мн” сайтаас харж байгаад нэг эрэгтэй залуугаас 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед Э.Г- гэж залуутай фэйсбүүк найз бөгөөд надаас зарах утас байна уу гээд мөнгийг нь 2 тасалж худалдаж авсан юм... Э.Г- надаас худалдаж аваад удаагүй над руу утсаар ярьж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс чамаас авсан гар утсыг хулгайн гар утас байна гээд хураагаад авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсыг чинь би хулгайн гар утас гэж мэдээгүй гээд Ганцогтод нөхрийнхөө барьж байсан гар утсыг оронд нь өгсөн юм. Тухайн үед би надад гар утас зарсан хүний утасны дугаарыг хадгалсан байсан юм. Тэгээд 2019 оны зун намайг Баянгол дүүргийн цагдаагаас дуудаад надаас мэдүүлэг авсан тэр үед би надад утас зарсан залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд би тэр мөрдөгчөөс миний хохирлыг яах юм бэ гэж асуусан. Тэгээд дахиад удаагүй хохирлын мөнгөө ирж ав гээд 1.400.000 орчим төгрөг өгсөн. Надаас нэг удаа мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авсанаас хойш нэг сар гарангийн дараа над руу утсаар яриад мөнгөө ирж ав гэж хэлсэн. Тийм болохоор нөгөө хүнийг олоод миний хохирлыг мөнгийг гаргаж өгсөн байх гэж бодож байна. ...тэмдэглэл үйлдээд надаар гарын үсэг зуруулаад мөнгийг надад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76-78/,

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сараас Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичиг хүргэгч цагдаагаар ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь гэхээр хэлтсийн алба хаагчдаас гадагшаа явуулж байгаа албан бичиг, тоотыг холбогдох газарт нь хүргэж өгөх, албан бичгийн хариуг буцаан авчирч өгөх чиг үүрэгтэй байдаг. ...Хэн гэж албан хаагч энэ бичгийг явуулсан байна, тэр алба хаагчид нь бичгийг нь өгсөн... миний авсан бичгийн хариуг би тухай бүр мөрдөгч нарт нь өгдөг. Мөрдөгч нар ирээгүй бичгийн хариуг хүртэл надаас нэхдэг. Би энэ бичгийг мөрдөгч Н.М-од өгсөн байх гэж бодож байна. Хэрэв албан бичгийн хариуг нь өгөөгүй бол надаас нэхээд байдаг юм. Энэ бичгийн хариуг нэхээгүй болохоор би мөрдөгч Н.М-надаас авсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Үүрэн холбооны оператор компаниудаас гарсан лавлагааны дугтуйн дээр нь мөрдөгч нарынх нь нэр бичээтэй байдаг юм. Тэгэхээр нь би дугтуйтай бичгийг аваад нэр бичсэн мөрдөгч нарт нь өгдөг. Эдгээр бичгийг би албан бичгийг явуулсан мөрдөгчид нь өгсөн. ...Миний хувьд энэ авсан бичгүүдийг мөрдөгч Н.М-од хүлээлгэн өгсөн. Хэрэв энэ бичгийг мөрдөгчид өгөөгүй бол мөрдөгч нь надаас нэхэж асуудаг. Мөрдөгч Н.М-ын хувьд энэ бичгийг надаас нэхээгүй болохоор би мөрдөгч Н.М-од албан бичгийн хариуг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 80/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 86996997 дугаарыг 2019 оны эхнээс 2019 оны 10-11 дүгээр сар хүртэл барьсан юм. Би “I phone xr” маркийн гар утсыг 2019 оны 4 дүгээр сарын сүүлээс 5 сарын эхэн хүртэл ашиглаж байсан. Би Хавдар судлалын Үндэсний төвийн автобусны буудал дээр ТҮЦ-нд гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, гар утасны засварын газар ажиллуулж байсан. Одоо бол ажиллахгүй байгаа юм. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед 30 орчим насны эрэгтэй хүнээс бараа татах гэж байсан 1.000.000 төгрөгөөр “I phone xr” маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд асуудал, эвдрэл гэмтлийг нь шалгаж үзэхээр өөрийн 86996997 дугаартай сим картыг уг гар утсанд хийж ашигласан. 3 хоногийн дараа бараа эргэлтийн мөнгөө гаргаж авах зорилгоор 11 дүгээр хорооллын орчимд нэг ломбарданд уг гар утсыг 1.3000.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Тэгээд ломбарднаас уг гар утсыг буцааж аваагүй юм... Тэр гар утсыг худалдаж авсанаас хойш 1 сар гарангийн дараа намайг Баянгол дүүргийн цагдаагийн газраас нэг дуудсан. Гэхдээ би очиж уулзаагүй. Тэр хүн над руу 2-3 удаа залгасан. Эхлээд залгахад нь би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд залгаад чи “I phone xr” маркийн гар утас зарж байсан. Таныг хулгайн хэрэгт сэжиглэж байна гэхээр нь би утсыг хүнээс 250.