| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/0335/и |
| Дугаар | 138/ШШ2016/00737 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, Нөхөх олговор, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2016/00737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б “ танхимд явуулж
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******н /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
"Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.678.147 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн сан нэхэмжлэлдээ:
Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.******* миний бие ам бүл 4, нөхөр 2 охины хамт амьдардаг. Том охин ШУТИС-д оюутан, бага охин ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч, нөхөр групптэй. ******* сумын Засаг дарга 2014 оны 11 сарын 14-ний өдөр Б/20 дугаар бүхий хууль бусаар захирамж гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган, 2015 оны 3 сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оний 11 сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож намайг ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 3 сарын 14-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин болох 2862066 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгох тухай 04 тоот шийдвэр гарсан билээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр дээрх шүүхүүдээс гарсан билээ. Уг шийдвэрийг дагуу миний бие Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тоот захирамжаар ажилдаа эргэн орсон. Иймээс 2015 оны 3 сарын 14-ний өдрөөс хойшхи 2015 оны 10 сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 6678147 төгрөгнөөс гарт олгох цэвэр цалин 5458306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж дээрх дүнгийн зөрүү болох 1219841 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нийт шимтгэлийг нөхөн тооцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******г Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх үед тус сумын Засаг дарга түүнийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь бүх шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймээс 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 сарын 12-ны өдрийг хүртлэх хугацааны цалин түүнтэй адилтгах орлогыг ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих газарт шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******г ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдол гарган асуудлыг шийдвэрлүүлсэн. Шүүхийн эцсийн шийдвэр 2015 оны 10 сарын 12-ны өдөр гарсан учир тэр өдөр Б.*******г ажилд нь томилсон байгаа. Ийм учраас Б.*******н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс Б.*******н ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ер нь энэ мөнгийг ч манайх төлөх ёсгүй гэж үзэж байна . Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь 2015 оны 03 сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 сарын 12-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.678.147 төгрөгийг гаргуулах тухай гомдлыг гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.678.147 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллагаас хуульд заасан эрхийнхээ дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. 2015 оны 10 сарын 12-ны өдөр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хугацаа алдсан нь манай байгууллагын буруутай ажиллагаа байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацааны цалинг нөхөн төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гарган хариуцагч тал маргадаг.
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 04 тоот шийдвэрээр Б.*******г Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 11 сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин, хөлс орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх орлогыг гаргуулахаар нэхэмжилсэн нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар энэ хуулийн 36.1. 2-т заасны /36.1.2. ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон/ дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохоор хуульд заасан байх тул хариуцагч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Б.*******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Харин нэхэмжлэгч Б.******* нь захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шийдвэр 2015 оны 03 сарын 17-ны өдөр гарах өдрийг хүртлэх цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн атал нэхэмжлэлд 2015 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн цалин түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилснийг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү хоногийн цалинг хасч тооцох нь зүйтэй байна.
Иймд Б.*******н ажилгүй байсан бүх хугацаа болох 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс /захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 04 тоот шийдвэр/ ******* сумын засаг Б.*******г ажилд эргүүлэн тогтоосон захирамж гарч ажилд орсон буюу 2015 оны 10 сарын 12-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дундаж цалин хөлс түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг олгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар /46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй/ нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.*******н 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 сарын 02-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6.548.060 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцуулж, үлдсэнийг Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130087 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 6.548.060 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд үүрэг болгосугай.
3. 2. Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжны тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 19500 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураажинд 119.719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