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн үед цэргийн юм шиг эрээн хувцастай байхаар нь хууль сахиулах сургуульд сурдаг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж цагдаагаас над руу огт яриагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64-65/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ гар утсыг хэрэгт хураагдсан эсэх талаар нь бол сайн мэдэхгүй. Гэрт авчирсан байхаар нь өөрийн сим картыг хийж сонирхож үзсэн. Энэ гар утсыг ашигласан зүйл байхгүй. Зөвхөн нэг удаа өөрийн сим картаа хийж асууж үзсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70/,

Яллагдагчаар Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Э-ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Тэгээд үүрэн телефон оператор компаниудад албан бичиг хүргүүлсэн. Тухайн гар утсаа хулгайд алдсан гэх нийтийн байрны хяналтын камерт үзлэг хийх гэсэн боловч камер нь ажиллагаагүй байсан. ...Үүрэн телефоны оператор компаниуд руу явуулсан албан бичгийн дагуу “Юнител” ХХК-с хариу ирсэн. Ирсэн хариуд хохирогч Б.Э-ийн алдсан гэх гар утсанд нилээн хэдэн хүн дугаараа ашигласан талаар лавлагаа ирүүлсэн. Тухайн лавлагааны дагуу хамгийн сүүлд сим картаа хийж ашигласан байсан. Э.Г-той холбогдож мэдүүлэг авч, гар утсыг хураан авах тэмдэглэл үйлдэж гар утсыг хураан авсан. Ганцогтоос мэдүүлэг авсан хугацааг нь санахгүй байна. Тухайн үед Ганцогт мэдүүлэхдээ БатТ- гэж хүнээс уг гар утсыг худалдаж авсан талаар мэдүүлдэг. Ганцогт нь БатТ- гэж хүний утасны дугаарыг надад өгөөд би БатТ- гэж хүний утсаар холбогдож удаа дараа дуудсан боловч ирээгүй. Ганцогт нь манай ажил дээр ирж мэдүүлэг өгчихөөд гарч яваад БатТ-аас надад хураалгасан гар утасныхаа оронд өөр гар утас авсан байсан. Тэгээд БатТ-ийг би дуудаж мэдүүлэг авсан. БатТ-аас мэдүүлэг авахад гар утсыг Үнэгүй.мн сайтын зарын дагуу ломбарднаас очиж авсан байдаг. Тэгээд тэр хүнийхээ утасны дугаарыг надад өгсөн. БатТ-ын өгсөн утасны дугаараар Батзаяа гэх хүнтэй холбогдож ажил дээрээ дуудаж уулзаж БатТ-ийн хохирлын мөнгийг гаргаж өгөх, анх худалдаж авсан хүнээ зааж өгөх талаар уулзсан. Гэхдээ Батзаяагаас мэдүүлэг аваагүй. 2019 оны 8 дугаар сард Батзаяагаас хохирлын мөнгө гэж гар утас зарсан мөнгийг БатТ-т өгсөн. Би хэрэгт холбогдуулан хохирогч Б.Э-ээс 2 удаа, Ганцогт, БатТ- нараас тус бүр нэг удаа мэдүүлэг авсан. Өөр хүнээс мэдүүлэг авсан зүйл байхгүй. ...Тухайн хэрэгт эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр ажилласан боловч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй. Хэргийн үзүүлэлтийг ахиулах, хохирогчийн алдсан эд зүйл олдож, хохирогчид хүлээлгэн өгч, гомдол, саналыг барагдуулсан учраас тухайн хэргийг хаахын тулд хэрэгт ач холбогдолгүй бусад гэрчийн мэдүүлэг, үүрэн телефоны компаниудаас ирүүлсэн албан тоотуудыг хэрэгт хавсаргаагүй, устгачихсан. ...Хохирогч Б.Э-ийн хулгайд алдсан гар утсыг олоод түүнд хүлээлгэж өгсөн. Хохирогч хохиролгүй болсон тул хэргийг шийдвэрлэхийн тулд түүний мэдүүлгийг өөрчилж бичээд гарын үсэг зуруулсан юм... Уг гар утас нь ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор би өөрийн эхнэр С.Г-ийн нэр дээр байдаг 99075711 дугаарын утасны сим картыг хийж үзэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 199-220/,

Хэрэг бүртгэлтийн 190502067 дугаартай хэрэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх 1-н 28-53/, хэрэг бүртгэлтийн 190502067 дугаартай хэрэгт үүрэн телефоны оператор компаниудад хүргүүлсэн албан бичгийн хариуг ямар албан тушаалтан авсан талаар гаргасан мөрдөгчийн хүснэгт /хх 1-н 82/, үүрэн холбооны компаниудаас ирүүлсэн албан тоотууд /хх 1-н 88-89, 91-92, 94-95/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 223-233, 238-244/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.М-нь хууль сахиулагчаар ажиллах хугацаандаа буюу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа “Иргэн Б.Э-нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 15 дугаар гудамжны нийтийн байрны 19 тоот гэрээсээ “I phone xr” маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх гомдолд Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээсэн хэрэг бүртгэлийн 190502067 дугаартай хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Б.Э-ээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин мэдүүлэг авахдаа түүний мэдүүлгийг зориуд хуурамчаар үйлдсэн, түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдсэн гэрч Э.Г-, Ц.Б-нараас авсан мэдүүлэг, Э.Г-оос гар утас хураан авсан тэмдэглэл, Ц.Б-т хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 25ж-1/3775 дугаартай албан бичгийн дагуу “Юнител” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 05-01/3918 дугаартай “Мобиком корпораци” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18/4223 дугаартай “Скайтел” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19/4015 дугаартай, “Жимобайл” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02/4226 дугаартай албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн лавлагаа зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Э-ийн: “...Эхлээд намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тэгээд дараа нь 2019 оны сүүлээр Н.М-мөрдөгч над руу утсаар утас чинь олдсон, ирж ав гэж ярьсан. Тэгээд би дүү Б.Д-, ээжийгээ 2 хүүхдийнхээ хамт дагуулаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Би дүү Б.Д-г дагуулаад мөрдөгч Мөнхболдын өрөөнд ороход энэ утас чинь мөн үү гээд гар утас үзүүлсэн. Тэгээд би утсыг нь мэдэхгүй учраас дүүгээ шалгаад үз гээд байж байсан чинь дүүгийн гар утасных нь шилэн наалт нь хагарсан байсан. Тэгтэл мөрдөгч Н.М-чи гараад байж бай гээд манай дүүг өрөөнөөсөө гаргасан.Тэгээд би Н.М-мөрдөгчид гар утас авсан хүнтэй уулзъя гэсэн. Тэгтэл урдаас чи тэр хүнтэй уулзаж яах гээд байгаа юм бэ, энэ утсыг чинь яг авсан хүн нь бол олдоогүй 3-4 удаа дамжаад зарагдсан. Тийм болохоор авсан хүнээс нь хурааж аваад чамд өгч байгаа болохоор тэр хүнд ч гэсэн хохиролтой байгаа гэж хэлсэн. Тэгээд мөрдөгч Н.М-дүү чинь хөдөө явах болоод мөнгөний хэрэг гараад утсаа чамд хэлэлгүй ломбарданд тавьсан утгатай мэдүүлэг бичье. Чи тэрийг нь мэдээгүй цагдаад өргөдөл гаргасан болчих. Тэгэхээр та хоёр ямарч асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр нь би дүүгийн нэр дэрэ янз бүрийн шийтгэл гээд гараад ирэхгүй биз дээ гээд Мөнхболд мөрдөгчөөс асуусан чинь тийм юм ерөөсөө байхгүй, та хоёрт ямар ч асуудал байхгүй. Энэ хэрэг нь эзэн холбогдогчгүй болчихоод байна гэсэн. Тэгээд өөрөө компьютер дээрээ мэдүүлэг бичээд хэвлээд гаргаад ирэхэд мөрдөгч Мөнхболдын дээр хэлсэн зүйлүүд нь бичээстэй байсан. Тэгээд би гарын үсэг зурсан юм. Тэгээд надаар өөрөө хэлж өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргах нь гээд хэргийг хааж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичүүлж авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/, гэрч Б.Д-гийн: “......эгчийнхээ хамт мөрдөгч Н.М-ын өрөөнд орсон. Тэгтэл мөрдөгч Н.М-нь энэ утас мөн үү гээд миний хулгайд алдсан гар утсыг өгөөд үзүүлсэн. Тэр утас нь миний хулгайд алдсан гар утас мөн байсан. Тэгээд өрөгдөл өгсөн хүнтэй нь уулзана чи гараад хүлээж бай гээд намайг өрөөнөөсөө гаргасан. ...Эхлээд ямар утгатай мэдүүлэг өгсөнийг мэдээгүй сүүлд прокуророос намайг дуудаад манай эгч мөрдөгч Н.М-од хулгайд алдсан гар утсыг намайг ломбарданд барьцаанд тавьсан утгатай мэдүүлэг өгсөн талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 60/, гэрч Ж.Ц-гийн мэдүүлэг /хх 1-н 71/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх 1-н 76-78/, гэрч Д.Т-ийн мэдүүлэг /хх 1-н 79/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх 1-н 80/, гэрч Э.Б-гийн мэдүүлэг /хх 1-н 64-65/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /хх 1-н 70/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-нь хэрэг бүртгэлтийн 190502067 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үүрэн телефоны байгууллагуудаас ирсэн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг устгасан, хуурамчаар үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Уг гэмт буруутай үйлдлийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ыг “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР